Н. Энхбаярыг 1 дүгээр эмнэлэгт шилжүүллээ

Энхбаярын төлөө ээжүүд өлсгөлөн зарлаад багагүй хугацаа өнгөрлөө. Шүүхээс түүнд 2,6 жилийн ял оноосон ба эдүгээ Ганцхудаг буюу хорих 441 дүгээр ангид ял эдлэж байгаа. Түүний төлөө ээжүүд дээр нэгдэхээр аавууд ч “өлсөхөөр” ирсэн. Бүр 94 настай эмээ хүртэл өлсгөлөн зарлахаар шийдсэн ч эмч нарын хоригоор одоохондоо өлсгөлөн зарлаагүй яваа. Хууль зүйн сайдын онц хүнд, хүнд гэмт хэрэгтэй хүмүүжигчийг шаардлагатай тохиолдолд гуравдугаар шатлалын эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх шийдвэр гарсан тул Н.Энхбаярыг 3 дугаар шатны эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх шаардлагатай хэмээн өлсгөлөн зарлагсад үзэж байгаа аж.

Тиймээс экс ерөнхийлөгчийг урд  шөнө 00.00 цагт Улсын нэгдүгээр төв эмнэлэгт шилжүүлэхээр болжээ. Тус эмнэлгийн удирдлагууд, эмч мэргэжилтнүүд экс Ерөнхийлөгчийг хүлээн авах бэлтгэлийг хангаж, бөөрний тасагт хэвтүүлэхээр бэлтгээд байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Энэ талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх, МАХН-ын гишүүн н.Жамбалжаваас тодруулахад “Биеийн байдал нь хүнд байгаа. Өнөөдөр шилжүүлэх эсэхийг сайн мэдэхгүй байна. Одоогийн байдлаар шүүхийн шийдвэрийг хүлээж байна” гэсэн юм.

Ямартай ч Х.Тэмүүжин сайдын гаргасан шийдвэрээр бол Н.Энхбаяртай хамт биеийн байдал нь хүнд байгаа хэд хэдэн хоригдол Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хүргэгдэж ирсэн бололтой.

Д.БАТ


URL:

Сэтгэгдэл бичих