Ерөнхийлөгчийн мэдээлэлтэй хаалттай чуулганы “нууц”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан  маргааш хаалттай хуралдах юм байна. Хаалттай хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдээлэл хийх гэнэ. Түүхээс харахад УИХ-ын хаалттай чуулган бүхний цаана цочирдом шийдвэр, эсвэл тохироо байсан.

Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож мэдээлэл хийх, тэр тусмаа хуралдааныг хаалттай горимд шилжүүлэх тухай мэдээлэл гарсан нь анхаарал татаж, учир шалтгааны хувьд олон таамаглалыг дагууллаа. Тухайлбал Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн энэ цаг үед, улс төрийн таван нам, бие даагчдын төлөөлөлтэй парламентын нэгдсэн хуралдаанд хийх түүний мэдээлэл улс төр, сонгуулийн гэхээсээ илүү Үндэсний аюулгүй байдал талаасаа чухал байх болов уу. Тэр тусмаа сүүлийн үед хамгийн их санаа зовоож маргаан дэгдээгээд байгаа эдийн засаг, ялангуяа 1,5 тэрбум ам,долларын бондын талаар байж мэдэх юм. Энэ тохиолдолд эдийн засгийн аюулгүй байдал талаасаа ҮАБЗ-ийн тэргүүн байр сууриа илэрхийлнэ гэхчлэн таамаглаж байна.

Сүүлийн өдрүүдэд бондын талаар, түүний хүүд хоног тутамд төлж буй их мөнгөний талаар санаа зовниж буй нь ч зүйн хэрэг. Мөн хүүд сул мөнгө төлж байхаар арилжааны банкуудад байршуулах санал ч газар аваад байна. Хэдийгээр энэ тохиолдолд хууль зөрчсөн хэрэг болохгүй ч урьд нь ийм зориулалтаар ашиглаж байгаагүй тул шинэ шийдвэр болох магадлалтай. Тиймээс хэрэв уг асуудлыг хэлэлцэхээр бол УИХ хаалттай хэлэлцэж магадгүй гэж үндэслэл байгааг үгүйсгэх аргагүй.

Түүнчлэн “УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн барьцаанд байна” гэх мэдээлэл Төрийн тэргүүнийг УИХ-ын чуулган дээр хаалттай мэдээлэл хийхэд хүргэсэн байж болох юм. “Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэнэ”, “Н.Энхбаярын эрүүл мэндийн байдалтай холбоотой”, “Төмөр зам, ОХУ-аас ШТС оруулж ирэх асуудлаар ҮАБЗ байр сууриа илэрхийлэх байх” гэх зэргээр урьдчилсан таамаглалууд хөвөрсөөр байна.

Ер нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан ил тод байдгаараараа ардчиллын тод илэрхийлэл болдог. Тийм ч учраас ард түмэн 20 гаруй жил энэ тогтолцоог илүү гэж үзэж сонголтоо хийсээр ирсэн. “Сүүнд түлэгдсэн хүн тараг үлээнэ” гэгчээр Засгийн газрын 20 дугаар тогтоолоос хойш олон нийт хаалттай хуралдаанаас битүүхэн эмээх болсон нь ч үнэн. Тухайлбал 1991 оны нэгдүгээр сарын 15-нд Улсын бага хурал хаалттай хуралдаж “Эдийн засгийг зах зээлийн зохицуулалтад шилжүүлэх зарим арга хэмжээ”-ний талаар хэлэлцсэн байгаа юм. Гэвч энэ даруухан нэрийн цаана Засгийн газрын 20 дугаар тогтоолыг баталж мөнгөний ханш “унагасан”. Энэ бол маш хүнд цохилт байв. Ялангуяа “социалист хөрөнгөтөн”-үүдэд хүндээр тусаж тэдний зарим нь ч сэтгэцийн эмгэгтэй болсон нь ч бий.

Мөн 2008 оны долоодугаар сарын 1-ний үймээний дараахан УИХ хаалттай хуралдсан нь чухам ямархан тохироо хийсэн байж болох талаар нэлээд хардлага, таамаглалыг дагуулсан юм. Түүнчлэн 2011 оны зургаадугаар сарын 12-нд УИХ-ын чуулган Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нарын санаачилгаар хаалттай хуралдсан. Уг хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр байсан. Энэхүү хуулийн төсөлд Үндэсний аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсоох чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтан харилцаа холбооны сүлжээнд холбогдох, түүнийг хуульд заасан зорилгоор хангах үүрэгтэй байх тухай тусгасан байсныг төрийн нууцтай холбоотой хэмээн үзэж чуулганыг хаалттай хуралдуулахаар шийдсэн байдаг.

Түүнчлэн 2011 оны хоёрдугаар сарын 10-нд Гадаад бодлогын үзэл баримтлалтай холбоотой асуудлыг УИХ-ын чуулган хаалттай хэлэлцсэн бол 2011 оны зургаадугаар сарын 3-нд УИХ-ын чуулганы нэгдсэн чуулганыг хаалттай горимд шилжүүлэн хуралдсан. Уг хуралдаанаар Тагнуулын байгууллагын тухай болон Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлуудыг тус тус хаалттай хэлэлцсэн.

Үүний дараа 2011 оны арванхоёрдугаар сарын 1-нд Монгол Улсын Эрдэнэсийн сангийн гүйлгээний 2011 оны орлого, зарлагын тухай мөн л хаалттай хэлэлцсэн нь анхаарал татаж байв. Харин энэ удаад хаалттай чуулганы дараа ямар нэг шийдвэр гартал таамаглал дэвшүүлэхээс өөр зүйлийг хэн ч хийж чадахгүй бололтой.

 

У.Оргилмаа


URL:

Сэтгэгдэл бичих