Ерөнхий сайдын эх орны дайн, 90 оны картны барааг санагдуулсан захидал

Ерөнхий сайд Н.Алтанхуяг нийслэлийн гэр хорооллын иргэдэд зориулан сэтгэл уярам сайхан үгтэй захиа бичсэн юм байх. “Шинэчлэлийн Засгийн газраас иргэн таны хэрэглээний нүүрсний үнийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх гэж байна. Өнөөдрийн байдлаар нэг тонн нүүрсний үнэ 200 мянган төгрөгт хүрсэн. Тэгвэл нэг тонн Багануурын нүүрсийг 80 мянган төгрөгийн өртгөөр хорооныхоо нутаг дэвсгэрээс худалдан авах боломжийг таньд олгоно. Ирэх сарын 7-ноос 2013 оны тавдугаар сарын 7 хүртэл зургаан сарын хооронд нийслэлийн 126 мянган өрх бүрт 2,6 тонн нүүрсийг дээрх үнээр худалдах боломж бүрдэх юм. Хамгийн гол нь ийм хэмжээний нүүрсийг иргэдэд нэгэн зэрэг олгох бололцоогүй. Тиймээс иргэн та гурван хоног тутамд 40 кг-аар савласан нэг шуудай нүүрсийг 3200 төгрөгөөр худалдан авах боломжийг олгож байна. Энэ арга хэмжээний дүнд иргэн та 2,6 тонн нүүрс худалдан авбал түлшний зардлаасаа 320 мянган төгрөг хэмнэнэ” гэж ирээд л эдийн засгийн үр ашгийн тооцоог нь хүртэл нарийвчилжээ. Захидлын төгсгөлд “Та дээрхи үнээр нүүрс худалдан авах бол оршин суугаа хорооныхоо хэсгийн ахлагчид бүртгүүлэн, банкинд тушаасан 3200 төгрөгийн баримттайгаа ирж, нүүрсээ авах боломжтой” гэсэн байх м. Эх орны дайн, 90-ээд оны картын барааг санагдуулсан энэ арга хэмжээ хэр үр дүнд хүрэхийг тааж тааварлахад хэцүү л байна. Учир нь  гэр хорооллын иргэд 40 кг нүүрсээр гурав хонож, долоо хоногт хоёр удаа хорооныхоо байрны гадаа нүүрсэнд  дугаарлах болж байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих