Буруу бүхэн барилгынх биш

Хүн төрөлхтөн түүхийн ямар ч үед барилга барьсаар ирсэн. Барилгын салбар зах зээлийн шуургыг тэсч үлдсэн. Өнөөдөр Монголд бүтээн байгуулж буй ганц сал­бар нь барилга гэхэд буруу­дахгүй. Дээрээс нь мян­га, мянган хүнийг хийх ажил, идэх хоолтой болгож буй учраас энэ салбарыг өмөөрмөөр байна. Учир нь засаг, төр солигдсон даруйд барилга бол ард түмнийг хохироогч, хүний амь хөнөөгч, бараг л ард түмний дайсан мэт үзэх боллоо.

Барилга хүний амь авлаа л гэх. Цементэн бетон, төмөр ар­матураар “хэлхэгдэн” босч буй энэ биет хүн ална гэхээр логикийн хувьд тун ч ал­даатай дүгнэлт болж таар­на. Яг үнэндээ мон­гол­чуу­дын хайнга, бол­гоомж­гүй, нэг үгээр хэлэхэд амин­­­даа хайргүй зан үхэл, эн­дэг­д­лийн шалтгаан болдог. Хам­­­­гаа­лалтын малгай, бээлий өм­сүү­лэх шаардлага тавихаар “Ча­­дахгүй, су­раа­гүй юм” гэж хэлдэг жишээ цөөн­­­­гүй. Аливаа зүйлийг ном дүр­мээр нь хийхийн оронд хял­бар­чилдаг нь ч бид­ний муу зан.

Барилга дээр гарч буй ослоор олон хүн үхэж байна гэж ярьж байгаа боловч үнэн хэрэгтээ авто зам, уул уурхайн салбарт хэчнээн монгол хүн амиа алдаж байгаа билээ. Тодруулбал, авто ослоор жилд 350-400 хүн амь насаа алддаг гэсэн судалгаа байдаг.

Мөн архинаас болж өдөрт дөр­вөн хүн нас бардаг гэх тоо гарсан байх юм. Тэглээ гээд архины үйлдвэрүүдийг хаана, барина гэснийг сонс­­сонгүй. Өдгөө архины үйлд­­вэр шиг сонгодог утгаар хөгжиж, улам бүр төгөлдөржиж байгаа үйлдвэр алга. Эзэд нь гэж Монголын толгой луухгарууд. Улстөрд ч орсон байх шиг.

Уул уурхай ч ялгаагүй. Хам­гийн энгийн жишээ хэлэхэд өнгөрсөн жил гэхэд Налайхын нүүрсний уурхайн цоо­ногт 14 хүн амиа алдсан байдаг. Үйлдвэрлэлийн чанар­тай нийт ослын 60 хувь нь уул уурхайд гарч, амиа алдагсдын 51.7 хувь нь энэ салбарт ажиллаж байсан аж. Харин ард түмэн, төр засаг “Уул уурхай минь, Мөнгө минь” гэснээс эндхийн хөдөл­мөр хамгааллыг дээш­лүүлэх тал дээр ямар арга хэмжээ авсан бол.

Эдгээрийг нуршсанаараа үхлийг дугаарлах гэсэнгүй. Үүнийг арай өнцгөөс, зөвөөр хараасай гэсэндээ бичиж байгаа юм. Тэгээд ч барилгын салбарт амь насаа алдлаа гэсэн мэдээлэл өмнө нь барагтай бол гарч байгаагүй санагдах юм. Гэтэл одоо “Муу л юм бол­вол зүүн хойд талын хар овоо­хой” гэдэг шиг буруу бүхнийг барилгын салбарт нялзаадаг болох нь. Тэгээд бас “хальтрахад нь түлхдэг” зангаар хэдэн барилгаа зогсоочихоод Улаанбаатарыг утаанаас салгаж, иргэдээ тав тухтай амьдруулна гэж ярих нь нэг л авцалдахгүй юм.
Эх сурвалж: “Өглөөний Мэдээ”


URL:

Сэтгэгдэл бичих