МАН-ын ялагдлын шалтгаан
Монгол төрийг бараг 90 жил шахуу барьсан бүдүүн намын бүлэггүй шаргал өдрүүд үргэлжилж байна. Бүлэггүй байна гэдэг ард түмнээс өгсөн 25 суудлынхаа эрхийг эдэлж чадахгүй байна гэсэн үг. Улсыг хуучин МАХН-ын улс төрийн товчоо шиг “базаж” байсан У.Хүрэлсүх байж ядахдаа Г.Баярсайханыг парламентын хуралдаанаас дуудаж гаргаж ирэн ганц цохилтоор нам унагав. Гэвч тус болсонгүй. Буланд шахагдсан МАН-ыг У.Хүрэлсүхээс өөр өмөөрч өмөлзөх хүн алга. Уг нь үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг л бужигналдаж баймаар юм. Эсвэл өөр өөр үүртэй болцгоогоо юу. Ядаж байхад энэ намын ялалтын бялуунаас хангалттай хүртэж ирсэн Монгол банкны Ерөнхийлөгч асан Д.Пүрэвдорж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга асан Г.Зинээмядарь зэрэг томчуудын хүүхдүүд Н.Энхбаярын нам руу зуу зуугаар нь залуусыг уруу татан нүүр буруулав. П.Хангал, З.Батбаяр нар намаа ялагдахаар нөгөө тал руу хөлбөрчихдөг муухай л хүүхдүүд юм. Засгийн эрх нөгөө талд гарснаар МАН бүх шатанд эрх мэдлээ аажим аажмаар алдаж эхэллээ. Ард түмний сонголтын үр дүнд бий болсон шинэ парламентын анхны хуралдааныг үл тоомсорлон нөгөө л хуучин арга барилаараа намынхаа бага хурлыг илүүд үзсэний горыг тэд амсаж эхлэв. Гэвч тэд ялагдлын “шок”-ноосоо одоо болтол гарч чадахгүй хулганаас айсан заан шиг л байна. Хурдан сэхээ авч, сөрөг ажиллагаанд орохгүй бол галзуу хулгана зүрхийг нь мэрэхэд ч бэлэн байна. Ингэхэд МАН-ын ялагдал юунд байваа. Өөрсдөө болохоор нэр сольсонд гэж бодоод байх шиг байна. Энэ бол хоёрдугаар асуудал. Хамгийн гол нь МАН амьдралаас тасарсанд оршино. Эгэл жирийн гишүүд нь хөл нүцгэн шахуу гүйж байхад дарга нар нь яам агентлагаас өгсөн унааг голж хямсагнаж байв. Нам гэдэг эв нэгдэл, итгэл үнэмшил гэдгийг мэдэхгүй, мөнгө л байвал бүх юмыг хийж болно гэсэн ойлголттой амьдрал мэдэхгүй хэдэн ологархи пацаануудыг намын толгойд хэтэрхий өндөр авахуулсан. Тэд улсын ажлыг яаж өөд нь татах уу гэж оюун бодлоо уралдуулахын оронд унах унаа, уух архиараа өрсөлдөж байв. Тэд өөрсдийн эрх ашиг, байр суурийн төлөө намын лидерүүдээ ч сөргүүлдэхээс сийхгүй болтлоо томорч, намын жирийн гишүүд, УИХ-ын гишүүдийг ч хүртэл үл тоомсорлож, хуучин МАХН-ын төв хорооны гишүүд болчихсон аятай аашилж байлаа. Борог амьдралаас босч ирсэн МАН-ын дарга лидерүүд олгархи пацаануудынхаа өнгө мөнгөнд автан эхнээсээ сохорч, амьдралаас тасарч эхлэв. Таньдаг хүнээ танихаа байв. Мэндлэх байтугай тоож харахаа болив. Жирийн хүмүүстэй уулзах нь байтугай утсаа ч авахаа болив. Эндээс л МАН-ынхны уналт эхэлсэн юм шүү дээ. Төрийн бүх шатанд нам нь эрх мэдлийг атгасан болохоор намын сэтэртэй бүх шатны дарга нар, олгархи пацаанууд үнэнхүү том байв. Гэхдээ тэд эрх мэдэлд эрдсэн шигээ том байж чадаагүй. Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн нарыг намаасаа явуулахгүй байж болох байсан. Бүхнийг Чойбалсангийн үеийнх шиг нударгаар шийдэж болохгүй гэдгийг У.Хүрэлсүхэд ойлгуулж болох байсан. Гэвч тэд үүнийг хийгээгүй. Бас хүсээгүй. Сонгуулийн өмнөхөн Ардчилсан нам засгаас гарахад жинхэнэ ардын засаг байгуулагдлаа хэмээн хөөрцөглөж байв. Гэвч талх, мах, нүүрс түлээнийхээ үнэнд нухлагдсан ард түмнээс энэ засаг дэндүү хол байв. МАН-ын ялагдлын шалтгаан нь нэр солигдсондоо бус амьдралаас хэтэрхий хол хөндий тасархай байсанд оршино. Тэрнээс биш С.Батболдод, У.Хүрэлсүхэд учир нь байгаа юм биш. 90 жил хараалгасан хувьсгалт гэдэг үгийг намын нэрнээсээ зоригтой авч чулуудсан. Үнс нурам дороос Тусгаар тогтнолын ордонг босгосон. МАН-ынхан өнөөдрийн ялагдалдаа гомдож, бусдад буруугаа чихэх бус өөрсдийнхөө үйл хөдлөл гаргаж буй авирт дүгнэлт хийх хэрэгтэй. Өнгөрсөн үеэ бүү март, хүнийг хүн гэж хайрла. Өөрөөр хэлбэл МАН хөрсөн дээрээ буух цаг болжээ. Тэрнээс бус энэ том нам түүхээс арчигдана гэж юу байх вэ дээ.
У.Аянга

URL:




