Салют худалдан авахдаа анхааруулгыг нь заавал уншаарай

Шинэ жил бидэнд баяр хөөр, аз жаргалыг авчирч, баярласан хүмүүс салют буудуулж, чихэр шоколад, бялуу зэрэг амттанаар бялхсан хүүхдийн инээмсэглэх төрх, найз нөхдийн халуун дотно уур амьсгал гээд л бидэнд аз жаргалыг авчирдаг билээ. Тиймдээ ч хөгшин залуугүй шинэ жилийг догдлон хүлээдэг. Гэвч жилээс жилд шинэ жилээр бэртэж гэмтсэн хүний тоо өссөөр байгаа нь харамсалтай.

 

Өнгөрсөн жил шинэ оны үеэр тэсэрч дэлбэрэх бодис, салют зэрэг пиротехникийн хэрэгслээс болж 21 иргэн хүнд, хөнгөн гэмтсэн. Тэгвэл энэ жил иймэрхүү явдал давтахгүй байгаасай гэдэг үүднээс ямар арга хэмжээ авах гэж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад “Энэ талаарх хяналт шалгалт энэ сарын 21-нд бүрэн дуусна” гэлээ.

 

Одоогийн байдлаар улсын хэмжээнд пиротехникийн хэрэгслийг худалдан борлуулах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй “Протек” ХХК, “Очир ундраа” ХХК-иуд бөгөөд энэ хоёр компанийн нэрийн барааг “Тотал мюзик”, “Шинэ өглөө“, “Пластик” дэлгүүрээр тус тус худалдан борлуулж байгаа гэнэ. Өнгөрсөн оны шинэ жилээр пиротехникийн хэрэгсэл буруу ашигласнаас болж нийт 21 иргэн гэмтсэн гэж дээр дурдсан.

 

Шалтгаан нь хар, улаан өнгийн “8 SHOTS ROMAN CANDLE”, “BIAN LIAN WANG” болон бусад төрлийн салютуудаас болсон байна. Худалдан авагч салютныхаа анхааруулгыг уншаагүйгээс болж бэртэж гэмтсэн аж. “Гар дээрээс буудуулж болохгүй” гэсэн зааврыг мэдээгүй иргэд гараараа барьж салютаа буудуулснаас насаараа тахир дутуу, цаашлаад амь насаа ч алдах тохиолдол гарч байсан билээ.

 

Энэхүү “8 SHOTS RO¬MAN CANDLE”, “BIAN LIAN WANG” салютыг 2008 оноос манай улсад хилээр оруулж ирэхээ больсон бөгөөд иргэд холбогдох зөвшөөрөлгүйгээр, нууцаар, ганзагын наймаа хэлбэрээр БНХАУ-аас оруулж ирж борлуулсан байна. Тиймээс эдгээрийн үлдэгдэл болон хараа хяналтгүй, зөвшөөрөлгүй оруулж ирсэн салют, бенгалийн гал зэргийг иргэд өөрсдөө худалдан авахгүй байх хэрэгтэй юм.

 

Энэ жилийн хувьд ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй “Протек” ХХК, “Очир ундраа” ХХК-иудад пиротехникийн хэрэгслийг худалдаалахдаа мэргэжлийн үнэмлэхтэй ажилтнуудыг ажиллуулах, тэсэлгээний ажил, тэсрэх материалтай харьцах, уг хэрэгслийг зориулалт тус бүрээр нь аюулгүй ажиллагааны зааврыг Монгол хэл дээр гаргаж хэрэглэгчдэд зөвлөмж, сануулга өгч ажиллах юм байна.

 

Мөн Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас мэргэжлийн байгууллагын дүгнэлтгүй, чанарын аюулгүйн шаардлага хангаагүй салют болон бусад бараа бүтээгдэхүүн худалдаалахыг хориглож, хэрэглэгчдэд пиротехникийн аж ахуйн нэгж байгууллагаас баталгаатай бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг сануулж байна.

 

Түүнчлэн төрийн захиргааны байгууллагуудын байр, соёл боловсрол, эрүүл мэндийн байгууллага, гэр хороолол, нийтийн эзэмшлийн орон сууц түүний ойр орчимд, барилгын зоорийн давхарт, нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулж буй задгай талбай, хүнс барааны зах болон гар дээрээс пиротехникийн хэрэгслийг худалдаалах, худалдан авах, ашиглахыг хориглох, нийгмийн хэв журмыг сахиж, зөв боловсон баярлах, өөрсдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, насанд хүрээгүй хүүхдэд уг хэрэгслийг ашиглуулахгүй байх сэрэмжлүүлгийг гаргасан байна.

 

Иргэд ч энэ тал дээр сонор сэрэмжтэй байж хууль бус бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах, салютыг худалдаж авахгүй байж өөрсдийгөө болзошгүй эрсдэлээс сэргийлж, гомдол саналыг зохих газруудад мэдэгдэх нь зүйтэй. Нийслэлийн хэмжээнд шинэ жилийн баярыг тэмдэглэх ажлын хүрээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс хамтран шинэ жилийн баярыг угтан Сүхбаатарын талбай дээр хүнсний худалдаа явуулах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг гарган ажиллаж байгаа юм байна.

 

Энэ өдрөөс эхлэн 31-нийг хүртэл талбай дээр тасралтгүй шинэ жилийн үйл ажиллагаа явагдах ба энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албаны Хүнс худалдаа үйлчилгээний ахлах мэргэжилтэн Ж.Хэрлэнгээс лавлахад “Одоогийн байдлаар Сүхбаатарын талбайд байрлах төслийн байрнуудын дөрөвт нь “Мөнхзамбала” ХХК, “Сонгино хангай” ХХК, Баясах-Өргөө ХХК,” Номин” зэрэг дөрвөн сүлжээ дэлгүүрийн шинэ жилтэй холбоотой сүлд модны болон бэлгийн худалдаа гаргаж байгаа.

 

Харин яг 31-ний орой талбай дээрх цэнгүүний үеэр зөвхөн “Номадс” сүлжээ рестораны найман түргэн хоолны цэг л ажиллах ба эдгээр нь халуун аарц, цай түргэн хоолоор үйлчилнэ, Номадсын хувьд цэвэрхэн, түргэн шуурхай иргэдийн хувьд ч мэдэх болохоор сонгосон. Энэ үеэр гарч байгаа худалдаа үйлчилгээ ялангуяа хүнсний худалдааны эрүүл ахуйн байдал ба бэлгэнд боосон зүйлийн хугацаа, сав баглаа боодол дээр хяналт тавьж ажиллаж байгаа.

 

Үүнд иргэд олон нийт өөрсдөө анхаарал сонор сэрэмжтэй байж холбогдох байгууллагад нь үнэн зөв мэдээлэх хэрэгтэй. Зөвхөн талбай дээр биш гадуур зах, томоохон худалдаа үйлчилгээний төвүүдээр бэлгийг төрөл төрлөөр нь борлуулж байна. Зах зээлийн онцлог, иргэдийн амьдралын түвшин зэрэгт тааруулан боодолтой бэлэгнүүд их өргөн дэлгэр гарч байна.

 

Энэ жилийн хувьд гадаа эрс хүйтэрч байгаа учир элдэв газраар өөр хүнсний бараа бүтээгдэхүүн борлуулагдахгүй” хэмээлээ. Мөн Улаанбаатар хотын захирагч Э.Бат- Үүл энэ жил нийслэлийн харьяа байгууллагууд төсвийн хөрөнгөөр шинэ жилийн баяр тэмдэглэхгүй, оргилуун дарснаас илүү хатуулагтай согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг нийслэлийн иргэн, аж ахуйн нэгжүүдэд уриалсан юм.

“Шинэ жил гэр бүл, найз нөхдийн хүрээний баяр учир хэт согтуурахгүй байх үүнээс үүдээд цаг агаарын хувьд ч өмнөх жилүүдийнхээс илүү хүйтрэх төлөвтэй учир иргэд бэртэж гэмтэх, осгож амь насаа алдахаас сэргийлэх хэрэгтэй. Энэ жилийн хувьд шинэ жилээр аливаа баяр ёслол болгоноор орхигддог гэр хорооллын тодорхой байршлуудад сүлд мод засч, хүүхэд хөгшдийг баярлуулах талаар илүү анхаарч ажиллах хэрэгтэй” гэсэн юм. Энэхүү ажил илүү эрчимтэй явагдаж ирж буй шинэ оныг элдэв осол багатай угтацгаах биз ээ,

Д.Долгордулам
Эх сурвалж: “Улаанбаатар Таймс”


URL:

Сэтгэгдэл бичих