Ерөнхий сайд паркийн газрыг хүүхдүүдэд үлдээнэ гэжээ

-Хүүхдийн хөгжлийн зориулалттай 289 барилгын 90 нь хувьчлагджээ –

Багачуудын тоглож наадах талбайг томчууд хэдэн га газраар нь булаан авсныг Залуучуудын холбоонынхон эсэргүүцсээр хагас жил өнгөрөв. Энэ хугацаанд “Паркаа аваръя” хөдөлгөөн өр­нүүлж салбар, салбарын залуусыг эгнээндээ нэгтгэж чадсан байна.

Тэдгээр залуус дуу хоолойгоо төр, засгийн удирдлагуудад чадах чинээгээрээ хүргэж буй. Үүний нэг нь УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан бүлэг байв.

Тэд өнгөрсөн сард Ерөнхий сайд Н.Алтанхуягт “Монгол Улсын хүүхэд, залуучууд зөв хүн болж төлөвших, мэдлэг боловсрол олж авахад тэдний сурч хүмүүжих, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх орчин чухал ач холбогдолтой. “Үндэс­ний соёл амралтын хү­рээлэн” нь зөвхөн хүүхэд гэлтгүй иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өн­гөрөөх орчин юм. Гэтэл хүрээлэнгийн нутаг дэвс­гэрийн газрыг хувь хүн, аж ахуйн нэг­жүүд янз бүрийн хэлбэ­рээр өмч­лөл, эзэмшилдээ авчээ. Үүнд төр, засгийн бодлого нэн чухал хэрэгтэй бай­на” хэмээн зургаан асуул­га тавьсан байна. Энэ асуулгын ха­риуг Ерөн­­хий сайд саяхан ил­гээжээ.

Тэрээр “Пар­каа аваръя” хөдөл­гөөнийг дэмжиж байгаагаа илэрхийлээд Засгийн газрын зүгээс хүүхэд, залуусын чөлөөт цагаа өнгөрөөх орчинг хэвээр үлдээх са­налтайгаа  бичсэн байна.

Ту­хайлбал, “Засгийн газ­рын зүгээс Үндэсний соёл амралтын хүрээлэн нь хүүхэд, залуучууд чө­лөөт цагаа өнгөрүүлэх амралт, зугаалгын цог­цол­бор байх ёстой гэж үзэж байгаа. 2012-2016 оны үйл ажил­лагааны хөтөлбө­рийн Үйлчилгээний бизнесийг дэмжих чиглэлээр хэрэг­жүүлэх бодлогын хүрээнд нийг­мийн хамгааллын бод­логод хүүхэд, залуу­чуу­дыг хөгжүүлэх, хүүх­дийн хөгжлийг хангах зо­риу­лалтаар барьсан ба­рилга бай­гууламж, бий бол­го­сон хөрөнгийг зо­риу­лал­тын дагуу хүүхдийн төв бай­гуул­лагын мэдэлд шил­жүүлнэ. Мөн өмч­лүүлэх асуудлыг хүрээнд шийд­вэрлэж, менеж­мен­тийг нь хүүхэд, залуу­чуудын эрэлт хэрэг­цээнд нийцэхүйц төв­шинд хүр­гэх зорил­готой байгаа” гэжээ.

Харин  хүүхэд, залуу­чуудын хөгж­лийн зо­риулт­тай 298 барилга байдгаас 90 барилгыг нь хувь­чилсан. Нийслэлийн өмчид бүрт­гэлтэй хүүх­дийн хөгжил, хамгааллыг хан­гах 43 барилга байд­гаас 25-ыг нь хувьчилсан гэсэн байна. Түүнээс гад­на С.Бямбацогт гишүү­ний “Үндэсний соёл ам­ралтын хүрээлэнд “Мон-Уран” компани 1.1 га, “Шангрила” зочид буу­дал гурван га, Сөүл ресторан 0.9 га, “Бодь” групь 20 га газарт нь бизнес төв, зо­чид буудал барихаар төлөвлөж байгааг та мэдсэн үү” гэсэн асуултад Ерөн­хий сайд “Зочид буудал барих гэж байгаа албан ёсны мэдээлэл алга” гэж хариулсан байна.

Гэвч  хүүхэд багачуудын тоглох орчныг хэвээр үлдээнэ гэдгээ хатуу сануулжээ. Түүний баримтлах бод­лого  “Үндэсний соёл амралтын хүрээлэн”-д газар өмчилж “хаан” суу­сан компанийн захир­луудад хүнд тусч байгаа гэж “Паркаа аваръя” хөдөлгөөнийхөн үзжээ. Ерөн­­хий сайд гар­гасан шийдвэрээсээ ух­рах­гүй  бол удахгүй хүүх­дийн парк дахь тоглоомын тал­бай хэвээр үлдэх бо­лолтой.

Д.Болормаа


URL:

Сэтгэгдэл бичих