Шүүхийг үл тоомсорлож, “Дүнжингарав”-ыг зохион байгуулсан эрхмүүдэд хэн хариуцлага тооцох вэ

Шүүхийн шийдвэрээс дээгүүр эрх мэдэлтэнгүүд “Дүнжингарав” уралдааныг зохион байгуулж дөнгөлөө. Хаврын бүсийн морин уралдааныг зохион байгуулахгүй байх Хөдөлмөрийн сайдын тушаал бий. Тодруулбал Монгол Улсын хөдөлмөрийн сайдын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тушаалаар жил бүрийн 11-р сарын 1-ээс тавдугаар сарын 1-ийг хүртэлх хугацаанд уралдаан, сунгаа, үсэргээнд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон байдаг. Гэтэл “Мэргэжил”-ийн тодотголтой Засгийн газар энэхүү тушаалыг үл тоомсорлон 2017 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн тогтоолоороо Дүнжингарав болон бусад хаврын морин уралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэв.

6pv9nhhsiv5sdkufbmi0ghfrtj

Энэ нь унаач хүүхдүүдийн эрүүл мэнд амь насанд халтай гэдгийг төрийн бус байгууллагуудын төлөөлөл удаа дараа мэдэгдэж, албан бичиг хүртэл өргөн барьж байсан юм. Тиймээс ч “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээ” Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага, “Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ” Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагууд Засгийн газрын энэхүү тогтоолыг эсэргүүцэж, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсанаар энэ уралдааныг зохион байгуулах Засгийн газрын тогтоолыг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр түр түтгэлзүүлээд байсан. Гэвч шүүхээс дээгүүр эрх мэдэлтэнгүүд “Дүнжингарав” морин уралдааныг товлосон өдрөө, тогтсон цагтаа зохион байгуулж, баясав.

“Дүнжингарав”-ыг түтгэлзүүлсэн шүүх буруутан болох уу

Шүүхээс дээгүүр эрх мэдэл гаргаж, “Дүнжингарав” уралдааныг зохион байгуулсан эрхмүүдэд хэн хариуцлага тооцох вэ гэдэг асуулт өнөөдөр олон нийтийн анхаарлыг татаж байна. Энэ талаар Хуульзүйн дэд сайд Б.Энхбаяр “Үндсэн хуульд зааснаар Засгийн газрын шийдвэрийг Засгийн газар өөрөө, эсхүл УИХ хүчингүй болгох эрхтэй. Захиргааны шүүх Засгийн газрын шийдвэрийг хянахгүй гэж Цэц шийдсэн” хэмээн жиргэсэн байх юм. Тэгэхээр Засгийн газрын тогтоолыг шүүсэн шүүх буруутан болж таарч байх шиг. Харин эл асуудал ингэсгээд намжвал дараа жил мөн л “Дүнжингарав” уралдаан Цагаан сарын дараа болж, олон хүүхэд унаж бэртэх байх гэх айдас эрхгүй төрж байгааюм.

Хаврын бүсийн морин уралдааныг зохион байгуулахын тулд хөхөө өвлийн хүйтнээс эхлээд уяачид мориныхоо уяа сойлгыг тааруулж, олон удаагийн сунгаа үсэргээн хийдэг. Энэ нь унаач хүүхдийн эрүүл мэнд, амь насанд халдаг гэдэг нь баримтаар батлагдаж буй. Тухайлбал, сүүлийн 5 жилд 1500 гаруй хүүхэд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээний үед мориноос унан хүнд, хөнгөн гэмтсэн, олон хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй үлдсэн, мэдээлэгдсэн тоогоор 10 гаруй хүүхэд амь насаа алдсан гэх аймшигтай тоо баримт бий. Тэгвэл өчигдрийн уралдааны үеэр ч хоёр хүүхэд хүнд гэмтэж, хүүхэд мориноосоо унаж, бэртсэн байна.

Унаач хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийн баталгааг хэн өгөх вэ

Моринд хорхойтой, монгол ёс заншил гэх сайхан үгээр халхавч хийсэн хаврын бүсийн уралдаан нь нэлээд олон жилийн өмнөөс томчуудын зугаа цэнгэл болсон гэхэд нэг их хилсдэхгүй. Уг наадмын айраг, түрүү гээд байтай болгоныг томууд хүртэж, тэд өөрсдийнхөө бэл бэлчинг нэмж, унаж яваа машин, уяж буй хүлгээрээ архах нэгэн төрлийн цэнгэл болсон билээ. Энэ жилийн Дүнжингарав ч баячуудын наадам болж, тэд айраг, түрүү амсав. Үүнээс ч өөр сонголт байхгүй нь ойлгомжтой. Жилийн дөрвөн улирал чүчээнд тэжээгдэж, эрлүүз, хурлийз болсон морьд эзнээ баясгахгүй байх аргагүй.

Тэгвэл “тансагхан” эдгээр хурдыг унаж хурдлуулах бяцхан үрс хэн байх вэ. Тэднийг хэн унаж, хурдлуулж байна вэ, хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийг хэн хамгаалж байна вэ, тэд үнэхээр хурдан морь унах сонирхолтойдоо хүлгийн зоон дээр хүйтнийг ажрахгүй уралдаж байна уу, хөлс хүч гэх хэдхэн халтар төгрөгөнд хууртаж, хүчээр хөдөлмөрлөж байна уу гэх олон асуулт, өнөөдрийг хүртэл хариултаа нэхсээр байна.

Харин өдгөө морь сойж, хурдлуулдаг эрхмүүд амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой айлын хүүхдүүд, эсвэл өнчин өрөөсөн, асрамжийн газрын хүүхдүүдээр морь унуулдаг үзэгдэл хэвшил болсон гэдгийг хэлэх хүн олон байдаг.  Үнэндээ ч унаж бэртсэн хүүхдүүдийн дийлэнх нь ийм л амьдралтай хүүхэд байдаг нь нууц биш. Энэ талаар өнгөрсөн жил хурдан морь унаж байгаад хүнд гэмтсэн нэгэн унаач хүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би морь унах дуртай. Яагаад гэвэл би морь унаад аав ээждээ мөнгө олж өгдөг” хэмээн өгүүлсэн байсан. Ингэж л бяцхан үрс маань мөнгөний төлөө, ар гэрээ тэжээхийн тулд хурданы морь унаж, амь насаараа дэнжин тавьж байна. Тэгвэл хэзээ болтол ингэж бяцхан үрсийнхээ амь насыг үл тоомсорлон наадаж, зугаацах вэ, хэрэгждэггүй сайдын тушаал, хэнэггүй Засгийн газрын тогтоолыг шүүх түтгэлзүүлж дөнгөхгүй бол хэн түтгэлзүүлж чадах вэ.

Б.Энхжин

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих