М.Энхсайхан “томрохоор” юу болдог билээ

МТЗ-ын захирлын суудалд заларсан нь түр зуурынх уу
“М.Энхсайхан МТЗ-ыг удир­дахаар болжээ” гэсэн мэдээл­лийг дуулаад олон хүний до­тор “За юу л хийж алдаг бол доо” гэсэн бодол харван орж ир­сэн болов уу. Миний хувьд ч ялгаагүй, тэгсэн. Монголын улс төрд гавьяа ч байгуулсан, гай ч их тарьсан гэгддэг энэ хү­ний урьд өмнөх замнал олон нийтийг ийм айдастай бол­го­чихсон юм. Энэ Засгийн газ­рыг “Шинэчлэлийн” хэмээн то­дотгож байгаа. Энэ утгаар нь авч үзвэл М.Энхсайхан шиг хүн яг тохирно. МТЗ ч гэлтгүй өөр га­зар очсон ч бужигнуулаад хаяхаа чадна. Үүнийг түүх гэр­чилнэ. Н.Алтанхуяг түүнийг ал­бан тушаалд тавихгүй байсаар Зас­гийн газрын томилгоог өн­гөрүүлсэн ч чухамдаа “Үймүү­лэх газрынх нь хамрах хү­рээ, үр дагавар нь жижиг байг” гэ­сэн хэрэг. М.Энхсайхан бол ши­нэч­лэгч. Цөөн хүн л үүнтэй са­нал нийлэхгүй байх. Зоримог шийд­вэр гаргадгаараа алдартай улс­төрч. Тэр нь цагаа олсон нь ч бий, хүмүүс хожим ойлгох нь ч бас бий.
Монголд ардчилсан хувьсгал ялахад оруулсан М.Энхсайханы хувь нэмрийг хэн ч үгүйсгэхгүй ээ. Түүхийн номноос гадна онигоонд ч орчихсон явдаг “Чин­гис хаан тархай бутархай олон овог аймгийг нэгтгэн нийлүүлж, гадны улс орнууд руу аян дайн хийсиймаа” гэж нэг өгүүлбэр байдаг шүү дээ. Мань хүн тархай бутархай ардчилсан намуудыг яг өөрөө нэгт­гэн нийлүүлээгүй ч хүч хавсран оролцож, улмаар 1996 оны сонгуульд ялалт бай­гуулахад үнэтэй хувь нэмэр оруул­сан. Монголд барууны үзэл баримтлалтай нам сон­гуульд ялсан  анхны то­хиолдол энэ байв. Улс төрийн үзэл баримтлалын талаархи ир­гэдийн мэдлэг хомс байсан цаг. Хүмүүс хуучнаас залхаж, шинэ бү­хэн рүү тэмүүлж байх энэ зурвас үед хүмүүсийн мэдэхгүй юмыг ярьсаар байгаад ялалт бай­гуулсан гэвэл арай л хэт­рүүлсэн болохгүй болов уу.
Гэхдээ яриан дундаа гадаад үг ихээр оруулж ярьдаг, үе, үе “Та нар ойлгохгүй л дээ”, “Энэ та­лаар яривал урт түүх болно” гэж амаараа юм уу, харцаараа хэл­дэг хэв загвар улстөрчид дунд дэл­гэрсэн л юм даг. М.Энхсайхан бол ол­ны өмнө анх гарч ирэхдээ яг тийм байсан. Мэддэг, мэддэггүй нь мэдэгдэхгүй ийм хэв загвартай улстөрчдийн орон зай одоо бол харьцангуй багассан л даа. Нэг үе жирийн залуус хүртэл тэгж хэл хольж ярихыг эрхэмлэдэг бол­чих­сон байсан гэхээр М.Энх­сай­хан аргагүй л лидер байсан гэ­дэг нь ойлгогдоно.
Тэрбээр сонгуульд Ардчилсан хол­­боо эвслийн ерөнхий менеже­рээр ажилласан учир ялалтын үр ши­мийг хүртэж, Парламентад 51 суудалтай, эрх баригч намын ли­дер, Монгол Улсын 18 дахь Ерөн­хий сайд болсон. Энэ үедээ тэр­бээр магтуулж, хож­мын хүмүүст зүхүүлэх эх­ний ажлаа хийсэн юм. Тэр нь им­портын бүтээгдэхүүнээс авдаг гаа­лийн татварыг “0”-лэсэн явдал байв. Монгол орон элгээрээ мөл­хө­хөд ойрхон байсан энэ үед М.Энх­сайхан дээрх шийдвэрийг гар­гасан юм. Үр дүнд нь Хятадаас хямд­хан хүнсний бүтээгдэхүүн орж ирж /татваргүй учир/ өлс­гөлөнд нэрвэгдэх аюул холд­сон. Олон жилийн дараа эргээд харахад Монголд дөнгөж үүсээд, хөлөө олж ядаж байсан жи­жиг, дунд үйлдвэрлэл мөн мө­хөж, сөнөсөн байна. Хэрвээ жаа­хан “бүсээ чангалсан” бол өдийд бүх салбартаа Хятадыг ца­рай­чилж суугаа ч уу, үгүй ч үү. М.Энхсайханы ядуусыг баяр­луулж, хувийн үйлдвэрлэл хор­шоо эрхлэгчдийг уйлуулан, нэ­гэн зэрэг шоконд оруулсан түүх нэг иймэр­хүү. Гаргасан шийд­вэ­рээ­рээ бусдыг шоконд оруу­лах авьяас­тай түүн шиг улстөрч хо­вор.
Тэрбээр Ерөнхий сайдын аж­лыг хоёрхон жил хийсэн ч энэ ху­га­цаанд жинхэнэ “шинэчлэл” гэж нэрлэхүйц олон ажлыг хийсэн бай­даг юм. Муу муухайгаа “өнцөг” гэдэг үгээр халхалдаг асан түү­ний үед алдахаасаа оносон нь их гэж дүгнэх нь бий. Мартсанаас түү­ний улс төрд оруулж ирсэн нэг шинэ үг хэллэг нь “өнцөг” хэмээх үг. “Тэр өнцгөөс тэгж харагдана, энэ өнцгөөс нь харвал ингэж л харагдана” гээд л. 10 хувийн зөв, 90 хувийн алдаа байсан ч ашиг олж байгаа өнцгөөс нь харвал зөв гэх маягаар ярьж, эцэст нь дарга нар зөв өнцгөөс, ард түмэн буруу өнцгөөс хардаг юм шиг болгож будлиан хутгасан. Ерөөс асуудлыг аль өнцгөөс нь харахаас л бүх зүйл шалтгаална гэх маягийн юм ярьдаг байсан. Одоо ингээд хэ­лэхээр ганцхан тэр ч биш, бүгд л тэгж ярьдаг байсан гэх биз дээ.
Ерөнхий сайдын суудлаас буус­наасаа хойш тэрбээр намын­хан­тай­гаа таарамж муутай болсон нь үг, үйлдэл болгоноос нь харагддаг. Ард­чилсан намыг эгээтэй л буцаа­гаад тархай бутархай олон нам бол­гочихоогүй. Энэ бол түүний барь­сан ээлжит гэнэтийн бэлэг байв.
Бодит түүхийг мушгин гуй­вуул­сан нэг кинонд Д.Бодоо сайд “Ардын намын тамгыг хэн сийлсэн бэ. Би…” гэдэг шиг “Ар­чилсан намыг хэн ялуулсан юм бэ…” гэдэг бодол түүнд байдаг бо­лол­той. Тийм ч учраас МҮАН-ыг Ардчилсан намаас тасалж авч га­рахад нь хэн ч гайхаагүй. Харин Н.Энх­баяртай нэгдэхэд нь л ёстой гайх­сан. М.Энх­­сайхан том­ро­хоор “гэ­нэ­тийн юм бол­дог” гэд­гийг ч эр­гэж са­­на­сан байх. Сая дуу­гүй байж, баахан гайхши­рал төрүүлж байгаад Мон­­голын төмөр зам ТӨК-ийн захирлын суу­­­далд заларлаа. “Мар­­гаашийн өөх­нөөс өнөөдрийн уушги” гэж үг бий. “Гаалийн тат­­­варыг тэг­лэх” шийд­вэр гаргахдаа яг энэ байд­лаар ханд­­чихсан тэрбээр МТЗ-ыг бос­гох стратегийн ач хол­бог­дол­той ажилд дахиад энэ сэт­­гэл­гээгээр хандчих вий гэсэн бол­гоомжлол байгааг үгүйсгэх ар­гагүй. Гэхдээ ингэж санаа зовох хэ­рэггүй, мань хүн тэнд “түр” сууж байгаа ч байж магадгүй юм. М.Энхсайхан ТӨК-ийн захирлын суудалд сэтгэл ханах хүн мөн үү.
“Юм бүхэн эхлэх цагтаа эхлээд дуусах цагтаа дуусч, өндөрт га­рах цагтаа гарч, зайгаа тавьж өгөх цагтаа явах учиртай гэж би боддог. Хүний түүхийн олон гам­шиг цагийн энэ дүрмийг зөрч­сөнөөс үүддэг” гэсэн түүний үг бий. Н.Энхбаяртай хамтарсан нь тэрбээр өндөрт гарах цаг нь бол­сон гэж үзсэнийх гэдэг нь ойл­гомжтой. Гэтэл сонгуулийн да­раа, Ардчилсан нам муухайгаар хэ­лэхэд “бялуу хуваарилж байхад” дуу­гүй суугаад байсан нь олныг бас л гайхашируулсан. Дараа нь “Н.Энх­баярыг хэлмэгдсэн гэж бо­дох­гүй байна” гэж бас дахин гайхш­ируулсан. Энэ нь “Шударга ёс” эвсэл задарна гэж хэлсэнтэй ял­гаагүй учраас тэгж гайхсан хэ­рэг. АН-д ч маш хүчтэй нө­лөөлсөн нь ойлгомжтой юм. М.Энх­сай­ханыг аргадахгүй бол засгийн эрх барих боломжоо алдана, МАН-тай эргээд нэгдэхээс өөр ар­га­гүй болно. Нөгөө талаар МҮАН-тай хамтарч бас болно. Ин­гэ­хийн тулд гишүүдийнхээ тоог 35 болгох шаардлагатай. Бас М.Энх­сайхантай сайн харьцаатай байж, талдаа татах ёстой. Одоо өр­нөж байгаа үйл явцаас харахад бүх зүйл АН-МҮАН-ын засаг бай­гуулагдах чигт явж байна. Тэгвэл М.Энх­сайхан дор хаяж Шадар сай­дын албан тушаалд очно. “Шу­дарга ёс эвсэл” задарвал Засгийн газар унах нь мэдээж. Сайд нар ч огцорно. Удахгүй унах засагт ороод юүхэв гэж мань хүн бодсон байж ч болно. Харин дараа нь АН МҮАН-тай нэгдэж, төр барина. Тэр үед л М.Энхсайханы ямар ал­бан тушаалд очих нь тодрох бо­лол­той. Төр ч бужигнаж ма­гад­гүй нь дээ. М.Энхсайхан томро­хоор юу болдог билээ…

Х.БАТСАЙХАН
Эх сурвалж: www.mminfo.mn


URL:

Сэтгэгдэл бичих