“Соёолж” төв хөлдөж 70 сая төгрөгийн хохирол амслаа
Ойрын үед өвлийн идэр есийн улирал эхэлж шөнөдөө -35 градусаас буухгүй хүйтэрч байна.
2013 оны нэгдүгээр сарын 10-ны шөнө “Соёолж” төвийн цахилгаан тасарсны улмаас эргэлтийн насос ажиллахгүй болж улмаар тус төвийн халаалтын хоолойнууд 100 хувь хөлдөж хагарчээ. Энэ талаар “Соёолж” ХХК-ийн Аж ахуй эрхэлсэн дарга Д.Машбатаас тодрууллаа.
Тэрээр “Манай төв нь шилэн хүлэмжид байдаг учраас халаалт болон цахилгаан хангамжийн хувьд 100 хувийн найдвартай байх шаардлагатай байдаг. 2013 оны нэгдүгээр сарын 10-ны шөнө 03 цагийн үед цахилгаан тасарч 06 цагт ирэх хооронд манай дулааны бүх хоолойнууд хөлдөж үүний улмаас манай төвийн үйл ажиллагаа бүрэн зогсоод байна. Тэр шөнө гадаа -35°С-ийн хүйтэн байсан. Энэ үед халаалт зогсвол шилэн хүлэмжид нэг цагийн дотор хөлдөлт үүсдэг. Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард манай төв яг энэ байдлаар хөлдөлт үүсч зогсож байсан. Энэ удаагийн хөлдөлтөөр манай төвийн халаалтын бүх хоолойнууд хөлдсөн тул 70 гаруй сая төгрөгийн хохирол учраад байна. Одоогийн байдлаар гурван компанийн 30-аад ажилтан ажиллаж хөлдөлтийг гэсгээх, солих зэрэг ажлуудыг хийж байна.
Хүйтний ид үе буюу арванхоёр, нэгдүгээр сард цахилгаан хангамжийг шөнийн цагаар тасалснаас болж аж ахуй нэгж байгууллагуудад хөлдөлт үүсч байгаа тул эрчим хүчний газраас шөнийн цагаар цахилгаан хангамжийг хэвийн байлгах шаардлагатай байна. Хэрвээ яах аргагүй тог таслах бол урьдчилан хэлж анхааруулах нь зүйтэй” гэлээ.
Э.Алтанцэцэг
![]()
URL:





