Зөвлөгөөн, семинар, нээлттэй хэлэлцүүлэгтэй долоо хоног болно гэв
УИХ-ын Тамгын газрын ХМОНХХ-ийн дарга Д.Энхтуяа өнөөдөр 12.30 цагаас Төрийн ордны хуралдааны Г танхимд сэтгүүлчдэд зориулж УИХ-аас өнгөрсөн долоо хоногт хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлууд болон энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэх хууль тогтоомж, бусад үйл явдлын талаар уламжлалт мэдээллээ хийлээ.
Тэрбээр мэдээллийнхээ эхэнд УИХ өнгөрсөн долоо хоногт нэлээд ачаалалтай ажиллаж, хэд хэдэн хууль, тогтоол хэлэлцэж шийдвэрлэсний зэрэгцээ цаг үеийн шинжтэй зарим чухал үйл явдал болж өнгөрснийг тэмдэглээд зарим чухал хууль тогтоомжийн талаар дэлгэрүүлэн тайлбарлав.
Тухайлбал, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын эрх зүйн үндсийг тогтоож, хадгаламжийн даатгалын сан, түүний удирдлагыг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулах Хадгаламжийн даатгалын тухай хуулийн төсөл болон уг хуулийг дагалдуулан 6 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол баталсныг дурдав.
Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар мөн Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталснаар УИХ-д албан ёсны бүлэгтэй болсон МАН-ын бүлгийн гишүүд болон УИХ-ын гишүүний тангаргаа өргөөд удаагүй байгаа гишүүд байнгын хороодод харьяалагдаж, байнгын хороод хуулиар тогтоосон тоо хэмжээний гишүүдтэй болсноор хууль тогтоомж хэлэлцэн батлах, хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэх боломжтой болж буй Д.Энхтуяа дарга онцлон тэмдэглэлээ.
Шинэ он гарсаар гишүүдийн ирцийн асуудалд олон нийт нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Батзандан, Б.Бат-Эрдэнэ, Г.Баярсайхан, Д.Сарангэрэл, нар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл санаачилсныг ХМОНХХ-ийн дарга тайлбарлахдаа
“УИХ-ын үйл ажиллагаанд хуульд заасан ирцийг бүрдүүлэхгүй, хуралдаан зохион байгуулах, санал хураахад бусдын өмнөөс санал өгөх тохиолдол гарсаар байгаа учраас УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулж, хуралдаанд ирц бүрдүүлэх, санал хураахад биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/ -ийн төхөөрөмж ашиглах эрх зүйн орчинг бүрдүүлэх хуулийн төсөл боловсруулсан”, УИХ энэ төслийг хууль журмынхаа дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ хэмээн мэдээлэв.
Өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэсний дотор Шүүхийн тухай багц хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг төслийг нэрлэж, Г.Уянга гишүүний санаачилсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг байнгын хороо дэмжээгүй ч чуулганы нэгдсэн хуралдаанаас төслийг хэлэлцэхийг дэмжсэнийг мөн дурдлаа.
Үүний зэрэгцээ Засгийн газраас оруулж ирсэн Төрийн нууцын жагсаалт батлах тухай хульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл чуулганы нэгдсэн хуралдаан дээр нэг гишүүний саналын зөрүүтэйгээр дэмжигдээгүй, ийм тохиолдолд шинээр мөрдөж байгаа УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар хууль санаачлагч төслөө дахин өргөн мэдүүлэх боломжтой гэлдгийг тайлбарлалаа.
Түүнчлэн өнгөрөгч долоо хоногт Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 21 жилийн ойн өдөрт зориулсан арга хэмжээг орон даяар тэмдэглэн өнгөрүүлсэн, УИХ-ын даргын ажлын албаны орон тоог шинээр тогтоож, Төрийн албаны зөвлөлийн даргыг томилсон зэрэг чухал үйл явдлууд болж өнгөрснийг Д.Энхтуяа дарга сэтгүүлчдэд тоймлон сануулав.
Мэдээллийнхээ эцэст тэрбээр энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтомж болон бусад үйл явдлын талаар сэтгүүлчдэд сонордууллаа. Тухайлбал, энэ долоо хоногт УИХ-ын эмэгтэй гишүүд “Эрүүл хотод амьдаръя” сэдэвт зөвлөгөөн, Өргөдлийн байнгын хорооноос “Өргөдлийн байнгын хорооны үйл ажиллагааны чиглэл, цаашдын чиг хандлага” сэдэвт семинар,
НББСШУБХ-ннос “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон дагалдах бусад хуулийн төслийн талаарх” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахын дээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг зарим аймгийн Засаг даргын томилгооны тухай асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд мэдээлэл хийх юм.
С.Отгонцэцэг
URL:




