Ц.Элбэгдорж сонгуулийн ажлаа Дорнодоос эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдорж сонгуулийн албан ёсны сурталчилгаагаа өчигдөр Дорнод аймгаас эхлүүллээ.
Төрийн тэргүүний иргэд хөдөлмөрчидтэй хийсэн уулзалтыг Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав нээхдээ “Дарийн утаа үнэрлэсэн Чойбалсан хотыг баатар хотын хэмжээнд үнэлж, улаан тугийн одонгоор шагнасан анхны Ерөнхийлөгч бол Ц.Элбэгдорж юм” хэмээн үнэлсэн юм.  Үүний дараа УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж “Ц.Элбэгдорж бол энэ цаг үеийн зөвшилцөл, хэлцэл, ойлголцлолын эцэг мөн” гэж хэллээ.  Харин УИХ, Засгийн газрын гишүүн, ИЗНН-ын дарга С.Оюун “2009 онд Ц.Элбэгдорж даргыг дэмжсэн нь зөв байсан нь өнгөрсөн дөрвөн жилд батлагдлаа. Тэрээр сайн засаглал, шүүхийн хараат бус байдал авлигын эсрэг эр зоригтой, тууштай тэмцэж ирлээ. Энэ үйл хэргийг нь бид цааш үргэлжлүүлэхийн төлөө байгаа” гэв.

Нэр дэвшигчийн багийн бүрэлдэхүүнд яваа “Сонгодо” эмнэлгийн захирал Б.Болдсайхан “Монгол Улс төрт ёсны 2200 жилийн түүхэндээ гурван том хувьсгалыг хийсэн. XIII зууны Чингэсийн үе, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1990 оны цагаан морин жилийн хувьсгалууд юм. Энэхүү хувьсгалыг эхлүүлсэн, энэ цаг үеийн удирдагч Ц.Элбэгдоржийн үйл хэргийг нь үргэлжлүүлэхийн төлөө дахин сонгох ёстой гэж нам бус миний хувьд үзэж, дэмжиж байгаа. Надтай адил нам бусчууд ч дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Түүнчлэн ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг “Хүн бүхэнд хийж чадах боломжийг нь олгоё. Нэг нь Монгол түмнийхээ Төрийн тэргүүн нь  байг. Нэг нь Монгол төрийн наадмынхаа тэргүүн нь байг. Бүтээн байгуулалт эхэлж байгаа энэ үед бидэнд тогтвортой төр хэрэгтэй. Дэмжиж, тусалдаг Ерөнхийлөгч хэрэгтэй. Эхэлж сонгогдсон Ерөнхийлөгч иргэд түмнээ гэдэг. Эргэн сонгогдсон Ерөнхийлөгч эх орноо боддог. Анх сонгогдсон Ерөнхийлөгч амлалт ярьдаг бол ахиад сонгогдсон Ерөнхийлөгч  ард түмнээ ярьдаг юм” гэж Дорнодчуудтай нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн хийсэн уулзалтын салхийг хагалсан юм.

Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Тэрбээр “Дорнодод энэ жил 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт ирнэ. Үүний 10 тэрбумыг ард түмэн та бүхэн мэдэж, шийдэх болсон. Ийм эрх мэдлийг та бүхэнд олгохын төлөө Ерөнхийлөгч миний бие өнгөрсөн дөрвөн жил ажиллалаа. Өнөөдөр УИХ-ын чуулганаас илүүтэй Иргэдийн нийтийн хурал сонирхолтой болдог болсон. Цаашид ашигт малтмалыг ашиглах, ашиглахгүй эрхийг иргэдийн их хурлаараа та нар шийддэг болохын төлөө би ажиллана.

Мөн гаднаас ажиллах хүч авдаг байдлыг зогсоож, дотоодоосоо бүрэн хангахын төлөө би ажиллах болно. Миний бас нэг хэлэх зүйл бол монголчууд олуулаа болох хэрэгтэй. Залуу ээжүүдэд сар бүр цалингийн доод хэмжээтэй тэнцэх цалинг хоёр жилийн турш олгоно. Цэцэрлэгийг гэрт нь, ажил дээр нь бий болгоно. Таван хүүхэд гаргасан эхэд ийм тооны хүүхдүүдийг харж, асарч байгаа ээжүүдэд нэг хүүхдийн хувьсах зардлаар тооцож, жилд нэг сая төгрөгийн цалин өгнө. Ингэж эцэг, эхчүүдийн зовлонг нимгэлнэ.

Нөгөө талаас тэтгэврийн сангаа сайн бүрдүүлье. Монголын байгалийн баялгаас орж ирж буй хөрөнгөөр тэтгэврийн сангаа баталгаажуулна. Ийм тогтолцоо руу шилжихийн төлөө би ажиллана. Байгалийн баялгаас орж ирж буй хөрөнгө нэг компани, нэг гэр бүлийн хөрөнгө бус дор хаяж 40 мянган иргэнд очих тогтолцооны эхлэл энэ юм.

Би авлигачдын нурууг бөхийлгөж, ард түмний нурууг тэнийлгэнэ гэж дөрвөн жилийн өмнө хэлж байсан. Энэ амлалт хэрхэн биелж байгааг та бүхэн харж байгаа байх. Өнөөдөр шоронд сууж байгаа МИАТ-ийн дэд захирал нэгний та бидний хөрөнгөөс завшсан мөнгөөр 40 цэцэрлэг барихаар байна. Авлигачдын нуруу бөхийж байгаа нь энэ. Авлигатай тэмцэнэ гэдэг бол миний мөрийн хөтөлбөр биш, миний араншин юм.  Би хоёр удаа Ерөнхий  сайдаас огцрохдоо авлигачидтай тэмцэж байж огцорсон. Харин намайг ард түмэн дэмжиж ирсэн. Би одоо хоёр дахь удаагаа Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож байж Монгол орноо авлигачидаас цэвэрлэх болно. Энэ ажил ид эхэлж, хүчээ авч байна. Дунд нь хаяж болохгүй.

Шүүхээс гарч буй бүх шийдвэр нээлттэй болсон. Миний зүтгэж байж батлуулсан Эвлэрүүлэн зуучлах хууль хэрэгжиж эхлээд удаагүй байна. Шүүх дээр очсон хэргийн ихэнх нь шоронд явдаг байсан бол энэ хууль хэрэгжиж эхэлсэнээр эвлэрүүлэн зуучилж, гэр рүүгээ нь буцаж байна. Ингэснээр шоронд явагдсадын тоо 40 хувиар буурах тооцоо гарч байна” хэмээн өнгөрысөн сонгуулиар амалсан амлалт, мөрийн хөтөлбөрийнхөө биелэлтийг нэр дэвшигч Ц.Элбэгдорж дорнодчуудад танилцууллаа.

Г.ДАРЬ

 


URL:

Сэтгэгдэл бичих