Р.Жигжид: Нефтийн үйлдвэр 2016 оны хавар ашиглалтад орох боломжтой
Засгийн газраас ТЭЗҮ-г нь эцэслэн боловсруулахыг даалгасан “Дархан – Газрын тосны үйлдвэр” төслийн талаар Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Жигжидтэй ярилцлаа.
-Шинэчлэлийн Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд газрын тос боловсруулах үйлдвэр барина гэсэн. Энэ ажлын явц ямар байна?
-Манай улсад газрын тосны үйлдвэр барих хэрэгцээ бол зайлшгүй байгаа. Учир нь бензин, дизель зэрэг газрын тосны бүтээгдэхүүний хувьд ОХУ-аас 100 хувь хамааралтай байна. Сүүлийн жилүүдэд Солонгос, Кувейт, Белорус зэрэг хэд хэдэн эх сурвалжаас шатахуун нийлүүлэх асуудлаар хамтран ажиллаж байна. Гэхдээ газрын тосны бүтээгдэхүүнээ найдвартай хангахын тулд дотооддоо үйлдвэр барих нь Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал юм.
Хоёрдугаарт, газрын тос, газрын тосны бүтээгдэх үүн ард түмний өдөр тутмын хэрэгцээт барааны суурь үнэ болж байдаг. Тэр суурь үнийг бүрдүүлэгч гол бүтээгдэхүүн учраас улсаас зайлшгүй нэгдсэн бодлого барих хэрэгтэй. Дээрээс нь нефть боловсруулах үйлдвэр барьснаар ирээдүйн газрын тос химийн үйлдвэрийн суурь болох юм. Манай улс газрын тосны бүтээгдэхүүн олборлож байна. 2014 оноос олборлолтын хэмжээ жилд нэг сая тоннд хүрэх төлөвтэй байгаа. Тэгэхээр дотоодынхоо түүхий эдийг ашиглана.
Шинэчлэлийн Засгийн газар бүрэн эрхийн хугацаандаа газрын тос боловсруулах үйлдвэр барих зорилтыг тавьсан. Энэ дагуу тодорхой чиглэлийг Уул уурхайн яаманд өгсөн байгаа.
-Уул уурхайн яамнаас “Дархан-Газрын тосны үйлдвэр” төслийг сонгож, Засгийн газраар дэмжүүлсэн мэдээлэл байна. Яагаад энэ төслийг сонгосон юм бол?
-Уул уурхайн сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан. Дараа нь газрын тосны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын төлөөллийг цуглуулж уулзсан юм. Тусгай зөвшөөрөлтэй компани одоо зургаа байгаа. Төрийн зүгээс тавьж байгаа шаардлагууд бий л дээ. Тухайлбал, жилдээ нэг сая тонноос доошгүй газрын тос боловсруулна. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр ирээдүйд аж үйлдвэрийн цогцолбор болгон өргөжүүлэхэд хэрэгтэй. Бас мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар ийм хэмжээтэй байж чанар болоод гарцын хувьд сайн байдаг юм билээ. Ингээд нийтдээ есөн компанийн дотроос чанарын шаардлага хангасан гэдэг үндэслэлээр “Дархан-Газрын тосны үйлдвэр” төсөл яах аргагүй толгой цохиж, ялгарсан юм. Хоёр сая тонн түүхий нефть боловсруулах хүчин чадалтай. Японы олон улсын банкны санхүүжилтээр урьдчилсан ТЭЗҮ нь хийгдчихсэн. Ирсэн төслүүдийг харьцуулахад энэ төсөл илүү дөнгүүр байсан юм. Гэхдээ засах, нэмэх, сайжруулах зүйлүүд ч бий. Бид үүн дээр нь ажиллаж байна. Өнөөдөр яг энэ төслийг сонгочихлоо гээд хатуу шийдчихсэн юм байхгүй.
-Энэ асуудалд төр оролцоно гэсэн шалтгаанаар бусад дотоодын компаниудыг дэмжихгүй байгаа асуудал бий юу?
-Стратегийн бүтээгдэх үүн гэдэг утгаар төрийн оролцоо зайлшгүй байх ёстой гэсэн чиглэлийг барьж байгаа. Олон улсад ч ийм практик бий. Эхэндээ төр хариуцаж байгаад яваандаа хувьд шилжүүлдэг жишиг ч бий. Ялангуяа манай улс шиг гаднаас 100 хувь хараат байгаа нөхцөлд том үйлдвэрийн хувьд яалт ч үгүй төр оролцох ёстой. Бусад компаниуд бий. Бид бүгдийг нь жагсааж, холбоотой бүх мэдээллийг судалж үзсэн. Ихэнх нь жижиг компани. Хөрөнгө оруулалт хийгээд үйлдвэр барьж байгуулах асуудал тэдний хувьд нээлттэй. Эдгээрийг хориглоод, боогоод байгаа зүйл огт байхгүй.
-Түүхий эдээ Оросоос нийлүүлэхээр бэлэн бүтээгдэхүүн авснаас ялгаагүй байдал үүснэ гэсэн шүүмжлэл бий. Дотоодын нөөцөө ашиглах боломж байхгүй юу?
-Мэдээж бид дотоодын эх үүсвэрт суурилах асуудлыг эхний ээлжийн зорилгоо болгосон. Гэтэл ойрын жилүүдэд манай олборлолт сая тонноос нэг их илүү гарахааргүй байна. Үйлдвэрлэлийн хэмжээ, зорилтыг харахаар зайлшгүй тодорхой хугацаанд гадаад үүсвэр ашиглахаас аргагүй байна.
-Яагаад?
-Өөр асуудал л даа. Түүхий нефтийн хувьд дэлхийн зах зээлийн үнээр талууд бие биедээ худалддаг зарчимтай. ОХУ дэлхийн худалдааны байгууллагад элссэн болохоор шатахуунд барьж байгаа бодлого шигээ хандах арга байхгүй. Тэгэхээр нефтийг харьцангуй тогтвортой нийлүүлэх боломж бий. Олон улсад гаднаас нефть аваад дотооддоо нэрдэг туршлага бий. Нэг хэсэгтээ бид ийм зам руу орохоос өөр аргагүй байна.
-”Дархан-Газрын тосны үйлдвэр”-ийн хувьд цаг хугацааны хувьд нэлээд удах гээд байна. Хэзээ бид үйлдвэртэй болох вэ?
-Урьдчилсан ТЭЗҮ болон Японы талынхны хэлж байгаагаар энэ хавар ажил нь эхэлвэл 2016 оны хавар дуусна. Гэхдээ урьдчилж шийдэх, зохицуулах асуудал ч байна. Бид яг үүн дээр ажиллаж байна.
-Тэгэхээр 2016 он хүртэл дахиад дөрвөн жил бид шатахуунаа гаднаас авах нь. Энэ хугацаанд компаниудын санал болгоод байгаа жижиг үйлдвэрүүдийг дэмжээд, дотоодын хэрэгцээнийхээ талыг ч болов хангаад байж болохгүй юу?
-Яг боловсруулчихсан ТЭЗҮ өнөөдөр алга. Хөрөнгийн асуудал нь шийдэгдчихсэн төсөл бас алга. “Дархан-Газрын тосны үйлдвэр”-ийн санхүүжилтийг японууд бүрэн шийдэхээр байгаа шүү дээ. Харин дотоодын компаниудын хувьд Засгийн газраас хориглоод байгаа юм байхгүй. Зургаан компанид тусгай зөвшөөрлийг нь өгчихсөн байгаа. Үйлдвэр барих асуудал нээлттэй гэсэн үг. Гэхдээ гарч байгаа бүтээгдэхүүний хэмжээ, дайвар бүтээгдэхүүний хувьд ялгаатай төслүүд байгаа юм. Мэргэжлийн хүмүүсийн ярьж байгаагаар нэг саяас доош газрын тос нэрэх хүчин чадалтай компаниудын хувьд өрсөлдөх чадвар нь бага гэдэг юм билээ. Тусгай зөвшөөрөл өгнө гэдэг бол Засгийн газар зөвшөөрчихсөн гэсэн үг. Ерөнхий сайд энэ компаниудын төлөөллийг бүгдийг нь дуудаж, нэгбүрчлэн уулзсан шүү дээ. Засгийн газар аль болох чөлөөтэй, нээлттэй бодлого баримталж байгааг дахин хэлье. Дарханы төслийн хувьд харьцангуй бэлэн болчихсон, олон жилийн турш яригдаж байгаа учраас олны анхааралд өртөөд байх шиг байна. Бидний хувьд аль болох хурдан бас алсыг харсан төслийг дэмжмээр байна. Зөвхөн энэ төслийг сонгочихоод бусдыг нь хаяад байгаа зүйл огт байхгүй.
-Дотоодын компаниуд ТЭЗҮ-гээ улам сайжруулвал, Засгийн газраас адилхан дэмжинэ гэсэн үг үү?
-Тэгэлгүй яахав. Эцсийн дүндээ компанийн үр ашгийг бас бодолцох хэрэгтэй. Гэхдээ компаниуд Засгийн газраас өөр юу хүсээд байгаагаа тодорхой хэлсэн юм одоог хүртэл алга байна.
-”Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр”- ийн хувьд ашиглалтын зардал өндөртэй. Дээрээс нь Оросоос түүхий эд авна. Зээлээ төлнө. Хэр хугацааны дараа хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх тооцоотой байгаа вэ?
-Хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа нь дөрвөн жил. ТЭЗҮ боловсруулах явцдаа япончууд их олон талаас нь харсан юм билээ. Усны хэрэгцээ, цахилгаан, эрчим хүч, зам гээд олон зүйл хэрэгтэй. Мөн зах зээлдээ ойрхон байх хүчин зүйл бас чухал. Дараа нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэхэд энэ байршил нь ерөнхийдөө болж байгаа юм байна.
-Гэхдээ уул уурхайн томоохон ордууд зэрэг эцсийн хэрэглэгч нарт хүргэхэд энэ байрлыг тохирохгүй гэлцэх юм?
-Төмөр замд ойрхон. Дархан, Эрдэнэт, Улаанбаатарын хэрэглэгчдэд ойрхон. Ирээдүйн төмөр замын сүлжээнд холбогдоход боломжтой. Дээр нь Оросоос орж ирж байгаа нефтийг авахад дөхөм. Нефтийн хангалтыг баталгаажуулах тал дээр бид одоо илүү анхаарч ажиллаж байна.
-Манай газрын тосны бүтээгдэхүүний олборлолтын байдлыг харахад ойрын ирээдүйд олигтой өсөх боломж харагдахгүй байна. 2029 онд дөнгөж 1.6 сая тоннд хүрэх юм байна. Энэ чиглэлээр танайх ямар ажил хийж байна?
-Энэ бол одоо олборлож байгаа Тамсаг 21, Тосон уул-19, Бүтээгдэх үүн хуваах гэрээ 97 гэсэн гурван талбайн олборлолтын хэмжээ. Бусад талбайд одоо хайгуул хийгдэж байна. Манай тооцоогоор ашиглалтын баталгаат нөөц 44 сая тонн гэдэг. Манайх бүтээгдэх үүн хуваах гэрээ 18-ыг хийсэн байдаг. Цаашид дахиад шинээр 30-аад гэрээний талбайг ялгачихсан байна. Тэгэхээр энэ хэмжээ нэмэгдэнэ.
Б.Солонго
![]()
URL:













