Уэйн Рүүни: ”Сити”-д хожигдоход амьдрал зогсчих шиг л болсон
-”Английн домогт довтлогч” гэж шүтэн бишрэгчид чинь ярих болжээ. Та үүнийг юу гэж бодож байна?
-Би харьцангуй залуу байна л даа. Гэхдээ заавал хөгширсөн хойноо энэ их нэр хүндийн эзэн болно гэж бодохгүй байна. Миний хувьд шүтэн бишрэгчдийн хүндлэлийг хүлээж авалгүй яахав. Ид тоглох насандаа ингэж хүндлүүлж байгаадаа баяртай байна. Ямар ч байсан “Прьемер” лигт арван жил тоглолоо. Энэ бол богино хугацаа биш.
-Хүчирхэг лигт завсаргүй арван жил тоглоно гэдэг амаргүй. Энэ Таны мөрөөдлийн нэг хэсэг байсан уу?
-Хүний амьдралд юу ч тохиолдож болно. Түүнийг хэн ч урьдчилан тааж чадахгүй. Миний амьдралд гэрэл гэгээтэй, хар бараан өдрүүд бишгүй л тохиолдсон. Энэ бүхэн надад эргээд туршлага болсон л доо. Өнөөдөр дэлхий даяар өрнөж буй бүх лигийн дотроос хамгийн шилдэг нь “Прьемер” лиг. Үүнтэй хэн ч маргахгүй. Энэ лигт арван жил тоглоно гэдэг амар хялбар байгаагүй ээ. Тэр тусмаа найман жилийг нь “Манчесер Юнайтед” гэдэг аугаа багтай өнгөрүүлсэн байна. Хүчирхэг багийн довтлогчоор ингэж удаан тоглох боломж хэр баргийн довтлогчид олдохгүй л болов уу. “Манчестер”-т тоглож байх хугацаандаа юу эсийг үзэх вэ дээ. Бишгүйдээ л алдаж, онолоо. Хожиж байгаад хожигдох, хожигдож байгаад хожихтой л ижил юм. Үүнээс л хөлбөмбөгийн спортын гайхамшиг мэдрэгдэнэ дээ.
-Танд дахиад арван жил тоглох нөөц байгаа юу?
-Байлгүй яахав. Хамгийн гол нь бэртэл гэмтлээс хол байх ёстой. Гэхдээ хэлж ирэхгүй хийсч ирдэг зүйлийг яалтай билээ. Дахиад арван жил тоглочихвол дурсамжийн ном гаргах бодол бий. Өнөөдөр манай багт Гиггз, Скоулз зэрэг ахмад тоглогч байна. Тэднийг хараад би үнэндээ атаархдаг. Хааяа намайг хурцалж, сайн тоглуулахыг хичээнэ. Багийн тоглолт унах үед алт шиг зөвлөгөө өгнө. Тэдний дэмжлэгээр баг дотор эерэг уур амьсгал бүрддэг.
-Нэг үе багийнхаа ирээдүйд итгэл алдарсан байх. Харин “Аваргуудын лиг”-т түрүүлснээс хойш энэ тухай ер дурссангүй?
-Одоо энэ тухай ярих хэрэг байна уу. Нэгэнт болоод өнгөрчихсөн зүйл шүү дээ. Тухайн үед үнэхээр шаардлагатай болоод л тийм зүйл ярьсан. Түүнээс биш Фергюсонтой муудалцсандаа яриагүй. Би багтаа үлдэх эсэхээ шийдэж чадахгүй байхад Сер Алекс л намайг үлдээсэн шүү дээ. Тэр үнэхээр аугаа дасгалжуулагч. Хэрэв надаас “Манчестер”-т бурхнаас хайрласан хамгийн том зүйл юу вэ гэвэл би “Сер Алекс Фергюсон” гэж эргэлзэх зүйлгүй хариулна.
-Тэгэхээр та хоёр учраа олсон хэрэг үү?
-Мэдээж. Бүх зүйл тайван замаар шийдэгдсэн /инээв/. Би хүнтэй ам мурийчихаад арван минутын дараа л мартчихдаг юм. Тэр нь ч амар. Бодоод л, “Чамайг даа” гээд яваад байх нь муухай, тийм үү.
-Энэ асуулт Танд таалагдахгүй ч байж мэднэ. Хөгжөөн дэмжигчид чинь Таныг “Шрек” гэж хочилдог. Үүнд хэр эмзэглэдэг вэ?
-Би “Шрек”-т хайртай. Бүр хүүхэлдэйн киноных нь улаан фэн. Тийм сайхан сэтгэлтэй баатрын дүрээр намайг хочилсонд харин ч баяртай байдаг шүү.
-Өнгөрсөн жил лигийн цомоо сүүлчийн хоромд “Сити”-д алдсан. Тэгэхэд Танд юу бодогдож байв?
-Амьдрал хөмөрчих шиг л болсон шүү. Та бод доо, 20-хон секунд тэсчихсэн бол бид биш тэд шоконд орох байлаа. Манай багийнхан сүүлийн нэг минутад баяраа тэмдэглээд эхэлчихсэн, анхаарлаа дэндүү сулруулчихсан байсан л даа. Тэр л бидэнд сөргөөр нөлөөлсөн байх. Хувцас солих өрөөнд ороод хэн ч, юу ч дуугараагүй. Дараа нь би зурагтаар багийнхаа тоглолтыг үзсэн.
-Өөрийгөө тэгж зовоох хэрэг юу байна?
-Миний зуршил гэх үү дээ. Дараа нь багийнхаа тоглолтыг зурагтаар заавал үздэг. Тэгээд өөрийнхөө алдаа, оноон дээр дүн шинжилгээ хийдэг юм. Мөн тухайн тоглолтод хэн сайн тоглож вэ, хэн идэвхгүй тоглож вэ гэдгийг судалдаг. Тэгээд багийнхандаа ирж тайлангаа тавина даа.
-Үүнээс харахад Та зодог тайллаа гэхэд дасгалжуулагч болох хүсэлтэй юм байна, тийм үү?
-Үгүй. Би хувьдаа тэгж бодохгүй байна. Энэ бол тоглогчийн хувиар хийж байгаа дүн шинжилгээ. Харин дасгалжуулагчийн зүгээс хийнэ гэдэг шинжлэх ухааны үндэслэлтэй болоод явчихна. Би зодог тайллаа гэхэд хэзээ ч дасгалжуулагч болж үйл тамаа үзэхгүй.
-Яагаад тэр вэ?
-Тэр чинь тамын ажил /инээв/. Сер Алексийн үс яагаад бууралтсаныг мэдэх үү?
-Наснаасаа болж байгаа юм болов уу?
-Үгүй дээ. Та том эндүүрлээ. Тэр толгой дотроо үргэлж дараагийн тоглолтын тухай бодож явдаг болохоор үс нь бууралтчихсан юм. Тэгэхээр дасгалжуулагч ярвигтай ажил байгаа биз.
-Энэ оны “Дэлхийн шилдэг”-ээр хэнийг тодроосой гэж хүсч байна?
-/Хэсэг бодолхийлэв/. Хэн нь ч ялгаагүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сайн тоглогчид. Би хувьдаа Роналдуг дэмжиж байгаа. Бид нэг багт олон жил хүчин зүтгэсэн. Түүний ур чадвар, багт оруулж буй нөлөө ямар их гээч. Тэр үнэхээр сайн тоглогч. “Дэлхийн шилдэг” болчихсон байхад бүгд л хүлээн зөвшөөрнө. Месси ч ялгаагүй, “Барса”-гийн хөдөлгөгч гол хүч болчихоод байна шүү дээ. Түүний тоглолтын арга барил энгийн хэрнээ таахад бэрх. Энэ нь хамгаалагчдад хүндрэл учруулдаг. Оны гол өрсөлдөөн Месси, Роналду хоёрын дунд болох байх.
-Заналт өрсөлдөгч “Арсенал”-ын гол довтлогч танай багт ирлээ. Үүнд “Манчестер”- ийн хөгжөөн дэмжигчид таагүй хандаж байгаа. Таны хувьд?
-Харин ч сайн юм болсон. Миний ачаанаас тодорхой хэмжээгээр хуваалцана шүү дээ. Хөгжөөн дэмжигчдийн хувьд намайг гараанд гарахгүй болов уу гэж эмээж байна гэсэн мэдээлэл тавигдсан байсан. Би түүнтэй ойлголцоод тогловол манай баг үнэхээр хүчирхэг болно. Түүнээс өмнө ч манай багт сайн тоглогчид олон л байсан. Би бүгдтэй нь ойлголцдог байсан шүү дээ. Ван Персиг ирлээ гээд эмээгээд байх зүйл надад байхгүй.
-Роналдуг эргээд “Манчестер”-т ирээсэй гэж хүсч байна уу?
-Үнэхээр тэр хүсч байвал татгалзах зүйл алга. Бид хоёр ямар цуг тоглож үзээгүй биш. Харин ч би түүнийг тэврэн угтаж авах болно.
-Яагаад. Тэр буцаад ирвэл Та гараанд гарахад хүнд болно шүү дээ?
-”Манчестер Юнайтед” баг хүчирхэгжиж байвал миний гараанд гарах, үгүй нь сонин биш. Бид шилдгүүдийг цуглуулахаасаа илүү ойлголцож чаддаг баг босгохыг чухалчилдаг. Энэ нь Сер Алексийн гол зарчим. Үүний үндсэн дээр бид сүүлийн хэдэн жил тогтмол сайн тоглож байгаа шүү дээ.
URL:




