Сумогийн холбоо бөхчүүдээ хатуу гараар барина

Японы мэргэжлийн сумогоос хөөгдөж буй манай таван сумоч дээр Хошикази Т.Амармэнд, Өвөр Монголын бөх Сококурай нэмэгдлээ. Сүүлд хөөгдөхөөр болсон энэ хоёр сумоч өөрсдийгөө ямар ч буруугүй хэмээн үзэж өмгөөлөгч хөлсөлж, шүүхэд хандахаар болжээ. Тэдний энэ алхмыг бусад нь ч дэмжиж байгаа бололтой. Сококурай мөрдөн байцаалт шударга бус явагдсаныг дуулгаад энэ хэргийн үнэн мөнийг олоод хэн ийм гүтгэлэг хийгээд буйг илчлэх болно гэжээ.

Манай бөхчүүдээс Моконами Г.Базарсад хамгийн түрүүнд Сумогийн холбооны шахалтыг хүлээн зөвшөөрч өөрийн хүсэлтээр зодог тайлах өргөдлөө өгсөн. Бусад нь өөрсдийгөө буруугүй гэж үзэж холбооны шийдвэрийг үл тоож байсан ч сүүлчийн мөчид арга буюу эхнээсээ холбооны шийдвэрийг дагаж байна. Хакуба А.Өнөржаргал чухам яагаад сумогийн холбооны шаардлагыг биелүүлж, зодог тайлах болсноо “Би даваа наймаалцаагүй хэрнээ ажлаасаа халагдаж байна. Ажлаас халагдана гэдэг ямар хэцүү байдгийг японы ард түмэн сайн мэднэ. Би ирээдүйн амьдрал, гэр бүлээ бодоод л сумогийн холбооны шахалтад орж өөрийн хүсэлтээр зодог тайлж байна. Холбооны зүгээс надад ингэж. хандсан ч япончуудад, Япон оронд хандах миний сэтгэл өөрчлөгдөхгүй. Бүх юм урьдын адил байх болно гэдгийг ойлгоорой” гэж тайлбарлажээ.

Сумогийн холбооны шийдвэрийг хамгийн ихээр эсэргүүцэж, буй нь Кайхо нэрээр барилдаж байсан дэвжээний багш Танигава. Тэрээр өөрийгөө хэлмэгдлээ хэмээн үзэж, хөөгдөхөөр болсон бөхчүүдтэй нийлж суулт хийж тэмцэх болно гэжээ. Харин үүнд нь Сумогийн холбоо ямар нэг тайлбар, хариу хэлэхгүй байгаа юм.

Захирлуудын зөвлөлийн хурлаас өмнө Сумогийн холбоо тавдугаар сарын башё болно хэмээн зарласан. Гэтэл 25 сумоч хөөгдөхөөр болсон нь башёг дахин цуцлагдахад хүргэв. Гэсэн ч хоёр башё дараалан барилдаан өнжвөл сумогийн нэр хүнд дахиж сэргэхгүйгээр уналтад орох учир тавдугаар сарын нацу башёг бэсрэг барилдааны ч болтугай хэмжээнд зохиохоор болжээ. Нацу башёг “Гире шинса башё” нэртэйгээр сорилго барилдааны журмаар тавдугаар сарын 8-22-ны өдрүүдэд зохион байгуулах юм байна. Уг сорилгыг долдугаар сарын нагоя башёгийн банзүкийг гаргахын тулд ийн зохиож байгаа гэнэ. Түрүүлсэн Бөхөд нь ямар нэг шагнал урамшуулал олгож, Эзэн хааны цом гардуулахгүй. Бусад барилдаантай харьцуулбал даваа, ивээн тэтгэгчдийн шагнал бараг байхгүй. Барилдаан тасалбаргүй учир хүссэн хэн бүхэн очиж сонирхож болох ажээ. Ямар нэг шагнал урамшуулал байхгүй болохоор зарим сумочид башёнцор маягийн юм боллоо, оролцоод хэрэг байна уу гэсэн шүү юм дуулгасан байна.

Сумочид даваа наймаалцдаг” байсан нь илэрч, сумогийн нэр хүнд сэвтсэн учир Эзэн хаан нь цомоо гардуулахаас татгалзаж, Ерөнхий сайд нь “Сумочдоос ичиж байна” гэсэн нь хангалттай сануулга болсон учир Сумогийн холбоо бөхчүүдээ хатуу гараар барихаар шийджээ. Тавдугаар сарын сорилгод “заавал барилд” гэсэн даалгавар өгсөн байна. Хэрэв барилдахаас цааргалзсан тохиолдолд цалингаас нь тодорхой хэмжээгээр хасч өөр бусад шийтгэлийг оногдуулна хэмээн хатуу сануулга өгөөд байна. Түүгээр ч барахгүй долдугаар сарын башёд барилдуулахгүй гэжээ. Үүнийг нь япончууд ч дэмжиж сумочдыг сахилга баттай байлгаж, эртний ёс уламжлалаа сахих нь зүйтэй гэжээ. Сумогийн холбооны энэ сануулгыг дэвжээний багш нар маш тааламжтай хүлээн авсан гэнэ. Эгнээнээсээ даваа наймаалсан хэргээр 25-ыгаа явуулчихаад буй сумочид одоо нэг хэсэгтээ дуулгавартай байж, холбооныхныхоо үгэнд оромтгой болох нь дамжиггүй.

Спорт нь нэр хүндээ алдаж, амтай болгоноос шүүмжлэл хүртэж байсан ч Японы сумогийн холбоо удирдлагаа алдан ганхалгүй үлдэж чадлаа. Зүг бүр рүү тэмүүлсэн мянга гаруй сумочийг сахилга баттай байлгаж, бай шагналгүй сорилго барилдаанд бүгдийг нь барилдуулахаар болж байна. Үүнээс нь бидэнд сурах юм их байна. Ялангуяа Монголын үндэсний бөхийн холбоо задарсан олон бөхийг яаж зангидгийг нь Сумогийн холбооны бэлэн жишээнээс олж харж болохоор байна. Дэвжээгээр, аймаг сумаараа хичнээн хувуугдаж хэрхэн хэмлэгдэх байсан бол оо. Хэрэв МҮБХ-ноос ийм шийдвэр гаргасан бол хичнээн бөх ирж барилдах байсан бол.

Д.ГАНСАРУУЛ

medeemn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих