Уран нугараач Э.Лхагва-Очир: Хүн өөрийгөө ганц зүйлээр хязгаарлавал хөгжихгүй

Э.Лхагва-Очирыг “VIP” ярилцлагадаа урьж, ярилцлаа.
-Эрэгтэй, эмэгтэй уран нугараачид юугаараа ялгаатай байдаг вэ?
-Эрэгтэй хүн уран нугарна гэхээр хүмүүс сониноор хүлээж авдаг. Ялгааны хувьд гэвэл эмэгтэй нугараач уян налархай ч хүч султай байдаг. Харин эрэгтэй нугараач хүчний техниктэй тоглолтыг биеийн хөдөлгөөн, харц зэргээр илүүтэй тод илэрхийлдэг. Мөн бие махбодийн хувьд хатуу, чанга, шөрмөслөг, булчинтай байдаг. Гэхдээ нугарахын тулд маш их хөдөлмөр зарцуулдаг. Мөн формоо барихын тулд байнгын бэлтгэл сургуулилт, сунгалтын дасгал хийх шаардлагатай болдог.

-Уран нугаралтын сайхан нь бас хэцүү нь юу байдаг вэ. Мэргэжлийн сонголтдоо харамсаж, шантрах үе байсан уу?
-Уран нугаралтын сайхан гэдгийг би гоо зүйтэй холбож ойлгодог. Тайзан дээр гарахад үзэгчид бусад урлагаас илүүтэй гайхаж хүлээж авдаг нь гайхалтай. Уран нугаралт гэдэг маань уран хирнээ урлагтайгаар гоо сайхныг харуулдгаараа онцлог. Харин хэцүү нь гэвэл олон жилийн турш уйгагүй хөдөлмөрлөж байж сая нэг үр шимээ үздэг дээ. Хэдий мэргэжилдээ дуртай ч бэртэж гэмтэх, багшдаа загнуулах зэрэгт шантарч уйлах үе цөөнгүй бий. Энэ үед ээж маань өөрийнхөө хийсэн хөдөлмөрийн үр ашгийг үзэх хэрэгтэй хэмээн урам зориг өгдөг байлаа.

-Багадаа ямар мэргэжилтэй хүн болохыг хүсдэг байв? Ер нь уран нугараач болоход ямар хүчин зүйлс нөлөөлсөн бэ?
-Багадаа жүжигчин болно гэж боддог байсан. Хөдөлгөөнтэй хүүхэд байсан нь циркийн урлагт хөл тавих үндэс болсон гэж боддог. Телевизээр циркийн тоглолт үзчихээд хананд хөлөө түшүүлж, нуруугаа хотойлгон дууриаж хийдэг хүүхэд байлаа шүү дээ. Анх 1997 оноос эхэлж нугарах болсон. Гэхдээ шууд нугарч эхлээгүй. Акробатын мэргэжлээр циркт жил гаруй суралцаад байтал багш маань “Чиний бие их уян хатан юм. Нугарах биетэй юм байна” гэж хэлсэн. Акробат хийдэг хүний нуруу, хөл гар чанга байх ёстой л доо. Харин миний бие бусдаас илүү уян хатан байсан. Тэгээд л багш маань тухайн үеийн Үндэсний циркт байсан Ардын жүжигчин, Төрийн соёрхолт Т.Цэнд-Аюуш багш дээр авчирч өгч байсан түүхтэй. Эндээс л миний нугаралтын гараа эхэлсэн гэж болно. Ингээд бодохоор олон хүчин зүйл уран нугараач болоход нөлөөлсөн.

-Танай гэр бүлд урлагийн хүмүүс байдаг уу? Гэр бүлийнхнээ танилцуулаач?
-Ээж маань уран гимнастикаар хичээллэдэг байсныг эс тооцвол урлагийн хүн цөөхөн. Намайг ээжийн гэдсэнд байхад аав маань Налайхын цэргийн оёдлын үйлдвэрт инженерээр ажиллах болоод нүүж очсон юм билээ.Тэгээд би Налайхад өссөн. Ээж маань Дорнод аймгийн хүн, үсчин мэргэжилтэй, аав маань Архангай аймгийн хүн, инженер мэргэжилтэй. Аав ээж хоёр маань одоо хоёулаа хувиараа бизнес эрхэлдэг. Хоёр дүүтэй, тэд маань оюутнууд.

-Удахгүй гэрлэх гэж байгаа гэсэн. Гэргий болох хүнийхээ талаар танилцуулаач?
-Удахгүй бэр гуйх гэж байгаа. Эхнэр болох хүнийг маань Ж.Алтанчимэг гэдэг. Солонгос хэлний багш орчуулагчийн мэргэжилтэй, Өмнөговь аймгийн хүн бий. Солонгосын элчинд ажилладаг. Шинэ оны өмнө ээж болох гэж байгаа учраас одоогоор гэртээ байгаа.

-Циркэд уран нугаралтаас гадна хэчнээн төрлийн үзүүлбэр үзүүлдэг вэ?
-Тайзан дээр гараад 15 жил мэргэжлээрээ ажиллаад 13 жил болж байна. Уран нугаралтаас гадна акробат, жонглёр, чанга утас, алиалагч, нугаралт, тэнцвэр гэсэн үндсэн 6 төрлийн үзүүлбэр үзүүлдэг. Одоо бол тэнцвэр, уран нугаралт хийж байгаа.

-Гадаадын ямар уралдаан, тэмцээнд оролцож байв. Мөн тоглолтуудын тухай сонирхуулаач?
- Хамгийн анх 2004 онд Францын Монте-Карло хотод болсон Олон улсын циркчидийн А зэрэглэлийн тэмцээнд оролцож, хүрэл медаль хүртсэн. Энэ тэмцээнд оролцоно гэдэг нь асар их нэр хүндийн хэрэг байдаг юм. Өнгөрсөн таван сард хоёр жил тутамд болдог Вьетнамийн Олон улсын урлагийн их наадамд амжилттай оролцсон.Тоглолтуудын хувьд 2005 онд ОХУ-ын Чита хот руу циркийн бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглолтоор явж байсан. Мөн 2006-2008 оны хооронд Турк улсын 35 хотоор тоглолт хийсэн. Швейцарын “Нок” циркт 2008-2010 онд ажилласан.

- Эрэгтэй нугараачийг хүлээж авах гадна, дотны үзэгчдийн хандлага ямар байдаг вэ?
-Ер нь их сонирхож хүлээж авдаг шүү. Ялангуяа гадны үзэгчдийн хувьд үндэсний хувцастай үзүүлбэр үзүүлдэг учраас тоглолтын дараа гарын үсэг авч, биеийг маань барьж үзэх зэргээр их сонирхдог. Мөн гадны улс орнуудад үзвэр үйлчилгээнд хөнгөлөлт үзүүлдэг жишигтэй. Монголын үзэгчид ч гэсэн хүндэтгэн хүлээж авдаг.

-Шагнал урамшууллын хувьд?
-Урлагийн их ажилтны өдрөөр соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг авсан.

- Жүжигчин болох багын мөрөөдлөө орхилгүй шоу тэмцээнд хүчээ сорьж, дээр нь мэргэжлийн сургуульд суралцаж байгаа гэсэн?
“To be or not To be” шоу нэвтрүүлэгт хүсэл сонирхлын дагуу оролцож, дөрөвдүгээр шат хүртэл явсан ч хувийн шалтгааны улмаас дуусгаж чадаагүй. Гэвч тэр шоунаас тайз дэлгэцийн урлаг ямар агуу юм бэ гэдгийг мэдэрсэндээ баяртай байдаг. Шоуны дараагаар 13 дугаар зууны үеийн “Тэнгэр” гэх түүхэн кинонд монгол угсаатны ханхүүгийн дүрийг бүтээсэн. Жүжигчин болохоор “Сити” дээд сургуулийн кино драмын ангийн гуравдугаар курст суралцаж байна.

-Циркийн урлагаас дэлгэцийн урлаг руу халирах /урвах/ гэж байгаа юм биш биз?
-Цирк миний хувьд урлаг гэж юу байдгийг ойлгуулж өгсөн зүйл учраас хэзээ ч орхихгүй. Гэхдээ хажуугаар нь өөрийн хүсэл сонирхлоо гээхгүй. Нэг олдох залуу насандаа хүн өөрийнхөө хийж чадахаас чадахгүйг нь хүртэл хүчээ сориод үзнэ. Дан ганц уран нугаралтаараа яваад байх биш жүжигчний мэргэжлээр ч гэсэн өөрийн авьяас чадвараа үзнэ. Хүн нэг л удаа амьдардаг. Тийм болохоор ганц зүйлд хязгаарлагдан тулж зогсмооргүй байна.

-Эрэгтэй хэчнээн уран нугараач байдаг вэ. Шинэ залуу үеэ хэрхэн бэлтгэж байна вэ?
-Намайг бага байхад уран нугардаг СТА Буд, СТА Одгэрэл гэсэн хоёр ах байсан. Одгэрэл ах одоо АНУ-д нугардаг харин Буд ах Цэнд-Аюуш багшийн студийг хариуцаж үлдэн дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Миний хувьд уран бүтээлээ хийж байна. Уран нугараач болохоор суралцаж байгаа олон хөвгүүд байдаг. Гэвч замын дундаас буцах нь түгээмэл байдаг.

-Энэ онд ямар ажлууд хийхээр төлөвлөөд байна?
-Энэ сарын 13-нд Вьетнам руу ажлын шугамаар явна. Явахаасаа өмнө “Ододтой бүжиглэе” шоунд оролцох гэж байгаа. Урилга авсан учир бүжгийн бичлэг, бэлтгэл сургуулилт, хичээл сургууль гээд тун завгүй явна. Ирэх 12 дугаар сард буцаж ирээд шинэ жилийн гала тоглолтод оролцоно.

-Монголын циркийн урлагийн өнөөгийн төвшин ямар хэмжээнд байна?
-Циркийн урлагийг төдийлөн сайн хөгжиж байна гэж хэлж чадахгүй. Хэдийгээр “Улаанбаатар цирк”, “Шинэ монгол цирк” зэрэг шинэ циркүүд нэмэгдэж, тав зургаан цирк үйл ажиллагаа явуулж байгаа ч гэсэн үзэгчдэд хүрч байгаа үзүүлбэр адилхан байгаа. Мөн чадварлаг сайн багш, уран бүтээлчид гадагшаа явчихсан, бутарсан байдалтай байгаагаас циркийн урлагийн хүч нь суларсан байдалтай байна.Тиймээс циркийн урлагийг хөгжүүлэх боловсон хүчнийг гадагшаа явуулж сургаж, үзүүлбэрийн хөтөлбөрүүдээ шинэчлэх хэрэгтэй гэж боддог. Мөн үзүүлбэр тоглолтууд нэгэн хэвийн байдлаар бус Европын шинэлэг өнгө төрхтэйгээр үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэж бодож байна.

-Таны зорилго болоод мөрөөдөл юу вэ?
-Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөх чадварлаг уран бүтээлч болохоор суралцаж байна. Хэсэг хугацааны дараа буцаж ирээд сурч мэдсэн болоод хуримтлуулсан туршлагадаа тулгуурлан циркийн урлагт шинэлэг зүйлүүдийг хийж хөгжүүлнэ гэж боддог. Мөрөөдлийн хувьд цирк давамгайлсан урлагийн бүхий л төрлийг багтаасан энтертаймент төвтэй болохыг хүсдэг.

Ч.ГАНТУЯА

УЛААНБААТАР ТАЙМС


URL:

Сэтгэгдэл бичих