Эрхэм гишүүн Ш.Сайхансамбуу сэтгүүлчийг буруутгаж эхлэв
УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу сонинд өгсөн ярилцлагынхаа үнэн худлыг шалгуулахаар АТГ-т дуудагдаж, мэдүүлэг өгчээ. Тэрээр “Би авлигачдыг нэрлэж чадна гэж хэлээгүй. Надаас ярилцлага авсан сэтгүүлч миний ярилцлагыг гуйвуулж, худлаа бичсэн байна лээ” гэх утгатай мэдүүлэг өгсөн талаар эх сурвалж өгүүлэв.
Уг нь Ш.Сайхансамбуу гишүүн хахууль өгсөн, одоо тэдэнтэйгээ зэрэгцээд сууж байна гэдгээ “Өглөөний сонин”-д өгсөн ярилцлагадаа хэлсэн байдаг. Дараа нь тэрээр болоод өнгөрсөн үйл явдлын талаар “Улс төрийн тойм” сонинд мөн ярилцлага өгчээ.
Уг ярилцлагад “Сонины сурвалжлагч ярилцлагынхаа дундуур авлигачдын талаар надаас асуухаар нь “Би авлигачидтай зэрэгцээд сууж байгаа” гээд хэлчихсэн юм. УИХ-д авлига авдаг хүн байдаг. Гэхдээ бүгд биш шүү дээ. Гэтэл олон нийтийн байгууллага болон ард түмэн УИХ-ын гишүүдийг нийтээр нь 76 авлигач гэдэг байхгүй юу. Би өөрөө авлига өгдөггүй, авдаггүй болохоор ийм нэр цол авмааргүй байна шүү дээ. Миний ач, гуч нар “Өө, манай өвөө нөгөөх алдарт 76 авлигачийн нэг байсан юм байна” гэж хэлүүлэхийг хүсэхгүй байна. Тиймээс авилгач гэж нэрлүүлээд байгаа улсуудыг шалгуулахыг хүссэн юм.
Тэр ярилцлагыг сонинд гарсны дараа Нийслэлийн прокурорын газраас АТГ-т надаас тайлбар ав гэж үүрэг өгсөн юм билээ л дээ. Тэгээд иргэнийхээ үүргийг биелүүлж, АТГ-ын Мөрдөн байцаах хэлтэст очиж тайлбар өгсөн. Тэд тухайн ярилцлагын хамгийн сүүлчийн хэсэг болох “Би авлигачдыг нэрлэж чадна” гэсэн хариултад л ихээхэн ач холбогдол өгсөн бололтой онцолчихоод хариулт нэхээд байсан. Тэгэхэд нь “Би энэ ярилцлагад Монгол Улс яагаад хөгжихгүй байгаа талаар л ярьсан. Тиймээс ярилцлагын нийт утгаар нь л тайлбар өгнө гэсэн” хэмээжээ.
АТГ өөрийн үйл ажиллагаандаа хамаарах хэсэгт ач холбогдол өгч ажиллах зүйн хэрэг. Халдашгүй бүрэн эрхтэй гэдгээрээ Ш.Сайхансамбуу гишүүн эрх бүхий байгууллагыг дорд үзэх учиргүй. Тэрээр “Улс төрийн тойм” сонинд өгсөн ярилцлагаараа УИХ-д 20-иод авлигач бий гэдгийг дахин хэлжээ. Тодруулбал, “УИХ дотор чинь авлигад хамаагүй, өөрийн дураар хүн ажлаас нь халдаггүй, томилдоггүй, зөвхөн төсвөө батлаад шударга үнэнээ хэлж, иргэдээ төлөөлж дуугарчихдаг арваадхан хүн байгаа юм. Түүнээс биш 76-уулаа авлига аваад, луйварчин дээрэмчин болчихсон юм биш шүү дээ. Яагаад 56 авлигач гэж болдоггүй юм” гэсэн байгаа юм. Энэ бүхнээс харахад Ш.Сайхансамбуу гишүүн зэрэгцээд сууж байгаа 56 авлигачийг мэддэг хэрнээ мэддэггүй царайлж буй нь илт байна. УИХ-ын гишүүдээс 20 нь л авлигаас ангид байдаг бололтой.
Ямартай ч хууль тогтоох байгууллагынхан өөрсдөө авлигач гэдгийг Ш.Сайхансамбуу дахин дахин баталсаар байна. Нэр хугарахаар яс хугар гэдэг шиг, Ш.Сайхансамбуу гишүүн нэрээ хугалахыг хүсэхгүй байгаа нь илт. Гэхдээ нэг хүний нэр төрөөс илүүтэй улс орны эрх ашиг юу юунаас илүүтэй баймаар юм.
Эрхэм гишүүн маань “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөснөө мартаагүй байлтай.
Ийнхүү эрхэм гишүүн сар гаруйн өмнө хэлсэн ярьсан зүйлээ үгүйсгэж, тэс өөр юм ярьж эхлэв. Энэ үйл явдал нь хэдэн жилийн өмнө АПУ-гийн хувьчлал ид болж бужигнаж байх үеэр Ерөнхий сайдын алба хашиж байсан Н.Энхбаяр “Зууны мэдээ” сонины сэтгүүлчид ярилцлага өгөхдөө “Надад 500 сая төгрөгийн авлига өгөхөөр хүмүүс ирсэн” гэж мэдэгдээд, дараа нь сэтгүүлч нь ноён Н.Энхбаярын хэлсэн ярьсан зүйлийг гуйвуулаад өнгөрсөнтэй адил өрнөөд өнгөрөх нь гэж хардахад хүргэж байна.
Ер нь сэтгүүлч хүн хэн нэгнээс ярилцлага авахдаа чихээрээ сонсчихоод дараа нь бичгийн хэлбэрт оруулна гэж байхгүй. Тиймээс АТГ Ш.Сайхансамбуу гишүүний өөрийнх нь дуу хоолойгоор ярьсан яриаг олж авч, баримт болгох шаардлага тулгарч байна. Өөрийнхөө яриаг сонсоод Ш.Сайхансамбуу гишүүн бас нэг тийш бултах гэж яаж оролдохыг нь АТГ нийтэд мэдээлэх хэрэгтэй.
Д.Маралгоо
нийслэлтаймс
URL:







