Зургаан настнуудад зовлон их байна

Зургаан настнуудад зовлон их байна

Ээжийнхээ хөхнөөс гараагүй шахам бяцхан үрс хичээлд суухдаа заавал аав ээжийнхээ нэгэнтэй суух, эсвэл хөдөө мал малладаг аав ээжийнхээ аль нэгийг сумын төв рүү хэрэг болгон чирч, ээж аавынхаа нөмөр нөөлгөнд суралцаж байгаа жишээ хөдөө орон нутагт захын нэг сумаар ороход л ажиглагдана.

Нэг танил маань энэ жил зургаан настнуудын ангийг дааж авсан юм. Тэрбээр үргэлж л энэ мэт бэрхшээлтэй тулгарч байгаа талаараа надад хэрэг болгон ярьсан. Зарим эрх нөхдүүд ээжийгээ хичээлд суулгах гэж уйлагнана. Нэг хэсэг нь хэлэхгүй гүрийж суусаар өмдөндөө “дусаачихна”. Мал дагахаас өөрийг мэдэхгүй эцэг эхчүүд нь элдэв бусаар дуудаж, үйлийг нь үздэг талаар их л гомдолтой ярьж байсан.

Энэ жишээ зөвхөн үүгээр дуусахгүй. Бодлого шийдвэр гаргадаг, хууль тогтоох албаныхантай хөдөө орон нутгаар томилолтоор явж байхад ч эцэг эхчүүдийн ганц хүсдэг зүйл нь энэ. Хотын зургаан настан, хөдөөгийн зурган настан гэдэг асар их зөрүүтэй. Биеийн хөгжлийн хувьд хөдөөгийн хүүхдүүд илүү байж болох ч бие даах чадвараараа бол хотынхноос дорой. Тиймдээ ч сум, аймагт суралцах нялх үрсийнхээ төлөө эцэг, эхчүүд амьдралаа золиосолж нэг нь хөдөө мал дээр, нөгөө нь сумын төвд амьдардаг болоод удаж байгаа талаар очсон газар болгонд учирлана.

Өөрөөр хэлбэл, тусдаа амьдралаас болж нөхөр нь эсвэл сумын төвд ирж архидах, дэмий шахуу сэлгүүцэх, эсвэл эхнэр нь хүүхдээ харж, аавууд малынхаа араас явсаар салж сарнихдаа ч хүрч байгаа тохиолдол цөөнгүй байгааг хэлж байсан юм.

Энэ бол энгийн л нэг жишээ. Зуны гурван сард халуун ам бүлээрээ цуглаж, гурван жилийн турш салангид амьдарч байгаа жишээ малчдад чамгүй их байна. Зургаан настай хүүхэдтэй айл гэдэг бол залуухан гэр бүл. Гэтэл хүүхдээсээ болж тусдаа амьдарч байгаа залуу хосуудад амьдралын бэрхшээл олон тохиолдож байгаа. Ах дүүд нь харуулаад үлдээх гэж бодлоо ч тэд бараг л өөрсдийгөө авч явж чадахгүй хүүхдүүд. Танилдаа найдаад гэрт нь суулгалаа гэхэд зургаан настай эрх жаал айлын аавын үгэнд ороод амьдарч чадах уу гэдэг бас л асуудал.

Энэ мэт шалтгааныг тооцож үзэх эрх мэдэл хууль тогтоох байгууллагад байдаг. Цаашлаад монгол хүүхдүүд оюуны асар өндөр чадамжтай гэж тайлбарладаг ч ээжийнхээ хөхнөөс ч гараагүй шахам хүүхдүүд эрдэм номын мөр хөөж, их зүйл уншаад ирэхээр ядаргаанд орох, тархи нь ядрах, ээрч гацах тохиолдол ихэсч байгааг эмч мэргэжилтнүүд сануулж байгаа. Мэдээж ингээд бичихээр хүүхдүүдийг хэтэрхий их хичээлээр дардаггүй, тоглуулдаг гэж хариулах л байх.

Үнэндээ энэ шийдвэр нь хөрсөнд буухдаа хэр үр дүнтэй байгааг шалгаж үзсэн болов уу. Үсгээ үзэж амжилгүй хоцорсон, цээж бичиг, тоондоо муудсан зэрэг шалтгаанаар илүү цагаар хичээл зааж байгаа тохиолдол олон байдгийг захын нэг эцэг эх ч хэлээд өгчихнө. Сурлагын чанарт анхаарч, багш нь цалингаа асуудалгүй авахын тулд зургаан настнуудын сурч боловсрох “тоглонгоо сурах” тэр эрхийг нь хясч байгааг эрх мэдэлтнүүд хянахад гэмгүй болжээ.

Эрх баригчдад зовлонгоо дуулгахад тэд хууль батлаад л шийдчих юм ярьж бэлэн, бэлэн амлалт өгдөг. Гэтэл өнөө эцэг, эхчүүд хуулийн уян хатан бодлого хэрэгжиж ядахдаа хөдөөгийн малчдынхаа зовлонг ойлгоод асуудлаа шийдчихдэг болоосой гэж энэ хүртэл харсан ч энэ бодлого хэрэгжиж эхэлснээс хойш одоог хүртэл асуудлыг шийдсэнгүй. Мэдээж дэлхийн боловсролтой хөл зэрэгцэх зэрэг хүндэтгэх шалтгаан олон байгаа. Энэ бодлого эхэлснээсээ хойш үр дүнгээ өгсөн үү гэвэл өгсөн. Гэсэн ч хөдөөгийн хэсэгхэн хүний бэрхшээл энэ том бодлогод нөлөөлж чадахгүй гэж үлдээж болохгүй юм.

Багийн төвд жишиг бага сургууль барих асуудлаа нэн даруйхан шийдэх, эсвэл тийм жишиг сайхан сургуультай болтлоо хөдөө орон нутагт долоон настайгаас нь эхэлж сургах ч гэх юм уу тиймэрхүү байдлаар асуудлыг зохицуулмаар байна. Мөн “тоглонгоо сурах” эрхээ эдэлж чадаж байгаа талаар эцэг эхчүүдээс санал авч, эргэж нэг хянахад буруудахгүй болжээ.

Б.Өнөртогтох


URL:

Сэтгэгдэл бичих