ЗООСНЫ ХОЁР ТАЛ
Цалингаа аваад амьдрах “сайхан”
Миний амьдрал одоо л яг ид өрнөж байна. Хүссэн мэргэжлээ эзэмшээд түүгээрээ ажиллаж дадлагашиж байна. Би мөнгөтэй хүн биш ээ. Зүгээр л бусдын адил цалингаараа амьдардаг нэгэн. Надад бусдад илүүчлэх мөнгө, бусдад гайхуулах хөрөнгө байхгүй. Гэвч би бусдаас гуйхгүй, бас бусдад илүүчлэхгүйгээр өөрийнхөө хүссэнээр л амьдардаг. Ажил мэргэжилгүй, гэртээ хэвтэх олон хүний дэргэд өглөө ажил руугаа, орой гэр рүүгээ яаран явдагтаа би жаргалтай. Хийх ажил, зорьсон зорилго, бас мөрөөдөл хүсэлтэйдээ би баян хүн. Өөрийнхөө ажлыг хийгээд амжилтаа алхам алхмаар ахиулаад явахад аяндаа санхүүгийн маань байдал дээшилнэ гэж боддог. Хажуугаар нь мэдээж бодож төлөвлөсөн зүйлс олон бий. Одоохондоо тогтсон ажилтай, цалингаа сар сард нь авдаг, ганц бие болохоор амьдралд минь хүрэлцээд, болоод л байдаг юм. Харин хэтийн төлөвтөө хувийн бизнестэй болно гэсэн бодолтой байгаа. Гэхдээ хувийн бизнес эрхлэхэд санхүүгийн хөрөнгө оруулалт их шаардах тул энэ ч холын хэрэг болж таарч байгаа юм. Ер нь тэгээд тогтсон, боломжийн цалинтай ажилд орсон байхад аз туршсан хувийн бизнес эрхлэхээс хожиж байж ч болох юм. Учир нь бизнес гэдэг эрсдэлтэй зүйл. Ашгаа бодоод ажиллаад байтал нэг л өдөр тэнгэр нөмрөөд ирэх шиг эрсдэл, дампууралд орохыг үгүйсгэхгүй. Харин түүний оронд өглөө нь ажилдаа эртлэн яваад орой нь тараад тогтсон цалингаа аваад явах нь зол мэт.
Гэхдээ бас ийм нэг арга бий. Захирал тушаагч би гүйтэтгэгч биш. Харин би санаачлагч. Би зөвхөн урдахаа хийх үүрэгтэй ажилтан байгаад байлгүй удирдлага шигээ сэтгэж, бизнес санаачилж болно. Хувийн бизнес хийлээ гэж ад шоо үзэгдэж ажлаасаа халагдах биш, харин ч хувийнхаа бизнесийг захирлаараа дэмжүүлж болно. Би сэтгэл хангалуун бүтээмжтэй бол удирдлага ч сэтгэл хангалуун байна. Миний амжилт бол компанийн амжилт. Ийм болчихвол дээд өнгөөр надтай харьцаж ширээний ард цагдахгүй. Харин ч би хүссэн газраасаа ажиллаж болно. Захирал ба ажилтан тэгш эрхтэй санаачлагч,, манлайлагч байснаар компани хөгждөг гэдгийг удирдлага маань мэддэг. Би түүнд захирагдаж, түүний доор ажиллаж байгаа биш. Харин бид хамтраад илүү том амжилтыг бүтээхээр зорьж байна гэсэн үг. Мөн надад хэн нэгний дор ажиллаж байна гэсэн мэдрэмж төрөхгүй. Хэн нэгэнтэй мөр зэрэгцэн ур чадвараа нэгтгэж ажиллаж байна гэсэн мэдрэмж төрнө. Компанийн ашиг бол бидний амьдрал гэсэн бодолтой өөдрөг, зүтгэлтэй ажиллах болно. Миний бодож эргэцүүлж, өөдрөг ажиллах дотоод хүч минь эдгээр зүйлс. Цалингаа ч авна, ажлаа ч хийнэ, ашгаа ч олно.

Бизнесээ өргөжүүлнэ ээ
Би сургуулиа төгсөөд овоо хэдэн жилийн нүүр үзэж байна. Эхэндээ анхлан төгсөгчдийн л адил ажил хайж энд тэндэхийн байгууллагын үүд хаалгыг татаж явсан. Гэхдээ ажил олдлоо гэхэд цалин нь дэндүү муу байлаа. Тиймээс ч би эцэг эхээсээ багахан хэмжээний мөнгө зээлж аваад “эргэлдүүлж” эхэлсэн. Ер нь бизнес эрхлэх их ашигтай юм. Хүний гар харж, цалин хүлээж сууна гэхгүй өнөөдөр хийсэн юмнаасаа маргааш хөөрхөн орлого олоод амьдарчихаж байгаа юм. Миний хийдэг бизнес хүнсний зүйл болохоор олон хоног мөнгө түгжинэ гэж байхгүй. жижиг дунд бизнесийн зээл, тусламж гээд хөөцөлдвөл тус дэм болох газар олон байдаг болохоор бизнесээ өргөжүүлэх боломж нь өндөр. Тэгээд ч өдөр бүр, сар бүр өөрийн гэсэн орлоготой. Бас хэдэн хүнийг ажлын байраар хангачихаж байгаа юм. Би анх гурван ажилчинтай байсан. Одоо бол 14 хүн ажиллаж байна. Ашиг орлого маань ч чамлахааргүй байгаа нь залуу бизнес хийдэг хүний хувьд том урамшил юм даа.
Нөгөө талаасаа бизнес хийж, улсдаа татвар төлж, хүмүүст цалин өгч ажиллуулна гэдэг эх орондоо том хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг. Миний хийж байгаа бизнес одоо нэг жижиг цех гэж явдаг хэдий ч хэдэн жилийн дараа том хүнсний үйлдвэр болгож хөгжүүлнэ гэж бодож явдаг. Ингээд бодохоор л дотроо мөрөөдөлтэй, зорилготой явдаг. Бизнес хийнэ гэдэг өөрөө маш том хариуцлага байдаг болохоор илүү их биеэ дааж, хичээл зүтгэл гарган ажилладаг. Хэдийгээр эзэмшсэн мэргэжлээсээ огт өөр салбарт ажиллаж байгаа хэдий ч надад энэ нь таалагддаг. Залуу хүн учраас энэ чиглэлээрээ үргэлжлүүлэн суралцахад хэзээ ч оройтохгүй гэж бодож байна.
Нэг удаа энэ ажлаа орхиод мэргэжлээрээ ажиллах оролдлого хийсэн боловч тэр явдал надад энэ амьдрал маань илүү үр өгөөжтэй болохыг ойлгуулсан. Тэгээд ч мал дагавал ам тосдоно гэдэг шиг гараа хөдөлгөөд ажил хийж байхад олох орлого багагүй юм билээ. Бизнесээ өргөжүүлээд том том байгууллагууд, группүүдтэй мөр зэрэгцэхүйц болгохын тулд толгойгоо сайн ажиллуулах хэрэгтэй учраас би сүүлийн үед томоохон бизнесмэнүүдийн гаргасан номнуудыг их уншдаг болсон. Тэдний ололт болон алдаа надад сургамж болох байх аа. Сургамжаас илүү итгэл найдвар, хүсэл тэмүүлэл болж намайг их хурцалж өгнө гэж итгэж байгаа. Зорилготой, зоригтой амьдрахыг хичээж яваа ийм л нэг энгийн залуу хүн дээ би.
uptown
URL:













