М.Энхсайхан “томрохоор” юу болдог билээ
МТЗ-ын захирлын суудалд заларсан нь түр зуурынх уу
“М.Энхсайхан МТЗ-ыг удирдахаар болжээ” гэсэн мэдээллийг дуулаад олон хүний дотор “За юу л хийж алдаг бол доо” гэсэн бодол харван орж ирсэн болов уу. Миний хувьд ч ялгаагүй, тэгсэн. Монголын улс төрд гавьяа ч байгуулсан, гай ч их тарьсан гэгддэг энэ хүний урьд өмнөх замнал олон нийтийг ийм айдастай болгочихсон юм. Энэ Засгийн газрыг “Шинэчлэлийн” хэмээн тодотгож байгаа. Энэ утгаар нь авч үзвэл М.Энхсайхан шиг хүн яг тохирно. МТЗ ч гэлтгүй өөр газар очсон ч бужигнуулаад хаяхаа чадна. Үүнийг түүх гэрчилнэ. Н.Алтанхуяг түүнийг албан тушаалд тавихгүй байсаар Засгийн газрын томилгоог өнгөрүүлсэн ч чухамдаа “Үймүүлэх газрынх нь хамрах хүрээ, үр дагавар нь жижиг байг” гэсэн хэрэг. М.Энхсайхан бол шинэчлэгч. Цөөн хүн л үүнтэй санал нийлэхгүй байх. Зоримог шийдвэр гаргадгаараа алдартай улстөрч. Тэр нь цагаа олсон нь ч бий, хүмүүс хожим ойлгох нь ч бас бий.
Монголд ардчилсан хувьсгал ялахад оруулсан М.Энхсайханы хувь нэмрийг хэн ч үгүйсгэхгүй ээ. Түүхийн номноос гадна онигоонд ч орчихсон явдаг “Чингис хаан тархай бутархай олон овог аймгийг нэгтгэн нийлүүлж, гадны улс орнууд руу аян дайн хийсиймаа” гэж нэг өгүүлбэр байдаг шүү дээ. Мань хүн тархай бутархай ардчилсан намуудыг яг өөрөө нэгтгэн нийлүүлээгүй ч хүч хавсран оролцож, улмаар 1996 оны сонгуульд ялалт байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Монголд барууны үзэл баримтлалтай нам сонгуульд ялсан анхны тохиолдол энэ байв. Улс төрийн үзэл баримтлалын талаархи иргэдийн мэдлэг хомс байсан цаг. Хүмүүс хуучнаас залхаж, шинэ бүхэн рүү тэмүүлж байх энэ зурвас үед хүмүүсийн мэдэхгүй юмыг ярьсаар байгаад ялалт байгуулсан гэвэл арай л хэтрүүлсэн болохгүй болов уу.
Гэхдээ яриан дундаа гадаад үг ихээр оруулж ярьдаг, үе, үе “Та нар ойлгохгүй л дээ”, “Энэ талаар яривал урт түүх болно” гэж амаараа юм уу, харцаараа хэлдэг хэв загвар улстөрчид дунд дэлгэрсэн л юм даг. М.Энхсайхан бол олны өмнө анх гарч ирэхдээ яг тийм байсан. Мэддэг, мэддэггүй нь мэдэгдэхгүй ийм хэв загвартай улстөрчдийн орон зай одоо бол харьцангуй багассан л даа. Нэг үе жирийн залуус хүртэл тэгж хэл хольж ярихыг эрхэмлэдэг болчихсон байсан гэхээр М.Энхсайхан аргагүй л лидер байсан гэдэг нь ойлгогдоно.
Тэрбээр сонгуульд Ардчилсан холбоо эвслийн ерөнхий менежерээр ажилласан учир ялалтын үр шимийг хүртэж, Парламентад 51 суудалтай, эрх баригч намын лидер, Монгол Улсын 18 дахь Ерөнхий сайд болсон. Энэ үедээ тэрбээр магтуулж, хожмын хүмүүст зүхүүлэх эхний ажлаа хийсэн юм. Тэр нь импортын бүтээгдэхүүнээс авдаг гаалийн татварыг “0”-лэсэн явдал байв. Монгол орон элгээрээ мөлхөхөд ойрхон байсан энэ үед М.Энхсайхан дээрх шийдвэрийг гаргасан юм. Үр дүнд нь Хятадаас хямдхан хүнсний бүтээгдэхүүн орж ирж /татваргүй учир/ өлсгөлөнд нэрвэгдэх аюул холдсон. Олон жилийн дараа эргээд харахад Монголд дөнгөж үүсээд, хөлөө олж ядаж байсан жижиг, дунд үйлдвэрлэл мөн мөхөж, сөнөсөн байна. Хэрвээ жаахан “бүсээ чангалсан” бол өдийд бүх салбартаа Хятадыг царайчилж суугаа ч уу, үгүй ч үү. М.Энхсайханы ядуусыг баярлуулж, хувийн үйлдвэрлэл хоршоо эрхлэгчдийг уйлуулан, нэгэн зэрэг шоконд оруулсан түүх нэг иймэрхүү. Гаргасан шийдвэрээрээ бусдыг шоконд оруулах авьяастай түүн шиг улстөрч ховор.
Тэрбээр Ерөнхий сайдын ажлыг хоёрхон жил хийсэн ч энэ хугацаанд жинхэнэ “шинэчлэл” гэж нэрлэхүйц олон ажлыг хийсэн байдаг юм. Муу муухайгаа “өнцөг” гэдэг үгээр халхалдаг асан түүний үед алдахаасаа оносон нь их гэж дүгнэх нь бий. Мартсанаас түүний улс төрд оруулж ирсэн нэг шинэ үг хэллэг нь “өнцөг” хэмээх үг. “Тэр өнцгөөс тэгж харагдана, энэ өнцгөөс нь харвал ингэж л харагдана” гээд л. 10 хувийн зөв, 90 хувийн алдаа байсан ч ашиг олж байгаа өнцгөөс нь харвал зөв гэх маягаар ярьж, эцэст нь дарга нар зөв өнцгөөс, ард түмэн буруу өнцгөөс хардаг юм шиг болгож будлиан хутгасан. Ерөөс асуудлыг аль өнцгөөс нь харахаас л бүх зүйл шалтгаална гэх маягийн юм ярьдаг байсан. Одоо ингээд хэлэхээр ганцхан тэр ч биш, бүгд л тэгж ярьдаг байсан гэх биз дээ.
Ерөнхий сайдын суудлаас бууснаасаа хойш тэрбээр намынхантайгаа таарамж муутай болсон нь үг, үйлдэл болгоноос нь харагддаг. Ардчилсан намыг эгээтэй л буцаагаад тархай бутархай олон нам болгочихоогүй. Энэ бол түүний барьсан ээлжит гэнэтийн бэлэг байв.
Бодит түүхийг мушгин гуйвуулсан нэг кинонд Д.Бодоо сайд “Ардын намын тамгыг хэн сийлсэн бэ. Би…” гэдэг шиг “Арчилсан намыг хэн ялуулсан юм бэ…” гэдэг бодол түүнд байдаг бололтой. Тийм ч учраас МҮАН-ыг Ардчилсан намаас тасалж авч гарахад нь хэн ч гайхаагүй. Харин Н.Энхбаяртай нэгдэхэд нь л ёстой гайхсан. М.Энхсайхан томрохоор “гэнэтийн юм болдог” гэдгийг ч эргэж санасан байх. Сая дуугүй байж, баахан гайхширал төрүүлж байгаад Монголын төмөр зам ТӨК-ийн захирлын суудалд заларлаа. “Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги” гэж үг бий. “Гаалийн татварыг тэглэх” шийдвэр гаргахдаа яг энэ байдлаар хандчихсан тэрбээр МТЗ-ыг босгох стратегийн ач холбогдолтой ажилд дахиад энэ сэтгэлгээгээр хандчих вий гэсэн болгоомжлол байгааг үгүйсгэх аргагүй. Гэхдээ ингэж санаа зовох хэрэггүй, мань хүн тэнд “түр” сууж байгаа ч байж магадгүй юм. М.Энхсайхан ТӨК-ийн захирлын суудалд сэтгэл ханах хүн мөн үү.
“Юм бүхэн эхлэх цагтаа эхлээд дуусах цагтаа дуусч, өндөрт гарах цагтаа гарч, зайгаа тавьж өгөх цагтаа явах учиртай гэж би боддог. Хүний түүхийн олон гамшиг цагийн энэ дүрмийг зөрчсөнөөс үүддэг” гэсэн түүний үг бий. Н.Энхбаяртай хамтарсан нь тэрбээр өндөрт гарах цаг нь болсон гэж үзсэнийх гэдэг нь ойлгомжтой. Гэтэл сонгуулийн дараа, Ардчилсан нам муухайгаар хэлэхэд “бялуу хуваарилж байхад” дуугүй суугаад байсан нь олныг бас л гайхашируулсан. Дараа нь “Н.Энхбаярыг хэлмэгдсэн гэж бодохгүй байна” гэж бас дахин гайхшируулсан. Энэ нь “Шударга ёс” эвсэл задарна гэж хэлсэнтэй ялгаагүй учраас тэгж гайхсан хэрэг. АН-д ч маш хүчтэй нөлөөлсөн нь ойлгомжтой юм. М.Энхсайханыг аргадахгүй бол засгийн эрх барих боломжоо алдана, МАН-тай эргээд нэгдэхээс өөр аргагүй болно. Нөгөө талаар МҮАН-тай хамтарч бас болно. Ингэхийн тулд гишүүдийнхээ тоог 35 болгох шаардлагатай. Бас М.Энхсайхантай сайн харьцаатай байж, талдаа татах ёстой. Одоо өрнөж байгаа үйл явцаас харахад бүх зүйл АН-МҮАН-ын засаг байгуулагдах чигт явж байна. Тэгвэл М.Энхсайхан дор хаяж Шадар сайдын албан тушаалд очно. “Шударга ёс эвсэл” задарвал Засгийн газар унах нь мэдээж. Сайд нар ч огцорно. Удахгүй унах засагт ороод юүхэв гэж мань хүн бодсон байж ч болно. Харин дараа нь АН МҮАН-тай нэгдэж, төр барина. Тэр үед л М.Энхсайханы ямар албан тушаалд очих нь тодрох бололтой. Төр ч бужигнаж магадгүй нь дээ. М.Энхсайхан томрохоор юу болдог билээ…
Х.БАТСАЙХАН
Эх сурвалж: www.mminfo.mn
URL:













