ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Шүүх засаглал улстөрийн дайны талбар болж байгааг нуусангүй
Шүүхээр хэргээ шийдвэрлүүлж хохирогч болсон иргэн “Шүүх ёстой зөв шүүлээ. Шударга шүүх гэж үүнийг хэлдэг байх даа. Бүх юм ок” гээд эрхий хуруугаа гозойлгоно. Харин гэмт хэрэгтэн болж хуулийн хариуцлага хүлээх болсон нь “Ёстой утга алга. Шүүгч авилга авчихаад ийм шийдвэр гарчихлаа. Лоббидчихлоо шүү дээ. Давж заалдана аа” гэх. Эсвэл “Тийм садан нь тэр намын харъяат тийм албан тушаалтан гэсэн. Гаргаад авчихлаа л даа. Шүүгчийг нь таньдаг гэнэ ээ” гэх мэт үгс хэргээ шийдүүлж байгаа иргэдийн жижүүр үг болсон гэхэд хилсдэхгүй. Харин улстөрчдийн хувьд бол жирийн иргэдээс өөр үг хэлнэ.
Өчигдөр эхэлсэн “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” үндэсний чуулганд Төрийн тэргүүн болон УИХ-ын гишүүд, шүүх, прокурор, цагдаагийн байгууллагаас гадна иргэдийн төлөөлөл, хуулийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын төлөөлөгчид оролцсон. Он гарсаар олон хурал чуулган болсон ч иргэдийн анхаарлыг эрхгүй татсан цорын ганц нь Шүүх засаглалын эргэн тойронд болсон энэ удаагийн чуулган байлаа.
Уг чуулганаар хамгийн их хөндөгдсөн асуудал нь Монгол улсын өнөөгийн шүүхийн шударга ёс, намаас хараат байна уу, үгүй юу гэдэг асуудал байв. Улсын Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч санал болгосны дагуу УИХ-аар хэлэлцэж шийдвэрлээд томилдог. Томилгооны процедур нь ийм болохоор намын харъяалалд байх нь ойлгомжтой. Харин Шүүх эрх мэдэл, үйл ажиллагаанд нам хэрхэн оролцож, хараат байдалдаа байлгаж байна вэ гэдэг асуудал л чухал юм. Тэгвэл өчигдөр болсон “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” үндэсний чуулганаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж шүүх улстөрийн дайны талбар болж байгаа гэдгийг олноос нуусангүй. Өөрөөр хэлбэл “Шүүхийн өмнө тулгамдаж байгаа нэг асуудал бол улстөрийн шуналаас хол байлгах асуудал юм. Ер нь, хууль шүүхийн байгууллагууд улстөрөөс хараат бус байж чаддаггүй, Чин үнэнийг хэлэхэд өнөөдөр гарын шүүгч, прокурортой болохын тулд зарлаагүй дайныг улаан цайм хийж байна” гэсэн юм. УИХ-ын өмнөө барьдаг , нэг гарын таван хуруунд багтах тооны цөөхөн хуульчдын нэг тэрээр ийм үг унагаж байгаа нь Шүүх засаглал ямар төвшинд явж байгааг харуулж байна гэсэн үг.
Байдал ийм болсон Шүүх засаглалыг цаашид хэрхэн залж залруулахыг “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” үндэсний чуулганаас гаргасан саналын дагуу хуулийн төсөлд оруулж УИХ-аар шийдүүлэх юм. Тодруулж хэлбэл Монгол улсын Шүүх ирээдүйд ямар замаар урагшлах вэ гэдгийг энэ удаагийн чуулганы үр дүн харуулна.
Ж.Ану
шуудмн
URL:








