Их Нацагдоржийн өнгийн мэдрэмж, түүнийг “9+9”-өөр шинжихүй …
Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэлшинжлэлийн профессор Бямбажавын Пүрэв-Очир (МУБИС)
…Аяа, хавар цаг чи хөх огторгуйн гүнээс эгшиглэн тунарсаар ирмүй.
(О.Дашбалбар, “Дөрвөн цаг буюу Анимаа” өгүүлсэн шүлгээс, 1989)
Нүүдэлчдийн соёл сэтгэлгээт манай монгол зохиолчдын өнгийн мэдрэмж, өнгийн бэлгэдэл, өнгөөр илэрхийлсэн чимэг тодотгол, өнгийн дүрслэл их өвөрмөц, бас зохиолч бүрээр нь ажиглавал өөр өөр байдаг. Тухайлбал, Монголын анхны ардын уранзохиолч Цэндийн Дамдинсүрэн гуайд “Цагаан цасан малгайтай, ногоон модон хүрэмтэй, хөх усан хормойтой Баянхангайн уул минь…” (“Монгол нутаг”) гэдгээс өөр өнгийн сайхан хослол, дүрслэлт чимэг тодотгол цөөн байдаг. Ринчен гуайд эгэл даруухан хүрэн өнгө голлодог. Тэгвэл Нацагдоржийнх үлэмж өөр. Хурц тод, тансаг, өөдрөг өнгүүд гилтгэнэж байдаг.
Монголын уранзохиолд “Болор шилийн өнгө…”, “хасын өнгө…”, “хасын охин…”, “хасын царай…”, “хас эрдэнийн гэрэл гэгээ…”, “хасын ам…” тэргүүтэн байгаль дэлхий хийгээд хүмүүн бодгалийн гоо сайхан, бие махбод, сэтгэл санаа, түүнийг илэрхийлж болох эх хэлний үг-утгын ярууслыг эелдүүлэн найруулсан, үлэмж чанарыг урнаар дүрсэлсэн мөр бадгуудыг Дашдоржийн Нацагдорж л хэлхэж. Өдгөө хараад байхад, хожмынхон нь түүнийг давж хэлсэнгүй, харин түүнээс суралцан туршлага хуримтлуулжээ.
Энэ бяцхан судалбар-исээнийхээ эхний хэсэгт Нацагдоржийн зохиолуудаас “хас эрдэнэ”-ийн өнгөөр гэрэлтсэн тэр сайхан талстуудыг нь он цагийнх нь эрэмбээр 9-өөр хэлхэж үзээд, тайлал хийлээ. Таны ч, миний ч сэтгэл зүрхийг ариусгаж, хэл соёлын боловсролд маань тус нэмэр болог. Д.Нацагдорж бол гэрэл гэгээнд дуртай, дөрвөн улирлын өнгөөр гэрэлтсэн найрагч байв.
“Хас-1”: Өвлийн тасхийм цагт цасан мөсөн бүрхээд, Болор шилийн өнгө гилтгэнэж гялалзсан орон…” (“Миний нутаг”, 1931) гэж;
“Хас-2”: Тасхийм хүйтэн өвлийн шөнө, тэнгэрийн одон оч мэт гялалзаад, уул нурууг бүрхсэн хунгар цасны хасын өнгө түүний гэрэл дор гилтгэнэнэ… (“Өвлийн шөнө”, 1934) гэж;
“Хас-3”: Өнгөтэй хүнийг үзсэн авч,
Үнэхээр… дор тэнцэх нь нэг ч үгүй.
………………………………………..
Зургийн уруул, өдийн хөмсөг
Харах нүдний хар, цагаан нь хослоод,
Хас эрдэнэ дор шигтгэсэн лүн тан мэт.
Цус, махны таван махбодоор бүтсэн хэмээх авч
Хас эрдэнээс ариун гэрэлтэй…
Нэгэнт инээхүй дор нь даруй хавар ирнэ…
(“Сул шүлэг”, 1934) гэж;
“Хас-4”: Холхи наран ойртож, хасын цасан хайлах дор
Хуучин дэлхий халагдаж, хамаг юм шинэднэ.
Хөхөрсөн модон цэцэглэж, хүүхэд багачууд наадах дор
Хөгшин хүн өөрийгөө залуу болсон шиг санана…
(“Дөрвөн цаг”, Хавар, 1935) гэж;
“Хас-5”: “…Харанхуй хадны дунд халшралтай бөгөөд аюултай, харин түүний байдлыг хасын охин сонирхоно. Яруу найруулга хэмээгч нь ертөнц дээр гайхалтай бөгөөд Ина охины адил идэр хүний сэтгэлийг булаана…” (“Харанхуй хад”, 1930) гэж;
“Хас-6”: “…Ташаа нь тэвхийж, хавирганы ясан нь зурайсан ялгуун саарал морин нь тогтож ядан, гуа сайхан дөрвөн хөлөөр ээлжлэн газар цавчилж, уран сайхан толгойгоо ийш тийш сэжихүй нь агаар дор дэгдэн, үүлэн дор умбан алдах боловч, дээр нь унасан үзэсгэлэнт охин ажиггүй сууж өгүүлэлдэх бөгөөд үг хэлэлцэн хичээнгүйлэн аашлахуй нь хүүхдийн мэт хөнгөмсөг эевэрүү, хасын өнгөтэй дөрвөлжин цагаан шүдээ яралзуулан, үе үе инээмсэглэн мишээхүй нь хаврын улирал ирж буй адил бахтай. Эелдэг түүнийг үнсэж шимбээс ханаш үгүй биз. (“Хөдөө талын үзэсгэлэн”, 1931) гэж;
“Хас-7”: “…Мөнхүү гэрээс Сүнжидмаа гарч нохой хорих бөгөөд хасын царай нь хав харанхуйн дунд туяа тусгана…” (“Шувуун саарал”-ын ЕБС-ийн сурах бичигт ордог байсан хувилбар) гэж;
“Хас-8”: Цагаан туурганы хажуу дор
Улаан малгай туяарах бөгөөд
Улаан малгайн доогуур
Хасын царайг гэрэлтүүлэгч
Эү Лю Бай Зэүгийн залуу охин
Миний сэтгэлийг булаана… (“Сул шүлэг”, 1930) гэж;
“Хас-9”: “…Дуу хуан дор онц мэргэшилтэй, хуучин ба шинийг алийг ч торохгүй гаргаж, тухаа хийх бөгөөд хожигдох бүр хар архи буюу эсвэл банлаг хоёроос алиныг хамаагүй авч хөнгөрсөөр, Дариймаагийн өмнө хүрч ирэх нь холын аянаас олон уул усыг гатлан, зорьсон газартаа сая хүрч ирсэн мэт байдал буй. Дариймаа түвд хоргойгоор эмжсэн жижигхэн хээтэй бор ногоон торгон дэлийн урт ханцуйн далбагар минжин нударгаар амаа хагас таглажээ. Хасын царай нь бяцхан ичих мэт болж, тунгалаг хоёр хацарт нь нимгэн улаан туяа туссан нь Сумьяагийн өмнө зуны эхэн сарын үүр цайж буйн адил, хоёр нүдний хар, цагаан нь хослон эелдгээр тормолзож, сэтгэл зүрхийг нь ховх татах агаад, даруй янаглалыг даллах хурц илдэн мэт. Яралзсан цагаан шүдийг гаргаж, өчүүхнээр инээмсэх нь үнэхээр хаврын улирал ирж буй мэт…” (“Хэлхээгүй сувд”, 1934) гэсэн есөн “хас”-аар бэлгэдсэн талстыг нь нэгэн “эх бичвэр”-ээс нөгөө “эх бичвэр”-т нөхцөлдүүлэн, нэгэн утгын таягт хэлхээд үзэв. Сонин юм харагдаж байгаа биз.
Алдарт “Миний нутаг”-аас авхуулаад, хагасыг нь гүйцээн бичиж амжаагүй орхисон “Хэлхээгүй сувд” (1934) туужийг хүртэлх бүхий л зохиолынх нь хам хүрээнд судалгаа хийж ажиглаваас, монгол газрын байгалийн үзэмж, түмэн бодис дэлгэрэх, шинэдэхийн ёсон хийгээд сайхан хүний “Үлэмжийн чанар”, “Дөрвөн цагийн өнгө аяс”, нүүдэлчдийн соёл, зан аалийг гилтгэнэн гялалзах “цагаан”-тай, “гэрэл гэгээ”-тэй шүтэлцүүлэн “хасын өнгө”-өөр бэлгэдэж, зохиолч-сэхээтэн Нацагдорж бээр хувь бодгалийнхаа дотоод мэдрэмж, эерэг сэтгэлийн хөдөлгөөн, хийсвэр өөдрөг үнэлэмжийг эх монгол хэлнийхээ үг, өгүүлбэрийн тунгаамлаар дархлан зурж үзүүлсэн нь хэзээ ч дахин давтагдашгүй, гайхамшигт хувилбар болон үлдсэн нь өнөөдөр хас эрдэнэ лугаа адил гялтганан гялалзсаар байна.
Хоёрт, Нацагдоржийн яруу найргийн болон хүүрнэл зохиолууд дахь өнгийн дүрслэл, чимэг тодотгол, өнгийн хийсвэрлэл ба бэлгэдэлтийг нь нэвт шувтаар ажиглахуй дор хөдөөгийн уул талаар соёлыг таригч тэр гэгээлэг хүн, тод хурц өнгийг эрхэмлэдэг, тийм өнгийн эсрэгцэл хийгээд солбицлыг найруулгад хэрэглэхдээ тун авьяаслаг байсан нь илт харагдаж байна. Тухайлбал,
“Шар дэлхий, ногоон дээлийг өмсөн ёсолж,
Цэцгийн болжмор жиргэлдэн, хөгжим өргөж угтана…” (“Хавар”, 1931) гэж хавар цаг – түмэн бодис дэлгэрэхийн эхлэлийг;
“…Орчлонт ертөнцийг хоосон хэмээх хүрдийг бясалгаж, винайн ёсыг сахисан гэвш Лодон улаан, шарыг тунаруулсаар Гандангийн наад хүр уруу бууж ирмэгц, урин тачаангуйн хурц илдийг боловсруулж, дуучийн эрдмийг судалсан хүүхэн Иүй Бай Хуа хэмээх Цэрэнлхам цагаан, харыг гялбалзуулсаар Баруун дамнуурчны эсрэг тохиолдов… (“Ламбугайн нулимсан”, 1930) гэж. “Ёс ёс гэвч ёсоор байж болдоггүй, ном ном гэвч номоор явж болдоггүй энэхэн ертөнц авхайн жам” хийгээд түүний хоосон чанарын эсрэх тэсрэхийг;
“…Хөвөн цагаан үүл хөх тэнгэрийн мандлаар улаан ба шараар гэрэлтэн тунахын дунд хөөрхий түүний фантаз товойн үзэгдээд…” (“Сул шүлэг”, 1931) гэж хавар цаг, хүмүүний сэтгэл, түүний эсрэгцэл солбицлыг дэврүүн эерэг үнэлэмж, хурц тод өнгийн илэрхийллээр дүрсэлсэн нь өдий төдий аж. Гэвч, Нацагдоржийн зохиол бүтээлд “цагаан буюу хасын өнгө”, “цэнхэр буюу хөх өнгө” хоёр л онцгой байр эзэлж байгаа нь сонин зүйл бөгөөд үүний “хөх өнгө”, түүний бэлгэдэл, дүрслэлийг хоёр дахь 9 баримтын хэлхээ улам тод харуулна.
“Хөх-1 буюу цэнхэрлэн харагдах…”: Нацагдоржийн яруу найргийн анхны шүлэг (1923) Бумбын орны цэнхэрлэгээр яруусан эхэлсэн нь учиртай аж. Тэгээд л бичгийн сэхээтэн Нацагдорж:
Цэнхэрлэн харагдана хө хө.
Цэцэг навчтай уул байна аа хө хө.
Чин зоригийг баривал хө хө.
Цэнгэж болмоор уул байна аа хө хө.
хэмээн шүлэглэжээ. Нацагдорж ерөөсөө “Мөнх тэнгэрийн хөх” буюу “Эзэн тэнгэрийн хөх”-ийг шүтэгч байсан, холхи газраас гялалзан харагдах өнгөт одонд тэмүүлэгч байсан билээ. Академич Бямбын Ринчен гуай “Боржигин Нацагдорж” дуртгалдаа: […] Нацагдорж, “Хандармаа” гэдэг дуунд дуртай, нам дуугаар түүнээ дуулж, бид түрцгээж суудаг асан. Бас “Цэнхэрлэн харагдана” гэдгийг үг, ая нь сайхан гэж дуулдаг асан. Тэр дууг тэр үед хүн их дуулдаг байсан. Арван нэгэн онд Алтанбулагт ирсэн халимагууд хүртэл сурч, тэр дууг дуулдаг асан. Алтанбулагт бага сургуулийн танхимийн галч байсан хөнхөр хуурч Лувсан, үдэш хуучраа хөглөөд, сөөнгөвтөр хоолойгоор тэр дууг аялж байдаг, түүнийг Ленинградын шинэ тосгоны шар айргийн газар Нацагдоржийн гиншиж байхы нь сонсон сууж байхад сонин санагддаг асан […] гэж бичсэн нь бас нэгийг хэлж, хоёрыг санагдуулж байна. (Б.Ринчен, “Эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган”, II, монгол утга зохиол судлал, ШУА, Хэл зохиолын хүрээлэн, Уб., 2011) Тэгээд ч “Цэнхэрлэн харагдана” нь ардын дуу шиг болж, бараг 100 жил дуулагдаж явна.
“Хөх-2 буюу …цэнхэрлэн холдоно”:
…Алс газар сурахаар одох замд
Намрын салхи өмнөөс сэрчигнэнэ.
Өвсөн толгой намилзан халиурахын дунд
Түүний гэрийн утаа цэнхэрлэн холдоно… Үүнийг бид өмнө нийтлүүлсэн (“Монголын мэдээ”, 2012, ¹ 212, “Өнөөдөр” сонин, 2012, ¹ 262) исээндээ “Тэр цэнхэрлэн харагдах цэцэг жимстэй уулын наагуур хөхрөн харагдах хөндийд намаржиж буй монгол эхийн буюу миний ээжийн гэрийн утаа…” гэж тайлсан билээ.
“Хөх-3 буюу хөх Монгол…”:
Хөх монголын ач нар түм түмэн эрс
Хөвгүүд охид цугаар, цог заль төгс.
Хүний түүхнээ манлайлсаар
Хойчийг залгамжлагч залуус
Хөдөөгийн уул талаар соёлыг тарих үрс… (1929)
Нацагдорж бол “Хөх монгол”-д төрсөн, “хөх монгол”-ын хуучин ба шинийг үзсэн, “Хөх монгол”-д хувьсгалыг мөрөөдөж, хөдөөгийн уул талаар соёлыг тарилцаж, “соёлыг гайхсан” тийм шинэ цагийн оюунтан байв. Тэгээд ч “Хөх монгол”-ын цагт хүчирхэг болсон орны шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч болж чадсан юм.
“Хөх-4 буюу хөх тэнгэр цэлмийсэн”: Ийм тансаг мөр анх Нацагдоржид л гялсхийсэн шиг санагдана. Хөх тэнгэрийн орны шинэ цагийн их найрагч л:
…Хөвсгөл, Увс, Буйрын гүн цэнхэр нуурууд
……………………………………………………..
Холхи газраас гялалзсан цаст өндөр хайрхнууд
Хөх тэнгэр цэлмийсэн хөдөө хээр цайдмууд… гэж шүлэглэж л дээ. Энд нэг зүйлийг жич тэмдэглэхэд, Нацагдоржийн зохиолыг олон дахин хэвлэхдээ “Хөх тэнгэр цэлмэсэн…” гээд л бичээд, хэвлээд байж. Гэтэл Д.Нацагдоржийн зохиол бүтээлийн лабораторид ултай лавтай шинжилгээ хийсэн профессор Дожоогийн Цэдэв гуай Д.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан гаргасан “Бүрэн зохиол” тэргүүн дэвтэрт (2006) “Хөх тэнгэр цэлмийсэн…” гэж ариусган зассан нь тун сайшаалтай юм болж дээ… “Миний нутаг” шүлгийн анх гар бичмэл эх дээр монгол бичгээр “…цэлмийсэн…” гэж бичсэн нь бат ноттой байна аа.
“Хөх-5-6 буюу туурганы зургийг үзээд, далайн давалгаа хөхрөхүй”-г биширч:
Ертөнцийн дөчдүгээр бүслүүр дээр оршигч
Италийн орон юутай сайхан улиралтай буй.
Зуны сайхан нар Генева (Генуя) хотыг гэрэлтүүлж,
Тунасан хөх далай үзэсгэлэнт харшид тулжээ… (1930)
гэсэн бол, “Сул шүлэг”-тээ (1934):
Далайн давалгаа хөхөрч,
Усан тал хөөсөн сувдаар буцалж… хэмээн “Хөх тэнгэр”-ийн орны сод их найрагч, “хөх далай”-т орны туурганы зургийг үзээд, далайн давалгаа хөхрөхүйг усан уул, усан талын дунд хэмээн зурагласан нь нүүдэлчний сэтгэлийн өнгө, мэдрэмжийг гойд сайхан илэрхийлсэн гэж хэлмээр.
“Хөх-8 буюу бөлөг сувдын аялгуу хийгээд сүрэг цэцгийн хөг”-ийг мэдэрч:
Нэгэн бөлөг сувдын хөх аялгууныг арайхан зочилж өнгөрүүлэвч, дараагаар бас нэгэн сүрэг цэцгийн хөг айлчлан ирэх тул, хэдийнээ миний хүсэл мөрөөдөл, дурсгал фантаз, хурим дор бэлтгэсэн ширээний дээрх адил зэрэгцэж, агшин зуурын дотор түмэн зүйлийн хэрэг, мянган эхтэй явдал үргэлжлэн санагдаад, сүнсэн өглөөний ба үдшийн сайхан орны хооронд сүлжиж, …зүрхэн чөтгөр ба дагина зэргийн янз бүр янаглалын хатад, хаадын уруул дээр бөмбөрөн, аль зөөлнөөр залгигчийн хасын аман дор дураар наадахыг эрэмцэнэ… (“Нэгэн сэтгэлийг бөмбөрүүлсэн үе”, 1931) хэмээн дүрсэлсэн нь хавар цаг, хөх огторгуйг ширтэнхэн, хөх униарт умбанхан, нэгэн сайхан хөх дүнзэн модоор нөхөр болгон сандаллан суугчийн сэтгэлийн цэнгэл гэмээр болсон бөгөөд даан ч гүйцэгдэхийн аргагүй уран хэлсэн байдаг.
“Хөх-9 буюу “хэлхээгүй сувд”-ын хөх даалимбан тэрлэгт”-д… Гэтэл мөнхүү гэрээс нэгэн хүүхэн боодолтой юм тэврэн гарч ирээд, хулгай хийсэн мэт байдлаар дөрвөн зүг эргэлдэн, хүний хөлийг харж, чимээ чагнан, баахан зогсоод, нэгэн зэрэг сөхрөн алдаж, мөнхүү юмыг нүүртээ ойртуулан ажиглах мэт болов. Үзвээс, тэр хүүхэн нас хорин дөрөв тав орчим, царай тэгш боловч, өнгө муутай, хуучин хөх даалимбан дээлийг өмсөж, нарийхан хүрэн бүсийг бүсэлжээ… (“Хэлхээгүй сувд” тууж, 1934) гэж “Цэнхэрлэн харагдах”-аар эхэлсэн Нацагдоржийн “хөх өнгө”-ийн дүрслэл “хэлхээгүй сувд”-д ирээд, “…хуучин хөх даалимбан тэрлэг”-ээр өндөрлөж байх юм. Хөх манхан тэнгэрийг эзэгнэсэн монголчууд хэзээнээс нааш дөрвөн цагийн хөх өнгөт дээлтэй явж ирж, Нацагдоржоос өмнө ч, хойно ч. Тэгээд л уранзохиолд “Хөх торгон дээл”, “цэнхэр дурдан алчуур”, “хөх чонон хөнжил”, “хөх даалимбан тэрлэг”… гээд л алдаршин мөнхөрч л дээ. Тэгээд л хөх тэнгэрийн орны тэр их авьяас билигт хөвгүүд дээл хувцасны өнгийг, бие сэтгэлийн өнгө, үлэмж чанарын өнгө, байгаль дэлхийн өнгөнд зохицуулдаг нь танин мэдэхүйн нарийн учиртай гэж үзэх үндэстэй юм.
Билгийн нүд нь хайраар гэрэлтсэн, бичгийн их хүн Нацагдорж бол ёстой л, байгаль дэлхийн өнгийг мэдэрсэн, хүмүүний бие сэтгэлийн өнгөнд уярсан, хорвоогийн өнгийг ухаарсан, хөхрөгчийн өнгийг шүтсэн, хасын өнгөнд дурласан, үг хэллэгийн өнгийг эзэмдсэн тийм найрагч явж. Ялангуяа тэр хүн ирж буй цагийн өнгөнд, түмэн бодис дэлгэрэхийн ёсонд даанч хайртай байж. Тэр бол хавар цагийн өнгө…, тэгээд л солигдох, шинэдэх…, шинэ юм болгон зохиолчийн сэтгэлийг соронздож байжээ. Ер, Нацагдорж судлалд жинтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн С.Лочин “Дашдоржийн Нацагдорж бол эрх чөлөөгөө олсон шинэ монгол орондоо шинэ соёлыг цогцлоон бүтээх, шинэ уранзохиолыг үүсгэн хөгжүүлэхэд бүхий л авьяас билиг, ухаан чадлаа зориулсан хорьдугаар зууны Монголын сод хүмүүсийн нэгэн юм…” (С.Лочин: ХХ зууны монгол зохиолчид цуврал, ¹ 1, Дашдоржийн Нацагдорж, 2000, 25-р тал) гэж онцолсон бол, СГЗ, нэрт нийтлэлч Г.Аюурзана, “Монголын топ яруу найрагчид”-ын нэгдүгээрт Нацагдоржийг нэрлэсэн нь эзнээ олсон дүгнэлт юм.(“Хөх толбо”, 2012, ¹ 26)
Нацагдоржийн хөх дэвтэрт бичиглэсэн яруу найргийн болон хүүрнэл зохиолуудыг дахин дахин уншиж, давтан давтан ажиглахуй дор зүрх сэтгэлээс нь урсан давалгаалсан үгийн өнгөөр гайхуулан, утгын чинадад нэвтэрдэг нь үнэнхүү атаархмаар сайхан. Үүнийг “Цэнхэрлэн харагдах” (1923)-аас “Хэлхээгүй сувд” (1934)-ыг хүртэлх ердөө л гялсхийгээд өнгөрсөн аравхан жилийн дотор бичсэн тэрхүү охь тунгаамал бүтээлүүдийнх нь хэл найруулга, өнгийн мэдрэмж, зохицол бэлхнээ илтгэж байна.
URL:














