ЗҮҮН АЗИ ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ГОЛ ХӨДӨЛГӨГЧ ХЭВЭЭР БАЙНА

ТОКИО./ИТАР-ТАСС/. Хэдийгээр Хятадын эдийн засаг бага зэрэг удааширч байгаа боловч Зүүн Ази дэлхийн эдийн засгийн гол хөдөлгөгч хэвээр байх болно. Ийм дүгнэлтийг өнөөдөр нийтлэгдсэн Дэлхийн банкны бүс нутгийн хэтийн төлвийн талаарх илтгэлд хийжээ.
Илтгэлд дурдсанаар, Японоос бусад Зүүн Азийн орнуудын эдийн засгийн өсөлт энэ онд 7,5 хувьтай байх төлөвтэй байна. Өнгөрсөн оны үзүүлэлтэй харьцуулахад энэ жил уг үзүүлэлт Хятадын эдийн засгийн нөлөөгөөр 0,8 хувиар буурчээ.
Гэхдээ ДБ-ны шинжээчдийн үзэж буйгаар ирэх онд Зүүн Азийн орнуудын ДНБ 7,9 хувиар өснө. “Одоогийн байдлаар тус бүс нутаг дэлхийн эдийн засгийн өсөлтийн 40 орчим хувийг хангаж байгаа бөгөөд цаашид ч өсөх хандлагатай байна” гэж тус банкны илтгэлд дурдсан байна.
Хятадын ДНБ энэ жил 7,9 хувиар өсөх нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 1,4 хувиар буурсан үзүүлэлт юм. Ийнхүү буурсан нь тус улсын эрх баригчид үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг тогтоон барих бодлого явуулсны улмаас хэрэглээ, хөрөнгө оруулалтын түвшин буурсантай холбоотой байна. Гэхдээ ирэх онд Хятадын ДНБ 8,4 хувиар өснө гэж шинжээчид таамаглаж байгаа ажээ.

Д.Жаргал /MONTSAME/


URL:

Сэтгэгдэл бичих