Том хүүдээ компаниа шилжүүлж өгсөн “Эрэл”-ийн Эрдэнэбат утаанаас зугатаан Англид өвөлжиж байна
Том хүүдээ компаниа шилжүүлж өгсөн “Эрэл”-ийн Эрдэнэбат утаанаас зугатаан Англид өвөлжиж байна
Саяхан л Монголын баячуудыг тэргүүлж, алт олборлож, банк хүртэл байгуулж, байшин барилга барин мандаж, УИХ-д хоёр ч удаа сонгогдож, Түлш эрчим хүчний яамыг толгойлж явсан Бадарчийн Эрдэнэбат хэмээх хүний сураг улс төрийн тавцангаас арчигдаж, бизнесийн ертөнцөд ч чимээ тасраад удаж байна. 2008 оны сонгуулийн өмнөхөн Б.Эрдэнэбат сайдын талаар маш ноцтой баримтууд дэлгэгдэж байлаа. Түүнийг сайдын ажлаа хүлээлгэж өгөх өдрөө тушаал гаргаж, хагас тэрбум төгрөгний үнэтэй орон сууцаар ажилчдаа шагнасан. Мөн 10,8 тэрбум долларын өртөгтэй том тендрийг Хятадын талд дур мэдэн ямар ч тендер зарлалгүйгээр өгсөн хэрэгт буруутгаж, Авилгалтай тэмцэх газар шалгуулахаар болсноо нэр бүхий сайд нар сүр дуулиантай мэдэгдэж байв. Түүнийг улсын хөрөнгө мөнгө идсэн уусан гэж баахан л шуугидаг, татвараас 27 тэрбум төгрөг зувчуулсан хэмээн УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж мэдэгдэж, түүнээс энэ мөнгийг гаргуулах гэж бүтэн гурван жил шүүхээр яваад бараагүй юм гэнэлээ.Энэ хүн Монголд анх хоршоо байгуулж эхлэхэд хэсэг нөхдийн хамт өөрийн мэргэжлийн дагуу уул уурхайн хайгуулийн чиглэлээр хоршоо байгуулсан. Тухайн үед Сайд нарын зөвлөлийн гишүүн байсан нэгэн эрхэмийн тусламжтайгаар Ардын банкнаас 200,0 мянган төгрөгийн зээл авсан бөгөөд энэ нь тус хоршооны цаашаа өсч хөгжих гол эх үндэс нь болсон. Алтны маш их нөөцтэй уурхайнуудын хүчээрээ Монголын хувийн хамгийн том компани болж чадсан хэдий ч, сүүлийн жилүүдэд бизнес нь хумигдаж байгаа. УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулж, БХЯ-ны сайдаар ажиллаж байсан энэ эр бизнест хэзээ ч мөнгийг чамладаггүй. Хуучин халбаг сэрээ, түмпэн шанагаа 30 саяар Батлан хамгаалах яаманд шахаж онигоонд ч орж байсан удаатай. Монголын алтны магнат эр сүүлийн үед бизнесээ хүүдээ өвлүүлж, өөрөө ном бичиж байгаа гэсэн шүү. Тэрбээр хотын утаа угаараас зугатааж, англид өвөлжих болсон гэнэ.
“Эрэл” ХХК
1989 онд байгуулагдсан. Анх геологи, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 1994 оноос барилгын салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлж, эдүгээ барилга, барилгын материал үйлдвэрлэлтээр улсдаа тэргүүлэх зэрэглэлийн компани болоод байна. Тус компани нь одоо геологи, уул уурхай, барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл, зам барилга, Үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт болон менежмент, банк санхүү, боловсролын чиглэлээр 10 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгжүүдтэй олон төсөл хөтөлбөрүүд дээр ажилласан дадлага туршлагатай 1300 гаруй ажилчидтай гэнэ.
“Эрэл” банк
1997 онд анх байгуулагдсан ууган арилжааны банкны нэг. Өнөөгийн байдлаар Улаанбаатар хотод 4 тооцооны төв, Дархан-Уул аймгийн Дархан хотноо 1 салбар, 1 тооцооны төв нийт 6 салбар нэгжтэй 70 гаруй ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.
“Эрэл” сургууль
Мөн л Монголын ууган хувийн сургуулиудын нэг. Орос, англи, америк багш нартай. Хамгийн өндөр төлбөртэй сургуулиудын нэг. Өөрийн гэсэн байртай, тохилог орчинтой.
“Эрэл” тоосго
Тус компани Эрэл тоосгоны хоёр ч үйлдвэртэй. Соц нийгмийн үед ашиглалтад орсон Ханын материалын үйлдвэрийг өмч хувьчлалаар худалдаж авсан. 2009 онд жилд 45 сая ширхэг тоосго үйлдвэрлэх хүчин чадалтай Эрэл-2 тоосгоны үйлдвэрийг ашиглалтанд оруулсан. Монголд хамгийн үнэтэй тоосгыг тус компани үйлдвэрлэж, худалдаалдаг.
“Эрэл” цемент
1968 онд Чех улсын техник эдийн засгийн тусламжаар баригдаж ашиглалтад орсон цементийн үйлдвэрийг Эрэлийн Эрдэнэбат захирал мөн л өмч хувьчлалаар өөрийн болгожээ. Хоногт 100 мянган тонн цемент үйлдвэрлэдэг энэ үйлдвэр өөрийн гэсэн шохойн чулууны ордтой.
“Эрэл” барилга
Эрэл ХХК цемент, тоосго, блок, бетон зуурмаг, төмөр хийц, элсэн бетон эдлэл, хаалга, цонх, модон эдлэл үйлдвэрлэл дээрээ тулгуурлан “Эрэл барилга” ХХК-ийг 1994 онд байгуулсан.
URL:





