МУГТ Г.Өсөхбаяр Хөвсгөл далайг дугуйгаар гаталж байна

 

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар МУГТ, олон улсын хэмжээний мастер уулчин Г.Өсөхбаяр Хойд туйлд аялахаар болсон. Эверестийн оргилд төрийнхөө далбайг хоёр удаа мандуулж, Монгол түмнийхээ хийморийг хурайлсан Өсөхөө гавьяат энэ удаад ч түүхэн аяллын эзэн болох гэж байна. Монгол түмний түүхэнд анхдагч болж буй хойд туйлын аялал 4-р сарын 5-наас 25-ны хооронд үргэлжилнэ. Мөсөн далай дээгүүр 100 км явган аялж хойд туйлд хүрнэ гэдэг хэн хүний хийх ажил биш гэдэг нь ойлгомжтой. Тиймээс ч Монгол хүний яс зааж мөсөн далайг гатлах аялалдаа МУГТ Г.Өсөхбаяр нарийн төлөвлөлттэй бэлтгэл сургуулилт хийж буй аж. Г.Өсөхбаяр энэ өвлийг Туулын мөсөн дээгүүр явган аялж, чарга чирж, эсвэл дугуйгаар аялж өнгөрөөсөн юм байна. Харин яг одоо гавьяат тамирчин Г.Өсөхбаяр Хөвсгөл далайн тэхий дунд дугуйгаар аялж буй аж. Учир нь бэлтгэлээ чанаржуулах үүднээс Хөвсгөл далайг дугуйгаар туулах аяллыг “Монгол Экспедишн” ХХК, Уулчин Монгол нийгэмлэг, ахмад уулчдын хамтаар зохион байгуулжээ. Энэхүү дугуйн аялал нь өнөөдөр 14 цаг орчимд Хөвсгөл далайн хойд тал болох Ханхаас эхэлсэн бөгөөд өнөөдөртөө Хөвсгөл далайн дундах Модон хөх арал дээр хүрч, аялагчид мөсөн дээр майхнаа барин хоноглох аж. Маргаашдаа Хөвсгөл далайн урд хэсэгт Хатгал орж аяллаа дуусгах юм байна. Нийт 125 км үргэлжлэх аялал Г.Өсөхбаяр гавьяатаас гадна 5 дугуйчин хамт явж байна.

 

“Түмэн олноосоо сонгогдсон Төрийн тэргүүнийхээ санаачилсан ажлын үр дүнг баттай гаргахын төлөө хичээх ёстой. Энэ бол ард түмнээс надад даалгасан даалгавар” хэмээн мэдэгдсэн Г.Өсөхбаяр гавьяат хойд мөсөн далайг зориход ганцхан сар үлдээд байна. Бид маргааш энэ талаар эргэн мэдээлэх болно. Дашрамд сонирхуулж хэлэхэд Хөвсгөл далайг дугуйгаар гатлах аялал нь Монголдоо бас л анхдагч болж байгаа ажээ.

 

 

Тайлбар: МУГТ Г.Өсөхбаярын Тэрэлжид хийсэн бэлтгэлийн үеийн зургаас нийтлэв.

 

Сэтгүүлч: М.БАЯР

Эх сурвалж: “WWW.ZONE.MN”


URL:

Сэтгэгдэл бичих