Эрх чөлөөнд хэн ч дүр эсгэдэггүй
iPad 3, Nikon D5100 гэдэг хоёр “лут туслахынхаа ачаар” АНУ-ын Ерөнхийлөгчийн 57 дахь Тангараг өргөх ёслолын эргэн тойрноос хийсэн фото сурвалжлагаа хүргэж байна. Б.Жаргал АНУ.Вашингтон ДС. 2013.01.21

Энэ үгээр энэ сурвалжлагаа нэрлэмээр санагдав. Учир нь энэ бол Нэгдсэн улсын Ерөнхийлөгчийн 2004 онд Ардчилсан намын Үндэсний Чуулганд хэлсэн “их” алдартай үг.
Энэ үгийн үнэ цэнийг 2013 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг газар дээр нь очиж үзэх үеэрээ мэдрэв. Нэгдсэн Улс. Тангараг өргөх ёслолын утга учир нь энэ үгний үнэ цэнийг батлах мэт санагдсан юм.
Тангараг өргөх ёслолын өглөө цельсийн хасах 3 хэмтэй, сэрүүхэн байсан ч хэвлэлийнхний мэдээлж байсан 700-800 мянган хүн оролцох байх гэсэн таамаг төвөггүйхэн биелэлээ олов. CBS News –ийн мэдээлснээр ойролцоогоор 1 сая орчим хүн цуглав. 2009 оны тангараг өргөх ёслолтой харьцуулахад бага тоо хэдий ч энэ бол бодит амьдрал дээр их тоо, нэг сая хүн, эсвэл зуу зуун мянган хүн нэг дор цуглалаа гэж бичих нь хүртэл их сонсогдоно. Амьдралдаа анх удаа ийм олон хүн нэг дор цуглахыг үзэв.


Хэдэн арван мянган цэрэг цагдаа сайн дурынхан, аюулгүйн албаныхан энэ ёслолыг зохион байгуулахад оролцов. Тухайлбал, msm.com сайтад бичсэнээр 250 мянган сайн дурынхан, 147 морь оролцсон гэнэ. Тоогоор илэрхийлэхэд сонирхолтой бас нэг ажил бол зөөврийн бие засах газар. Энэ олон зуун мянган хүний бие засах хэрэгцээ хажуугийн байшин руу гүйж ороод, “жижүүрээс нь 00 руу чинь нэг орчихъё гэж гуйгаад” л хангагдана гэвэл хэзээ ч бүтэхгүй зүйл. Хасах 3 хэмийн хүйтэнд “халуун кофе ихээр уусан, гадна дотны хэдэн зуун мянган хүн”-ий энэ хэрэгцээг хэрэв эрэмбэлвэл “аюулгүй байдал”-тай энэ “зэрэгцэхүйц” чухал билээ.

Ямар ч очер дараалалгүй, ямар нэгэн төлбөр төлөхгүй, цэвэрхэн тохилог “2400 зөөврийн жорлон” тангараг өргөх ёслолын үеэр ажилласан гэсэн тоог wtop.comсайт гаргажээ. Мэдээж зохион байгуулагчдын зүгээс багагүй хэмжээний төлбөр авсан нь тодорхой. Хэн гэдэг “азтай эр ийм сүрхий бизнес” хийснийг энэ зурган дээрх хаягаар хайгаад мэдэж болно.
Тангараг өргөх ёслол нь АНУ-ын Ерөнхийлөгч, Дэд Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан эрхмүүд, Сенат, Конгрессын гишүүд, гадаад улс орнуудын Элчин сайд нар, урлаг соёлын одууд гээд аюулгүй байдал нь хуулиараа ч өндөр хэмжээнд хангагдах ёстой хүмүүс цугладаг дэлхий нийтийн анхаарлыг яахын аргагүй татах арга хэмжээ. Гэхдээ бас гудамжинд зогсоод ажлаа хийж байгаа жижиг худалдаачин, аавыгаа дагаж ирсэн бяцхан хүү, ямар ч нөхцөлд ажлаа амжуулж явдаг телевизийн зураглаач нар гээд хэн хүссэн бүхэн очиж сонирхож болох ямар нэгэн хориг саадгүй, алагчлах ангилагдах зүйлгүй “шоу” юм.

Энэхүү ёслолыг үзэхээр зөвхөн америкчууд, зөвхөн Вашингтон хотынхон мэдээж цуглаагүй. Дэлхийн өнцөг булан бүрээс исэн хүмүүстэй таарч байлаа. Хойд Каролинагаас ирсэн орон нутгийн телевизийн зураглаачтай таарч ажлыг нь сонирхлоо. Ерөнхийлөгч Обамагийн тангараг өргөх ёслолыг анх удаа сурвалжилж байгаа гэнэ. Малгай дээрх “Mongolia” гэсэн бичгийн маань хараад гайхаж “тийм холоос” ирж байгаа юмуу хэмээн асууж байсан юм. Тангараг өргөх ёслолын хамгийн нийтлэг дүр төрх бол хүзүүндээ зургийн аппараттай, дурантай, гартаа утас юмуу iPadбарьсан хүмүүс. Зураг авч фээсбүүк, твиттер болон бусад олон нийтийн сүлжээгээр хэвлэлийнхнээс дутахгүй энэ арга хэмжээг дэлхий нийтэд, интернэт хэрэглэгчдэд дамжуулан хүргэсэн юм. Зуу зуун мянган хүний үлдээсэн постод зуу зуун сая хүн коммент бичнэ. Хэн ч тэднийг “регистрийн дугаараараа бүртгүүл” гэж хянаж цагдахгүй нь ойлгомжтой.

Дэгжин ганган америкууд, хаа ч явсан тоглож зугаацаж өөрсдийгөө баясгаж явдаг хөгжилтэй залуучууд, Ерөнхийлөгчийнхөө тангараг өргөхийг хүлээн газар хэвтэн амарч буй булган дээлтэй, ганган африкан-американ авхай, бараг “өвсний толгой найгахыг андахгүй ажиглан харах аюулгүйн албаныхан”, зүгээр л албан үүргээ гүйцэтгэж байгаа армийнхантай энд таарч байлаа.


Сонгуулийг зөвхөн улс төрчдийн юмуу, улс төр сонирхогчдын асуудал гэж бодвол энэ нь “чононд хоттой хонио даатгасантай адил” зүйл болно. Гэвч 200 гаруй жилийн ардчиллын түүхтэй эрх чөлөөний оронд ийм ойлголт, хандлага хоёроо аль хэдийнэ “туулаад” өнгөрчээ. Америкад очиж буй хүмүүст өгдөг зөвлөгөөн дотор улс төр ярьж болохгүй, хүний биеийн жин асууж болохгүй, ялангуяа эмэгтэй хүнээс, хэрвээ хүнтэй яриа өдвөл цаг агаар, спорт, гэрийн тэжээвэр амьтны л тухай ярьсан нь дээр гэдэг нэг сонин зүйл уншиж, сонсож байсан нь ташаадуу зүйл байжээ гэж бодогдож байлаа. Ерөнхийлөгч бол чамд ч, надад ч хамаатай нэг зүйлийг хамгаалж байх учиртай хүн. Тэр хүний ажлаа хийх нөхцлийг Үндсэн хуулийн түвшинд бататгаж, хангаж өгсөн юм. Тэр бол Ардчилал биш. Тэр бол хууль биш. Тэр бол “Эрх Чөлөө” юм. Монгол Орны минь нэн шинэ үеийн 20 жилийн түүхэнд “Эрх чөлөө” гэдэг энэ гайхамшигтай үг, олйголт хоёр “Ардчилал” хэмээх “цаасан хайрцганд” боодолтой буужээ. Үнэ цэнэ, мөн чанар хоёр нь тэр хэрээрээ “гажууджээ”. Ардчилал бол эрх чөлөө биш, эрх чөлөөний баталгаа ч биш юм. Ардчилал бол эрх чөлөөг хамгаалах явцад үүсч бий болсон нийгмийн байгууллалтын нэг л шинж, нэг л хэв маяг юм. “Эрх чөлөөний баталгаа бол Эрх чөлөө л байдаг юм байна”. Эрх чөлөөнд систем гэж байхгүй, эрх чөлөөнд ямар нэг “изм” гэж байхгүй. Эрх чөлөөнд “хэн ч дүр эсгэдэггүй”.
Эрх чөлөөг улс төрчид хүн төрөлхтөнд өгөөгүй юм. Харин зөвхөн улс төрчид л эрх чөлөөг хүн төрөлхтөнөөс булаасаар ирсэн юм. Гэвч хүн төрөлхтөний түүхэнд ч, Эрх чөлөөний орон Америкад ч эрх чөлөөг улс төрчид хамгаалж ирсэнийг түүх гэрчилдэг аж. Тиймээс ч улс төрчдөд хүндэтгэл ч үзүүлж чаддаг, улс төрчдөд хариуцлага ч үүрүүлж чаддаг юм. Хэрэв улс төрчид хүмүүсийн эрх чөлөөний төлөө ажиллаж чадвал тэдэнд зөвхөн саналаа өгөөд зогсохгүй, хайр, итгэл үнэмшил, хүндэтгэлээ ч бас өгч чаддагийг цаг хугацаа үргэлж сануулсаар иржээ.
URL:













