Асашёорюү ФИЛА-гийн захирлын сонгуульд өрсөлдөнө
Мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна, Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Асашёорюү ирэх жил ФИЛА буюу Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбооны захирлын сонгуульд өрсөлдөнө гэдгээ зарлалаа. 2014 оны есдүгээр сарын 27-29-нд Узбекистаны Ташкент хотноо болох чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр явагдах энэхүү сонгуульд Асашёорюүг дэмжинэ гэдгээ ФИЛА-гийн дэд ерөнхийлөгч, Японы иргэн Фүкүда Томиаки мэдэгдээд байна.
Энэ жилийн хоёрдугаар сард ФИЛА-гийн ерөнхийлөгч болсон Ненад Лалович ямар ч гэсэн 2020 оны олимпод чөлөөт бөхийн спортыг үлдээж чадсан. Одоо түүний дараагийн хийх ажил нь холбоо доторх хувьсал, шинэчлэл юм. ФИЛА одоогийн байдлаар 25 захиралтай ч бүс нутаг, танил талаараа хуваагдсан олон бүлэг болон хуваагдаад байгаа аж. Тиймээс ирэх жилийн сонгуулиар Ерөнхийлөгч Лалович шинэ баг бүрдүүлэн ажиллах гэж байгаа юм. Фүкүда Томиаки “Асашёорюү өрсөлдвөл сонгогдох магадлал маш өндөр тул Японы тал түүнийг дэмжиж оролцоно. Мэргэжлийн сүмод шинэчлэл хийх хэрэгтэй хэмээн ил тод ярьдаг байсан түүний нэр хүнд ФИЛА-д их өндөр” гэж ярьсан байна.
М.Сугараа
Мэдээний эх сурвалж: http://sport.time.mn/content/34778.shtml
URL:













