С.Дорж. Манайх ДОХ-ын бага тархалттай хэдий ч эрсдэл ихтэй хэсэгт тооцогддог

ХДХВ/ДОХ-ын эрсдлийн талаар Ховд аймгийн ЗДТГ-ын эрүүл мэндийн түшмэл С.Доржтой ярилцлаа

-Монгол оронд сүүлийн үед ХДХВ/ДОХ-ын халдвар нэмэгдэж байна уу, эсвэл тогтвортой байна уу?

-Монгол улс ХДХВ-ын халдвар бага тархалттай оронд ордог. Халдварын тархалтыг улс орон бүрт янз бүрээр тогтоож байна. Манай орны хувьд жирэмсэн эхчүүдийн дотор уг халдвар авсан тохиолдлоор тархалтын хувийг тогтоодог. Гэхдээ манай орон бага тархалттай хэдий ч өндөр эрсдэлтэйд орно. Учир нь бэлгийн замаар дамждаг бусад халдварт өвчнүүдийн өвчлөл хүн амын дунд өндөр байгаа.

 

Дэлхий дахинд ХДХВ-ын халдвар хамгийн өндөр тархалттай БНХАУ, ОХУ-ын хооронд манай улс гүүр болж оршдог. Сүүлийн жилүүдэд дэд бүтэц эрчимтэй хөгжиж уул уурхай, зам тээврийн салбарт олон улсын хөрөнгө оруулагчдын оролцоо нэмэгдэж, аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байгаа зэрэг нь нэг талдаа хөгжил авчирч байгаа ч нөгөө талаар халдвар тархах эрсдлийг дагуулж байдаг.

 

Манай аймаг гэхэд л Баруун бүсийн босоо тэнхлэгийн зам, Хөшөөтийн уурхай зэрэг нь бас л эрсдэл дагуулна. Энэ бүтээн байгуулалтыг дагаж зорчигчдын тоо, хөдөлгөөнт хүн ам нэмэгдэх жишээтэй. Би энд нэг жишээ дурьдахыг хүсч байна. Африкийн Кинша хотоос Кени улсын Момбаса хот хүртэл хурдны зам тавихад зам дагуух биеэ үнэлэгч нараас жолооч нар халдвар авч хүмүүст тараасан нь эцэстээ дэлхий нийтээр ХДХВ-ын халдвар тархах эх сурвалж болсон гэдэг.

-ХДХВ/ДОХ-ын халдвар Монголд ер нь хэзээнээс илүүтэй ажиглагдах болов. Энэ жилийн хувьд хичнээн тохиолдол бүртгэгдээд байна?

-Энэ халдвар анх Монголд Камеруны иргэнээс Монгол эмэгтэй халдвар авснаар бүртгэгдсэн удаатай. Улмаар халдвар 2004 оноос жил бүр бүртгэгдэж, түүгээр барахгүй ганц хоёроор бүртгэгдэх бус жилд тав арваараа бүртгэгдэх боллоо. 2012 онд гэхэд л нийт 13 тохиолдол бүртгэгдээд байна.

 

Иймээс энэ халдварыг зөвхөн ганц эрүүл мэндийн байгууллага хариуцаж ажиллаад дийлэхгүй иргэн, хамт олон, төр, төрийн бус байгууллага бүрийн нзгдмэл үйл ажиллагаагаар хамтарч ажиллах хэрэгтэйг харуулж байна.

-Энэ халдварын дамжих зам нь нэгэнт тодорхой тул халдварлахгүй байх боломж байхгүй гэж үү?

-ХДХВ/ДОХ-ын халдвар дамжих зам нь тодорхой учир хүмүүс үүнээс сэргийлж бүрэн чадах боломжтой. Гэхдээ энэ нь хүний нууцлагдмал хүсэл, эрэлхийлэлтэй уялдаж байдгаараа нөгөө талаар бас халдварлалтыг тийм ч амархан таслан зогсоож чаддаггүй. ХДХВ-ын халдварыг халдвар авах өндөр, бага эрсдэлтэй гэж ангилж үздэг.
Өндөр эрсдэлттэй халдвар дам жих зам нь хамгаалалтгүй (бэлгэвчгүй) бэлгийн хавьталд орох, халдвартай цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх, халдвартай эхээс хүүхдэд (жирэмсэн, төрөх үед болон хөхний сүүгээр) халдварладаг. Халдварын бага эрсдэлд ариутгаагүй багаж хэрэгслээр мэс ажилбар хийлгэх, шивээс зүү тавиулах, чих цоолуулах, сахлын хутга дамжуулж хэрэглэх зэрэг арьс салстын бүтэн байдал алдагдах үед халдвар авч болно.

 

Манай иргэд хэдий халдвар авах эрсдлийг хамгийн сайн мэддэг ч түүнээс сэргийлэх дадал хэвшлээ хайхарч хэрэгжүүлдэггүй нь халдварыг нэмэгдүүлээд байгаа юм. Жишээ нь, манай улсад халдвар авсан хүмүүс 100 хувь бэлгийн замаар халдвар авсан байгаа юм. Үүнээс сэргийлэх хамгаалалтыг (бэлгэвчээ) зөв хэрэглээд сурчихсан бол халдвар авахгүй байх жишээтэй.

 

Иймээс иргэд олж авсан мэдлэгээ дадал хэвшил болгох нь чухал байна. Өөрөөр хэлбэл, бидний хэлдгээр ТҮБ-ийн зарчим буюу тэвчих (заавал бэлгийн ажлыг урьдал болгохгүй байх) үнэнч (нэг хавьтагчтай) байх, бэлгэвч (гарцаагүй тохиолдолд) хэрэглэ  гэсэн зарчмыг хүн бүхэн мэдэж байх нь чухал.

-Ховд аймгийн хувьд ДОХ-ын халдварыг бууруулхад тодорхой төслүүд хэрэгждэг гэж сонссон.

-Босоо тэнхлэгийн зам дагуух замын ажилчид, үйлчилгээний цэгийн ажилчид, залуучууд, иргэдэд чиглэсэн Азийн хөгжлийн банкны төсөл 2010 оноос хэрэгжиж 2013 оны гурван сард дуусна.

 

Энэ төслийн хүрээнд аймгаас үндэсний хэмжээнд 10 сургагч багш бэлтгэж, Булган, Манхан Үенч, Алтай, Буянт, Эрдэнэбүрэн сумын иргэдэд 1-3 удаагийн сургалт, төр, иргэний нийгмийн байгууллага, бизнес эрхлэгчдээс бүрдсэн 35 хүнийг сургагч багшаар, 30 хүүхдийг үе тэнгийн сургагчаар бэлтгэж, салбар зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах сургалт, туршлага солилцох аялал, уулзалт зөвлөгөөнд оролцуулах, салбар зөвлөлийн хурлыг тогтмолжуулан зохион байгуулах, замын кемпийн ажилчдад кампанит ажлыг жил бүр зохион байгуулах зэрэг олон арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүллээ.

 

Мөн “100 хувь бэлгэвчийн хэрэглээ’’ хөтөлбөр хэрэгжиж биеэ үнэлэгч, эрсдэлт бүлгийн эмэггэйчүүд, удирдах ажилтан, цагдаагийн байгууллага, буудлын ажилчдад сургалт мэдээллийг хүргэх, Улаан Загалмайн Хорооноос НҮБ ХАС- ийн дэмжлэгтэйгээр хөдөлгөөнт хүн ам, залуучуудад зориулсан төсөл ирэх оноос хэрэгжинэ. Манай салбар зөвлөл энэ төслүүдийн болон хамтрагч байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахад илүү анхаарч ажиллаж байна.

-Иргэдэд энэ талаар юуг сануулж хэлмээр байна?

-Юуны өмнө иргэддээ эрүүл энхийг хүсье. Хүн эрүүл байж их юм үзнэ, ихийг бүтээнэ, эрүүл мэнд тань зөвхөн таны гарт байгаа учир жилд нэг удаа эмнэлэгт очиж иж бүрэн шинжилгээ хийлгэж байхыг эмчийн хувьд зөвлөе. Мөн дэлхий нийтийн анхаарлыг татаж, жинхэнэ хөдөлмөрлөх, бүтээх насны залуучуудад халдварлаж, халдвар асар хурдтай нэмэгдсээр байгаа ХДХВ/ДОХ-оос өөрсдийгөө болон өрөөлийг хамгаалах дадал, хэвшлээ ямагт хэвшүүлж, бусдадаа нөлөөлж ажиллахыг анхааруулж байна.

 

Г.Төрмөнх
Эх сурвалж: “Нийгмийн Толь”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих