Газрын хүү (туурь)
“ДМ Онлайн” Женев хотод зохиогчтой болж байгаадаа баяртай байна. Л. Эрдэнэмөнхийн “Удирдагч” өгүүллэгийг манай онлайны зөвхөн Америкийн төдийгүй бусад улсын уншигчид ч талархан хүлээн авсан билээ. Ингээд түүний бас нэгэн өгүүллэгийг толилуулж байна.
Даяар Монгол Онлайн.
Булнайн нурууны салбар уулсын нэг болох Асгат хайрханы өвөрт өглөөний тунгалаг агаарт хоньчин хүү Бат хонио туун гэрээсээ гарчээ. Ус бороо ихтэй, өвс ногоо жигдрэн ургасан дэлгэр сайхан зун болжээ. Хэд хоног үргэлжлэн асгарсан бороонд залхсан хөгшчүүл “Нар нь хааччихав аа? Газар сайхан дэвтлээ. Одоо ингээд нар гарвал мөн ч сайхан болно доо. Дэлхий дэлэгнэсэн дэлгэр зун болно” гэж уухай халаг болж байсаныг бодвол хоёр долоо хоног нар гарахад байгаль дэлхий дор нь ногоороод, цэцгийн дэлбээ хаа сайгүй цомирлогоо дэлгэж, хүн малын зоо нуруу тэниййсэн зуны тэнэгэр улирал эхлэв.
Асгат хайрхан уул арын хөндийгөөрөө ус гол булаг шанд ихтэй, ууландаа ногоон титимээр чимэглэсэн шилмүүст ойтой бөгөөд ан шувуу амьтан гөрөөс цугларсан Хангайн сүрлэг уулсын хүн малыг жаргаасан дагшин газар. Модот уулын оройгоор цухуйх элгэн улаан хадны дээгүүр тас шувуу эргэлдэн нисэх үест Бат хүү энэ зунаас саахалт зунжсан хошуу туслагчын хонь ямааг өөрийн хоньтой хамт туусаар уулын бэлийн сахлаг өвстэй хоолойд орж ирлээ.
Хоолой руу хонио туун ороход эзний шилбүүрийн аясаар номхон явсан хоньд нэг л дургүйхэн хөлөө зөөж, ялангуяа хаа хамаагүй давхиж очоод хад чулуунд асах дуртай хэдэн ямаа явж өгөхгүй уурыг нь хүргэнэ. Өглөө цэв цэлмэг байсан номин хөх тэнгэр зугуухан цагаан үүлээр солигдож, үдийн үед хар саарал үүлсээр өөрчлөгдөх нь хошуу туслагч ноёны бага охин шиг өглөө шинэ дээлтэй гараад, орой нь дээлээ халтайлгаад ээждээ загнуулдаг шиг санагдана.
Тэр охин дөрвөн настай л даа. Түүний дээдэх эгч нь арван настай. Хамгийн том эгч нь арван гурав хүрч байгаа тул Батаас насаар нэг дүү юм. Бат айлын ганц хүү боловч аав ээж нь гурван жилийн өмнө нутгийн нэг айлаас охин хүүхэд өргөж авсанаар, орой хонио тууж очиход өөдөөс нь гутлаа чирэн гүйж ирдэг улаан хацартай нэг хөөрхөн охин дүүтэй болсон билээ. Охин дүүгийн нэр Дүүриймаа. Дүүриймаа хэдийгээр жаахан охин ч ахыгаа өглөө хониндоо явахад огт дагаж уйлдаггүй сайн охин ажээ.
Харин өнөө өглөө ахынхаа дээлийн хормойноос зүүгдэж, нэг л дуу муутай үдэж өгсөн сөн. Хүн бүл цөөтэй болохоор Батаас өөр хонины ээлжинд явах хүн үгүй. Хөөрхий муу хөгшин аав нь хөл муутай болсон тул ач хүү Батдаа хонь хариулах арга туршлагаа өвлүүлж, жаахан байхаас нь эхлэн хонь хариулахадаа дагуулж явсаар малын дөртэй болгожээ. Нас дээр гарсан болохоор номхон морь унасан ч бие нь агсагдаад ядрах тул хэзээний зүгээр сууж, гэрт хэвтэж сураагүй ажилч малч хүн болохоор тугал бяруу эргүүлэн, голын эргийн ширэг зүлгэн дээр гаанс толгойгоо нэрж өнгөрүүлнэ.
Батын эцэг Дорж хамжлага ард биш ч гэсэн энэ зунаас ойролцоо хамт саахалт буусан хошуу туслагч ноёны хамаг хар бор ажилд дайчлагдах болсон учир гэр орноороо үзэгдэж харагдах нь өдрийн од шиг. Ээж Палам нь гэр орны хамаг ажил, сүү сааль, цагаан идээний ажлаа эрхлэн, охин дүүтэй нь гэрт үлдэнэ. Батын өвөө үлгэр домог их мэдэх тул ойр хавийн хүүхдүүд оройн цагаар өөхөн дэнгийн гэрэлд өвгөний ярих үлгэр туульсыг сонсох гэж Батынд цугларцгаана.
Өвөөгийнх нь ярьсан үлгэрүүд дотроос газрын гаваар орж, газрын хааны гүнжтэй гэрлэдэг хоньчин хүүгийн тухай үлгэр хамгийн аймшигтай атлаа сэтгэлд хоногшин үлдсэн нь тэр. Хоньчин хүү Бат шиг өдөр бүр хонио хариулан уулын бэлээр явдаг байжээ. Гэтэл нэг өдөр газар шилгэж, хүү хоньтойгоо юутайгаа газрын гаваар ороод алга болчихжээ. Аав ээж ахан дүүс нь хайгаад олоогүй гэнэ. Түүнээс хойш олон жил өнгөрчээ.
Хүүгээ алдаад ганьхран гансарсан эцэг эх нь нэг хүү өргөж авав. Тэр хүү өсөөд бас л урьдын хоньчин хүү шиг хонио хариулдаг байлаа. Тэгтэл нэг өдөр галзуурсан чоно хонин сүрэг рүү нь дайрчээ. Яг энэ үед газар дороос нэг залуу хүү гарч ирээд нөгөө гайт чоныг харван алаад буцаад алга болчихжээ. Дараагийн удаа хорхойтсон баавгай хонь руу нь довтлоход нөгөө залуу хүү хаанаас ч юм бэ гарч ирээд аймшигт том баавгайг намнаж алаад мөн л урьдын адил ор сураггүй алга болсон гэнэ.
Эцэст нь харь газраас тэр нутагт арван толгойтой атгаалжин хар мангас ирж, айл амьтныг үймүүлэн, адуу малыг нь булааж, хонь ямааг нь өдөрт хэдэн арваар нь бүхлээр залгиж, хэдэн зуунд дуулдаагүй айхтар гай тотгор авчирчээ. Энэ үед “газрын хүү” дахин гарч ирээд аюулт мангасыг устган, ард олныг амаржуулж, амар сайхандаа жаргуулсан гэдэг. Хожим сонсвоос тэр “газрын баатар хүү” бол хоньтойгоо алга болсон хоньчин хүү газрын гаваар ороод газрын хааныд очиж, түүний гүнжтэй суусан байжээ. Тэр гүнжид газар дээрхийг хардаг шидэт толь байсан тул хоньчин хүү газар дээр гарч хөнөөлд өртсөн хүн амьтанд тусалдаг байсан гэдэг билээ.
Батын хамгийн дуртай үлгэр энэ бөгөөд туслагч ноёны муухай ааштай том охинтой ам мурийхаараа өөрийгөө “газар дор амьдардаг баатар хүү” болгож, Батыг эзгүйд хонио хариулж явсан сайхь охиныг чоно идэх гэхэд нь гарч ирж туслан, түүний амийг аварч, амийг нь аварсан ачит хүүд нөгөө ноёны муухай аашит охин “сайн болж” түүнтэй хурим хийж байгаагаар дүрслэн бодох дуртай сан. Туслагч ноён аавыг нь цаг наргүй зарахад дургүй хүү бас л газраас гарч ирээд, ноёныг шийтгэж, аавыгаа гэр рүү нь явуулж байгаагаар ургуулан бодно. Ямар ч хүнд үед “газрын баатар хүү”-гийн тусламжтай хэн нэгэнд тусалж, хэн нэгнийг аварч байна гэж мөрөөдөн боддог байлаа.
Угтаа бол тэдний аав ээж энэ нутгийн унаган хүмүүс биш л дээ. Цогт гүний хошууны Мэргэн тайжийн хамжлага боол байсан хүмүүс. Батын өвөө аавыг нь Наровванчин хийдэд айлчилж ирсэн Жалханз хутагт Дамдинбазарт шавь болгохоор очиход эцэгтэй нь багадаа хонь хариулж өссөн өвгөнд туслах ёстой гэж өнгөрсөн түүх, ирээдүй хойчийг бодсон хутагт “Хүн болгон лам болно гэж байхгүй. Зарим нэг нь хар байж, мал сүргээ өсгөж, хүнтэй сууж, эхнэр хүүхэдтэй болох хэрэгтэй” гээд өвгөнд өөрийн жасаас амжиргааны хэдэн мал тасалж өгөхөд өвгөн хүүгээ аван Булнай нуруунд ирж суурьшжээ.
Хүү нь нутгийн нэг ядуу айлын охинтой суусан ч ажилтай төрөлтэй бэр, ажилсаг хадам өвгөн, адуунд иртэй хүүгийн буянаар мал сүрэг нь өсч олшрон, ач хүүтэй болж, үрээгээ танихгүй баян, үрээ танихгүй өнөр болоогүй ч хүнээс гуйхгүй, хүнд боолчлогдохгүй амиа борлуулж, довоо шарлуулаад аминдаа зөв л амьдарч агсан. Насаараа мал хариулсан өвгөн ач хүүдээ бэлчээрийн маллагааны тухай өөрийн туршлагыг хэдэн жил хөтлөн дагуулж явахадаа сургажээ. Хаврын цагт яргуйтай газраар хонио туух, зуны цагт агь хиаг идүүлэх, мал төллөх цагаар ч хонио бэлчээрлүүлэх цагаа богиносгож болохгүй. Мал эзнээсээ гэдэг юм. Салхины чигийг зөв тогтоож, ургамлын тэжээлтэйг малдаа сонгож идүүлэх хэрэгтэй гэж олонтой зөвлөнө.
Бат хонио туусаар хоолойгоор өгсөж уулын мод руу нилээн дөхөж очив. Ойгоос тасран ургасан хэсэг модны дэргэд ойртож очтол хэдэн бодон гахай хамраа тачигнуулан ихэд ууртай байгаа бололтой чийгтэй хөрсийг соёогоороо хадрана. Зэрлэг гахайнаас эмээсэн Бат нохойгоо дуудлаа. Хойлог нэрт зүрхэн халтар нохой том толгойгоо хаялан сүртэй гүйж ирсэнээ олон бодон гахай хараад сүүлээ хавчсан аятай эзнээ бараадав. Ой дотор олон амьтны хөлийн чимээ үе үе гарна. Ойд түймэр болсон юм бол уу гэж Батыг гайхан харахад униартан хөглийсөн ойн модны орой бараан үүлс хучих тэнгэрийн дор ханартал салхилж буй харагдав.
Салхины чимээ улам ихсэж, ой мод үндсээрээ ганхах мэт сэвэлзтэл шуурч эхлэв. Ойгоос сүрэг сүрэг буга гөрөөс гарч ирээд хоолой дундуур уралдан давхиж, голын ус тахирлан мяралзсан хөндий рүү яаран одох нь нэг л жигтэй. Бат хонь руугаа эргэж, хонио шалавхан тууж хоолойгоос гаргах гэж шавдлаа. Хар үүлс зангиран хуралдсаар цахилгааны зурвас гэрэл нүд анивчуулан гялсхийнэ. “Үер болох нь дээ. Тэгээд ойн амьтад зөнгөөрөө мэдээд дайжин зугатаж байгаа юм байна. Эндээс хурдан явъя” гэж Бат шийдэв. Түүнийг хонио хоолой давуулаад өөрөө араас нь гүйж явтал тар хийсэн битүү чимээ цууриатав.
Хөл доорхи газар нь дайвалзан хөдөлж, тэнцвэрээ алдсан хөл нь өөрийн эрхгүй газар шургачин уналаа. Айсан Хойлог Батын дэргэд ирж, хоншоороороо түүний мөрийг татав. Ой мод тас тасхийн үндсээрээ сугаран нисэж, хад чулуу хаа дуртай газраа өнхөрнө. Бөөн шороо тоос босож нүдэнд юу ч харагдахгүй болов. Газар голоороо цуурч харанхуй том нүх үүсээд хоолой давж амжаагүй хоньд, нохойгоо тэвэрсэн Бат ч хар ангал руу хөл алдан уналаа.
Алсад үхэр мөөрөх, адуу янзгаах дуу холоос сонсогдоно. Аврал ирсэн ойн чоно улин хуцах нь одоо огт аймшиггүй бодогдоно. Батын хөл дээгүүр туулай, зараа, хэрэм зэрэг амьтад бөмбөрөн унана. Газар тэнгэр цөмөрч, хад чулуу, хөрс шороо, мод бургас хяхтнан хугарах, орилж чарлах дуу чих дөжиртөл хадна. Нүүр царай хамаг бие нь нойтон хөвд, навч, шилмүүс наалдсан Бат Хойлог нохойгоо тэвэрсээр газрын гаваар доош алга болов. Тэр хоромд хүүгийн нүдэнд тас харанхуй ангал дунд “газрын баатар хөвгүүн” түүнийг дуудах шиг санагдав. Тиймээ хоньчин хүү өвөөгийн ярьдаг “баатар хөвгүүн” боллоо. Тэр лус савдагын оронд очиж, дахин төрнө.
Түүний хүсэл биелжээ. Байгаль эх шилгээд шилээ харуулсан ч хорвоогийн амьдрал дуусахгүй. Тэр нэгэн цагт газар дээр гарч ирээд хонь хариулж яваа охин дүүгий нь айлгах хөвчийн хөх чоныг намнаж устгана. Хөл муутай өвөөгөө өргөж, хашин цагаан моринд нь салхиар дамжуулан муу модон янгиан дээр сэвхийтэл дэмнэж мордуулна. Аавыг нь өдөр шөнөгүй зарж суудаг туслагч ноёныг аадар бороогоор “ороолгож” аянга цахилгаантай нийлж байгаад, ахиухан “жавтий” хүртээнэ. Гэрийн дээвэр дээр тавьсан ээжийнхээ дэлгэцтэй хуруудыг элээнээс хамгаалж, мануухай болж үргээнэ. Уулын бэлийн сахлаг өвсөнд дуртай хонин сүргээ холоос харж, хазаар өвс зөндөөг бол зөндөөг ургуулж өгнө…
Л. Эрдэнэмөнх
2012 он Женев хот.
URL:




