Ямар ч гэрээ Монголчуудад үр өгөөжтэй байх ёстой
УИХ-ын гишүүн Д.Батцогттой Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаар ярилцлаа.
-УИХ-ын нэр бүхий гишүүд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилье гээд байгаа. Нэгэнт байгуулчихсан гэрээг яагаад өөрчлөх гээд байгаа юм бэ?
-УИХ-ын гишүүдийн дийлэнх нь уг гэрээг луйврын, хууль бус, Монголын талд ашиггүй болсон гэж үзээд байгаа юм.
Бидний хувьд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах ёстой л гэж яриад байгаа шүү дээ. Түүнээс биш хүчингүй болгоно гэж ерөөсөө яриагүй. Оюу толгой Монголыг тэжээх том орд. Тиймээс бид гэрээг ард түмэндээ ашигтайгаар өөрчлөх ёстой.
-Тэгэхээр энэ гэрээний хэрэгжих тогтолцоог нь буруу гэж хэлэх гээд байна уу?
-Гадны компаниуд хөрөнгө зараад ордын хайгуул нөөцийг нь тогтоож байна. Тэд нөөцийг нэмэгдүүлж байгаагаараа барьцаалж, ихэнх хувийг нь өөрсдөдөө авч байна. “Өрмийг нь аваад хусмыг өгдөг” гэдэг шиг юм болчихлоо. Энэ явдлыг зогсоож, монголчууд бид баялагтаа эзэн сууж, ихэнх хувийг нь манайх авдаг болъё гэдэг зарчим л барьж байгаа.
Тиймээс Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулж, алдааг нь засаж, анхны хөрөнгө оруулалтыг нь нөхсөний дараа монголчуудын эзэмших хувь хэмжээг шууд 51 хувь байхаар өөрчлөх УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангуулья гэж зүтгээд байгаа юм.
-Та бүхэнтэй хамт Оюу толгойн гэрээг өөрчилье гээд санал гаргаж байсан гишүүд чуулганы хуралдаанаар эсрэг санал өгч байсан. Үүний шалтгааныг юу гэж үзэж байна даа?
-Засгийн газрын танхимын зарчмаар л асуудалд хандсан байх гэж бодож байна. Зарчмын зөрүүтэй санал гаргасан гишүүд “Зөвхөн Оюу толгой гэж нэр заах биш асуудалд өргөн хүрээтэй хандах нь зүйтэй гэж бодсон үүднээс зассан” гэж хэлж байсан. Түүнээс биш тэдгээр гишүүдийг Оюу толгойн талаар ярьж байснаасаа ухраагүй гэж найдаж байна.
-Гишүүд хэд хэдээрээ ингээд дэмжих саналаа татаад байвал та бүхний энэ шийдвэр үгүй болох юм биш үү?
-Чуулганаар 53 гишүүн санал хураалтад оролцоод, 26 нь бидний талд саналаа өгсөн. Энэ чамлахаар үзүүлэлт биш. УИХ бүрэн бүрэлдэхүүнээрээ, ирц сайн байгаад санал хураалт явуулсан бол ямар ч дүн гарах байсан юм билээ, бүү мэд. Бидний эсрэг саналтай байсан гишүүд дотор ч Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах ёстой гэсэн гишүүн олон байгаа гэдэгт найдаж байна. Тийм учраас гэрээг сайжруулж чадна гэдэгтээ итгэж байгаа.
-УИХ-ын 57 дугаар тогтоол хэрэгжсэнээр гэрээнд бодит өөрчлөлт гарах уу?
-УИХ-ын 57 дугаар тогтоолын гол агуулга нь анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын эдлэх хувь, хэмжээ шууд 51 хувьд хүрнэ гэсэн л тогтоол бий. УИХ тогтоолыг батлаад Засгийн газарт яг үүний дагуу гэрээ хий гээд үүрэг өгчихсөн. Гэтэл Засгийн газар УИХ-ын тогтоолыг зөрчөөд гэрээ хийчихсэн.
Бид үүнийг хууль бус гэж үздэг. Урьд нь гудамжинд тэмцэж байхдаа ч энэ асуудлыг ярьдаг байсан. Одоо бол УИХ-ын дийлэнх гишүүд үүнийг дэмжиж байгаа. Мөн УИХ-ын сонгуулиар УИХ-ын гишүүдийн ихэнх нь Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг засах ёстой гэдэг байр суурийг ярьж байж ард түмнээс мандат авсан. Тийм болохоор үүнийг засах ёстой. Хамгийн гол нь монголчууд бидэнд үр өгөөжөө өгсөн гэрээ байгаасай л гэж хүсч байна.
-Уул уурхайн сайд Д.Ганхуяг УИХ-ын гишүүн байхдаа Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх нь зүйтэй гэдэгт байр сууриа илэрхийлж байсан. Гэтэл одоо салбарынхаа сайд нь болчихоор уг гэрээг өөрчилж чадах болов уу?
-Д.Ганхуяг сайд нэг сонинд өгсөн ярилцлагадаа “Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилж чадахгүй бол огцроход бэлэн” гэж хэлсэн байна лээ. Тэгэхээр энэ итгэл үнэмшил дээрээ хатуу байгаа гэж бодож байна. Гэхдээ Уул уурхайн сайд ганцаархнаа яриад асуудал шийдэгдэхгүй болохоор УИХ-ын гишүүд бид хажуугаас нь дэмжлэг, шахалт үзүүлж байж асуудлыг шийдэх ёстой гэж бодож байгаа.
-Энэ асуудал УИХ-ын чуулганаар дэмжигдсэнгүй. Тэгэхээр цаашдаа ямар арга хэмжээ авах вэ?
-Хамгийн эхний ажил нь УИХ-аас ажлын хэсэг байгуулах ёстой. Ажлын хэсгээр Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилт хэр байна. Анхны хөрөнгө оруулалтын гэрээний хэмжээ өсч байгаа гэдэг нь бодитой эсэхийг шалгах хэрэгтэй.
Мөн гэрээний талаар хөндлөнгийн эрдэмтэн, докторуудыг оролцуулсан дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж бодож байна. Үнэхээр бидний яриад байгаа энэ зүйл үнэн эсэхийг ингэж шалгуулах хэрэгтэй. Түүний дараа ийм асуудлаар гэрээнд өөрчлөлт оруулна гэдэг шаардлагыг тавьж ажиллана гэсэн бодолтой байна.
-Та бүхний зүгээс хөрөнгө оруулагчидтай ямар нэгэн хэлбэрээр харьцаж байгаа юу?
-Бид хөрөнгө оруулагчидтай харьцахгүй. Хөрөнгө оруулагчидтай харьцдаг субьект нь Засгийн газар. УИХ-аас Засгийн газрыг томилдог. Тэгэхээр томилсон Засгийн газартаа бид шаардлага тавьж ажиллана.
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт уул уурхайн гэрээг өөрчлөх ч юм уу, Монголын талд ашигтайгаар шийдвэрлэх заалтууд тусгагдсан уу?
-Энэ чиглэлээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийгдэж, нөөц нь тогтоогдсон ордуудыг Монголын тал нь 51 хувь эзэмшинэ гэсэн заалт тусгагдсан. Энэ нь “Шударга ёс” эвсэл, АН-ын мөрийн хөтөлбөрт аль алинд нь тусгагдсан байсан учир Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулсан.
Энэ хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийгдэж, нөөц нь тогтоогдсон Хөшөөтийн уурхай зэрэг бусад ордын эзэмших хувь хэмжээг Монголын талд давуу байх нөхцөл бололцоог бүрдүүлнэ гэж бодож байна.
-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Оюу толгойн гэрээг шинэчилнэ гэснийг өөрчилнө гэж засаж оруулж байсан санагдана. Ер нь Оюу толгойн гэрээний талаар ямар зүйл заалт тусгагдсан бэ?
-Оюу толгойн гэрээг сайжруулж, гэрээ хэлэлцээр хийж Монголын талын хувь хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн утгатай заалт тусгагдсан байсан. Гэтэл Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг батлахдаа Оюу толгой гэдэг үгийг нь хасчихсанд УИХ-ын гишүүд бухимдаад байгаа.
-Орон нутгийн сонгуулийн тухай хууль батлагдчихлаа. “Шударга ёс” эвслийн бүлэг сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах нь буруу гэж үзэж байсан ч та бүхний энэ шийдвэр биеллээ олсонгүй. Орон нутгийн сонгуулийн хуулийн тогтолцооны талаар байр сууриа илэрхийлээч?
-Сумын түвшинд улстөржсөн хууль болчихсон гэдэгтэй санал нэг байгаа. Бид УИХ-ын сонгуулийг нэгэнт холимог тогтолцоогоор явуулчихсан болохоор аймаг, дүүргийн хэмжээнд холимог тогтолцоогоор явуулж болно гэдэгт байр сууриа илэрхийлж байсан.
Жижигхэн суманд хэтэрхий улстөрждөг асуудал байна. Манай “Шударга ёс” эвслийн хувьд сумын Засаг даргыг улстөрийн намаас биш, ард иргэдээс нь шууд сонгодог тогтолцоо руу шилжье гэдэг асуудлыг яриад зүтгүүлээд барсангүй. Үүнийг цаашдаа хуульд тусгуулахын төлөө ажиллана. Одоо нэгэнт хууль батлагдчихсан болохоор энэ хуулиараа сонгуульд оролцохоос өөр аргагүй.
-Ер нь энэ улстөрийн хүч түрсэн байдлыг яаж зогсоох ёстой юм бол. Ард түмэн АН-ынхан зарим нэг асуудлыг хэтэрхий өөрсдийн талдаа шийдвэрлэж байна гэж яриад байгаа. Таны хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Парламент бүх талаараа амьд байх ёстой. Тухайлбал, МАН-ын бүлгийг байгуулах ёстой гэсэн бодолтой байдаг. Үүнийг би хувьдаа дэмжиж ажиллана. Миний хувьд МАН-д хайртайдаа биш. МАН ямар ч байсан ард түмний 1/3 хувийн саналыг авчихсан.
Ард түмэн МАН-ыг бүлэгтэй байх ёстой гээд томилоод явуулсан. МАН-ынхан алдаа гаргасан нь үнэн. Гэхдээ хуульд өөрчлөлт оруулж, алдааг нь засаад бүлгийг байгуулах ёстой. МАН бүлэгтэй болчихоор УИХ-ын үйл ажиллагаанд дуу хоолойгоо хүргэж, хууль батлахад намынхаа бодлого шийдвэрийг тусгаж ажиллах бололцоог нь хангах ёстой. Ингэсэн үед парламентын үйл ажиллагаа бүрэн хэмжээгээрээ амьд болж, ард түмэнд зориулагдсан шийдвэр гарна.
ЭХ сурвалж : “Өглөөний сонин”
URL:













