Хятад үсчдэд холбогдох хэрэг юу болов?

Цагдаагийн байгууллагаас “Шайнинг” салонд 99.2-оор эрүү үүсгэлээ гэсэн хариуг сонсоод баярласандаа уйлсан.

Одоогоос жилийн өмнө Баянгол дүүргийн нэгдүгээр хороо буюу “Богд-Ар” хороололд байрлах “Шайнинг” нэртэй хятад үсчний газраар үйлчлүүлсэн эмэгтэй үснээсээ хагацсаны дээр толгойн хуйх хонины хуйхалсан гүзээ шиг болсон байсан гэсэн мэдээлэл цацагдаж байгаа. Харин уг хэрэг нэг жилийн давтамжтайгаар дахин гараад байгаа.

 

Эхний хохирогч хятад үсчидтэй тохиролцон мөнгө аваад салсан бол удаах хохирогч үснээсээ хагацаад зогсохгүй бухимдлаа илэрхийлснийхээ төлөө хятад үсчдэд зодуулан хэвлийдээ эсэн мэнд бойжиж байсан нэг сартай үрээсээ хагацсан юм. Хятад үсчин бүсгүйн үсийг “Wella” хэмээх Герман будгаар будсан бөгөөд уг будгийг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулахгүй хэмээн Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас дүгнэсэн байна.

 
Хохирогч эмэгтэй үүнтэй санал нийлэхгүй байгаагаа мэдэгдээд байна. Учир нь “Шайнинг” салоны үсчид түүний үсийг будахдаа ямар ч Герман будаг хэрэглээгүй бөгөөд цэнхэр ууттай хятад бичиг бүхий зүйл хэрэглэсэн гэж мэдэгдэж байгаа. Үс будахдаа ашигласан бодисыг Баянгол дүүргийн мөрдөн байцаагч буюу уг хэргийг мөрдөж байгаа Н.Энх-Амгалан мэргэжлийн хяналтынханд шалгуулна хэмээн авч явсан аж.

 

Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Ганхүү шинжилгээний хариуг хохирогч эмэгтэйд ирүүлсний дараа хохирогч ямар учиртайг лавласнаар мөрдөн байцаагч сольж өгсөн нь болох тогтоогджээ. Хэрэг гараад cap гаруйн хугацаа өнгөрсөн ч хэргийн шийдвэрлэлт сунжирч, хятад үсчид ч юу ч болоогүй мэт үйл ажиллагаагаа явуулсаар байна.

 

Хохирогч А өчигдөр манай редакц руу баярын нулимстай залгасан юм. Учир нь зургаан жилийн турш хүсэн хүлээж байсан хүүхэд нь хятад үсчдэд зодуулсны улмаас хэвлийдээ нас барсан байхад эрүү үүсгэлгүй өдийг хүрсэн. Хэргийн үнэн зөвийг тогтоолгохоор удаан хөөцөлдсөний эцэст хятад үсчдэд Эрүүгийн хуулийн 99.2-оор эрүү үүсгэхээр болсон байна.

 
Хэрэг гараад бүтэн сарын хугацаа өнгөрсөн ч хэргийг мөрдөж байсан мөрдөн байцаагч нөгөө талд илт үйлчлээд байсан учраас хохирогч мөрдөн байцаагч болон прокуророо солиулахаар хүсэлт гаргаж үүний дагуу хэргийг нааштайгаар шийдвэрлүүлэх
боломж бүрдэж эхэлсэн байна. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

 

-Үс будуулснаас үүдэлтэй харшлын хордлого бүрэн арилсан уу? Яг одоогоор бие тань ямар байна?

-Яаж өөдтэй байх вэ дээ. Үр зулбалт, химийн бодисын хордлого гээд үхэх сэхэхийн аль нь ч тодорхойгүй эмнэлэгт 14 хоног хэвтсэн. Одоо тэр үеэ бодоход биеийн байдал дээрдсэн ч нүд өөхөлж, байнга нүднээс нулимс гоождог болчихоод байна. Дээрээс нь нүд улаан өнгөтэй болчихлоо. Эмнэлэгт биеэ тэнхрүүлэх гэж хагас cap хэвтсэнээс биш ямар нэгэн шинжилгээ энэ тэрд хамрагдаагүй. Нүднээс өөр ямар ямар муу нөлөө үзүүлж байгааг би одоо ч мэдэхгүй л байна. Эмнэлгийн орноос салсан цагаас хойш шүүх цагдаагийн байгууллагаар явлаа.

-Хэргийн шийдвэрлэлт ямархуу үргэлжилж байна. Хэргийг мөрдөж байгаа мөрдөн байцаагч Н.Энх-Амгалан илтэд нөгөө талд үйлчилж байна гэж та хэлж байсан?

-Уг нь монгол хүн монгол хүнийхээ төлөө ажилладаг баймаар. Гэтэл мөрдөн байцаагч Н.Энх-Амгалан  намайг эмнэлэгт хэвтсэнээс хойш надтай нэг ч удаа холбоо бариагүйн дээр эмнэлэгт хэвтэж байхдаа хэргийн шийдвэрлэлтийн талаар лавлахад хүний урманд ганц үг хэлэлгүй утсаа салгачихдаг байсан. Хятад үсчдийг ийнхүү өмгөөлнө гэж би бодсонгүй.

Эмнэлгээс гараад ирсний дараа хятад эмэгтэйг биш намайг хэрэгтэн болгохоор шийдчихээд “Чи яах гэж хятад үсчинд гар хүрсэн юм” гэж асуух жишээтэй. Үнэн хэрэгтээ эмнэлэгт очин хүүхдээ зулбуулах хэмжээнд зодуулж, химийн хортой бодисоор толгойгоо “бордуулж” өнөөдөр ийм байдалд хүрчихээд байгаа намайг цагдаа хэрэгтэн болгох гээд баримт бүрдүүлээд сууж байгаад маш их гомдсон.

Тиймээс би Цагдаагийн Ерөнхий газрын дарга Б.Билэгтэд өргөдөл гаргаж, хэргийг мөрдөж байгаа байцаагч болон прокуророо солиулахыг хүссэн юм. Цагдаагийн  байгууллагаас шалгаж үзээд прокурор, мөрдөн байцаагч нар илт нөгөө талд үйлчилж байна гэдгийг тогтоогоод өнөөдөр Н.Даваажав гэж прокурор хэрэг дээр ажиллахаар болсон. Харин мөрдөн байцаагчийг маргааш албан ёсоор солино гэсэн.

 
-Үс будуулах үед хэрэглэсэн бодисыг Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын газарт шинжилж хариу нь гарсан гэсэн. Харин шинжилгээнд өгсөн бодис үс будахдаа хэрэглэсэн бодис биш байсан гэв үү?

-Баянгол дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас 14 хоногт шинжилгээний хариу гарах ёстой байсан ч хугацаандаа гарахгүй удаад байсан. Үүний цаана бас ямар нэгэн учир байна уу гэж бодож байтал үүний цаана Мэргэжлийн хяналтынхан биш хэргийг мөрдөж байгаа Н.Энх-Амгалан байцаагч байсныг мэдсэнгүй. Баянгол дүүргийн мэргэжлийн хяналтын газраас надад хэлэхдээ үс будахдаа  хэрэглэсэн зүйл нь Wella нэртэй герман будаг байна гэж хэлсэн. Харин миний үсийг будаж байхад ямар ч герман будаг хэрэглээгүй. Цэнхэр ууттай харваас хятад будаг байсан. Үүнийг Баянгол дүүргийн мөрдөн байцаагч Н.Энх-Амгалан мэргэжлийн   хяналтынханд өгөх ёстой байсан ч оронд нь герман будаг өгсөн байгаа юм. Цагдаа нөгөө талд илт үйлчилсний тод жишээ энэ мөн.

 
-Баянгол дүүргийн мөрдөн байцаагч Н.Энх-Амгалан өөрөө үүнийг хэрхэн тайпбарласан бэ? Та уулзсан биз дээ?

-Би түүн дээр очоод чи хэний талд ажиллаад байгаа юм бэ? Би ойлгохгүй байна. Үс будуулсан бодисыг яах гэж сольсон юм бэ? гээд баахан асуусан. Гэвч тэр ямар ч тайлбар хийгээгүй.

-Энэ хэрэг хүн амины хэрэгтэй холбоотой асуудал. Мөн та нэг cap эмнэлэгт хэвтсэн. Энэ хугацаанд эмнэлгийн зардлыг өөрөө бүрэн гаргасан уу? Хэдэн төгрөг гаргасан бэ?

-Зарим нь хятад үсчдээс их мөнгө авах гэж намайг баахан баашилж байна гэж хэлээд байгаа юм. Миний хувьд хятад үсчдээс ямар ч мөнгө аваагүй. Би тийм санхүүгийн хувьд асуудалтай хүн биш. Эмнэлгийн зардлаа 100 хувь өөрөөсөө гаргасан. Энэ хугацаанд эмнэлэгт эмчлүүлсэн зардлаа тооцох юм бол 1,5 сая төгрөг хүрсэн.

 
-Хятад үсчид 700 мянган төгрөг аваад замаас зайлаад өг гэж хэлсэн гэж байсан. Мөнгө чухал биш ч гэлээ эмнэлэгт хэвтсэн нөхөн төлбөрийн хаана нь ч хүрэхгүй юм байна. Цаашид эмнэлгийн зардлаа тэднээс гаргуулна биз дээ?

-Энд мөнгө ямар ч хамаагүй. Мөнгө чухал биш. Чи ойлго. Өнөөдөр би цагдаагийн газрын үүдэнд өдөржингөө сууж хэргээ шийдвэрлүүлэхийн төлөө явсны эцэст энэ хэрэгт 99.2-оор эрүү үүсгэхээр боллоо гэдэг хариуг сонсоод баярласандаа гэх үү нулимсаа барьж дийлэхгүй баахан уйлж суулаа.

-Таны үс хэвийн ургах болов уу? Энэ талаар эмч нар юу гэж байх юм?

-Чи миний ямар байдалтай эмнэлэгт ирснийг мэдэж байгаа. Толгойгоороо идээтэй юм гарч ар хэсгээр үс огт ургахгүй болсон шинжтэй байсан. Одоо нэг сарын хугацаа өнгөрч байхад үр дүн гарахгүй л байна. Уг нь энэ хугацаанд үс багагүй ургах ёстой. Гэтэл чиний харж байгаагаар хуйхнаасаа илүү гарахаар үс байхгүй л байгаа биз дээ. Ер нь тэгээд цаашид хэрийн хэмжээнд ургах нь эргэлзээтэй байна.

-Хятад үсчний газрын үйл ажиллагаа хэвийн үргэлжилсээр байгаа. Үүнийг цагдаагийн байгууллага анхааралдаа авна гэнэ үү?

-Өчигдөр “Шайнинг” үсчний газрыг хаалаа гэж мэдэгдсэн. Хэрэг гарснаас хойш сарын дараа шүү дээ. Гэвч тус үсчний газар маникюр болон үсчин гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үсчний үйл ажиллагааг хаалаа гэсэн боловч маникюр нь ажпллаж байгаа. Бодит байдал дээр маникюр хийлгэсэн хүн үргэлжлээд үсээ засуулж байна гэж хүн надад хэлсэн. Уг үсчний газрыг бүрэн хаахаас нааш над шиг хохирох хүн тасрахгүй байх гэж бодож байна. Надаас өмнө надтай ижил нэгэн эмэгтэй хордсон байдаг. Тиймээс яалт ч үгүй тус үсчний газрын хэрэглэж байгаа зүйлд ямар нэгэн асуудал байгаа байх.

-Уг хэрэг цагдаа, прокурорынхны үйл ажиллагаа гадныханд хэрхэн үйлчилдгийг тод харууллаа гэж бодож байна?

-Үнэндээ хохирсон олон иргэн шүүх цагдаагийн үйл ажиллагааг шударга бус байна хэмээн шүүмжилдэг. Үүнийг өөрөө мэдрээгүй байсан болохоор эргэлздэг байлаа. Өөрөө ийм замыг туулна гэж зүүдэлж ч байсангүй. Бүлэглэн хүн зодсон, үүнээс үүдэн хүний амь хохирсон, ажлын хариуцлага алдсан гээд яривал хоёроос дээш зүйл ангиар шийтгэгдэх ёстой.

Гэтэл эцэст нь би өөрөө хохирогч болох дээрээ тулав. Эмнэлгийн орон дээр өвчиндөө шаналан бас хүүхдийнхээ араас харуусан суухад надад ямар байсныг төсөөлөхөд ч бэрх. Харин прокурор, цагдаа ийн хандана гэж арай ч бодож байсангүй. Өнөөдөр би эмнэлгийн орноос босоод цагдаагийн байгууллагын үүдийг сахин хэргээ үнэнээр шийдвэрлүүлэхийн төлөө ингэтлээ гүйгээгүй бол миний хүүхдийн амь юман чинээ тоогдохгүйн зэрэгцээ дахиад өөр нэг нь хохирох байсныг үгүйсгэхгүй гэснээр бидний яриа өндөрлөсөн.
Баянгол дүүргийн мөрдөн байцаагч Н.Энх-Амгалан болоод хэрэг дээр ажилласан прокурор ийнхүү нэг хохирогчийн хэргийг хууль бусаар шийдвэрлэх гэж байсныг хохирогч эмэгтэй хөлөө хүрэх газраа хүртэл хөөцөлдсөний эцэст түүний хэргийг Эрүүгийн хуулийн 99.2-оор эрүү үүсгэхээр болжээ. Манай улсад гадны улсын иргэд ял завшиж, харин монгол иргэн хохирч үлддэг тогтолцоо бий болоод байгаа.

Энэ нь эрүүгийн цагдаа цаашлаад прокурорынхны увайгүй үйлдэл нөлөөлсөн байдаг. Албан тушаалаа урвуулан ашигласан цагдаагийн ажилтанд ямар нэгэн хариуцлага тооцох эсэх нь эргэлзээтэй байна.
С.Мөнх-Од
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих