ТОЙРОГ БУЛААЛДСАН “ДАЙН”-ЧИД БУЮУ ХАНДИВ НЭРЭЭР АВИЛГА ӨГСӨН ХҮМҮҮСИЙГ УИХ-ЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШҮҮЛЭХЭЭС ТАТГАЛЗАЯ
Сонгууль бол дайн юм. Хэн ялсан нь “баатар” болно. Ээлжит дайн буюу 2012 оны УИХ-ын сонгууль дөхөх тусам төрийн түшээгийн сандал дээр зайдлахыг хүсэгчид эхнээсээ нэр дэвших эрх худалдан авах мөнгөө хандивлаад эхэллээ. Н. Алтанхуяг даргатай АН-аас зуу гаруй хүн эхний цувралын 12.5 сая төгрөгөө тушаачихаж. Дэнчингийн мөнгө болох 50 саяыг тушаачихсан бол 2012 оны парламентад суух эхний алхмаа хийчихлээ гэж ойлгоход болох юм байна.Тэдэн дотор нь тоон дунд үсэг цохиж явна гэдэг шиг хэнд ч танигдаагүй “дугтуй доторхи хүн”-ээс эхлээд олны танил бөх хүртэл зогсчихож. Жишээ нь: УИХ-ын хоёр сонгуульд нэр дэвшээд бүдэрсэн ч нугарч шантраагүй Х. Баянмөнх аварга өөрийн бүтээгүй хүслээ хүүгээрээ дамжуулж биелүүлэхээр шийджээ. Улсын гарьд Б. Гантогтох аавынхаа нутаг Увс аймгаас нэр дэвших гэнэ.
Сонгуульд өөрийгөө сойгоод унаж ханадаггүй Д. Дорлигжав нэгэнт Монгол Улсын Ерөнхий прокурор болсон тул энэ удаа өөрийнхөө оронд аваргын хүү гарьдыг уях боломж гаргасан сураг байгаа юм. Алдарт аваргын хөвүүнтэй зэрэгцэн Монгол гүйцэтгэх засаглалын тэргүүн явсан хүний үр хүртэл энэ сонгуульд “уралдах” гэнэ. Тэр бол Ж. Наранцацралт агсны хүү Соёмбо гэгч гуч ч хүрээгүй жижигхэн залуу. Дархан аваргын хүү, экс Ерөнхий сайдын хүү хоёулаа сонгуульд нэр дэвших дэнчингийнхээ эхний цувралын 12.5 сая төгрөгийг тушаажээ. Бас АН-аас УИХ-д хоёронтоо заларсан буурал толгойт Р. Бадамдамдингийн хүү Баттүвшин, молекул Бат. Батбаяр гишүүний хүү Батбилэг нар дэнчингийн барьцаа болох 12.5 саяа өгсөн байна. Арай л Э. Бат-Үүл баатарын хүү Чулуудай нэрээ дэвшүүлнэ гэж эцгийгээ шаналгаагүй бололтой.
МАН-аа ч мөн нэртэй хүний зүстэй хүүхэд гэж өөрсдийгөө дөвийлгөж давилуун зан гаргаж явдаг банди нар бас л нэр дэвшихээр санаархжээ. Тухайлбал алтны магнат МАК-ийн босс Нямтайширын хүү Номтойбаяр МАН-д нэг тэрбумын өглөг барьц гардуулж, УИХ-д нэр дэвших эрхийн мандатаа нэгэнт авчихжээ. Тэрээр Дорнод аймгаас өрсөлдөх гэнэ. Хүнд харагдахаар юм хийж гавиагүй ч МАН-д 700 сая төгрөг өгчихөөд намайг бодоорой гээд алхдаг увайгүй амьтан ч байна. Түүнийг О. Содбилэг гэх ба эцэг эх нь хоёулаа УИХ-ын гишүүн байсан гэхээр л гишүүн болох ёстой юм шиг сэтгэж байгаа шинэ үеийн залуу. Эцэг эхийнхээ хөрөнгөөр туйлж яваа залууд 700 сая чихрийн цаас шиг санагдсан ч байж мэднэ. Энэ мэт шинэковуудын зэрэгцээ нэр нүүрээ барчихсан, цайчихсан улс ч мөнгөө барин гүйлдэж байна. Лүнгийн замыг засна гэж хулхидсаар Лүн-Очир, Хулхи-Очир, Зам-Очир гээд л баахан нэр хоч зүүсэн Д. Дамба-Очир гишүүн гэхэд хагас тэрбум төгрөг намдаа хандивлажээ. Улс орны хөгжи дэвшилд хэрхэн нэмэр хандив оруулах вэ гэхээсээ өмнө эрх мэдэл, ямба тухыг мань Очир гишүүн эрхэмлэсэн нь эндээс харагдана. Монголд авто зам байна уу, үгүй юу түүнд падлий алга. Хамгийн гол нь түүний хувийн ашиг сонирхол бүхнээс үнэтэй болсон ажээ.
Ер нь аливаа улс төрийн намууд хэн мөнгөтэй болоод хэр зэрэг олны танил болсон бэ гэдэг өнцгөөс л нэр дэвшигчдээ хардаг нь нууц биш. МАН Гандангийн хамба Чойжамцыг ятгасаар байгаад сонгуульд өрсөлдүүлчихвэл цаадах нь нэг суудал чирж л таарах байх. Угаасаа ч тийм замаар сонгогдсон гишүүд байж л байна. Дархан аварга Б. Бат-Эрдэнэ, сансрын нисгэгч Ж. Гүррагчаа, хөдөлмөрийн баатар хоньчин Н. Намхайнямбуу нарыг ашиглаад л суудал авчихсан юм даг. АН ч ялгаа алга. Сумоч Кёкүшюзаныг шахаж шалгаасаар парламентад чирээд авчирчихсан. Гэтэл өнөөх нь улс төр гэгчийг ойлгохтой манатай, бизнес, сумо, дуу хөгжим, дуучин эхнэртээ л анхаарал тавихаас хэтэрсэнгүй.
МАН-ын дарга С. Батболд бусад намын лидерүүдийг Төрийн ордонд урьж уулзах үедээ сонгуулийн тогтолцооны хувилбар дээр маргажээ. Э. Бат-Үүл гишүүн “Сонгуулиа ямар тогтолцоогоор явуулах нь чухал. Одооны зарчмаараа бол Өвөрхангайд би дэвшлээ гэхэд Лүндээжанцан л гарна. Жагаа бид хоёрт ямар ч шанс байхгүй” гэж хэлэхэд Буян Жагаа “Тийм биш, би бол шууд л ялна” гэж омогшсон. Бардам амтын гуя шалдан гэдэг дээ. Тэгэхээр тойрог булаалдахаас эхлээд бөөн дажин дэгдэнэ гэсэн үг. Иймд намынхаа дансанд хэн урьтаж хандив, дэнчингээ тушаана түүнд өөрийн сонгосон тойргоо авах боломж гарна. Үүний төлөө том жижиг улс төрчид, бизнесменүүдийн үр хүүхэд хүртэл маш мэрийлттэй гүйлдэж байгаагаас харах юм бол хуучин архагуудаас тэгтлээ хулчийх янзгүй ана мана үзэлцэхэд бэлхэн байгааг нь харуулна. Гагц авласан ангийн олз нь юу болохыг сонгуулийн маргааш мэдэж болно. Саяхан далан настайгаа золгосон УИХ-ын дарга Д. Дэмбэрэл болон жар хүрсэн С. Ламбаа,Р. Раш нэр дэнчингийн мөнгөө тушаагаагүй нь тэд ирэх оны сонгуульд өрсөлдөх бодолгүйг илтгэх мэт.
Гэхдээ бүсгүй хүн бүхэн өөрийгөө царайлаг гэж санадаг гэдэг шиг С. Ламбаа, Р. Раш хоёр нэр дэвшинэ гээд гүйж явж ч мэднэ. Хачихалтай нь иргэн хүн аль нэг намд нэг саяас дээш, компани 10 саяас илүү төгрөг хандивлаж болохгүй гэсэн “хууль”-тай. Тэгэхдээ зөвхөн “данс”-аар шилжүүлнэ. Гэтэл эрхмүүд данс яадгийм гэж залхууран бэлэн мөнгөө шууд тушаачихдаг. Үүний цаана татвар, хураамж гэдэг зүйлс мартагддаг. Мөнгийг намд өгөвч хэн нэгэн этгээд замаас нь саах юм бол хэн ч мэдэхгүй гэсэн үг. Гэхдээ УИХ-ын гишүүн болох гэж нойр хоолоо мартагсад нам ба даргадаа нэр хүнд олж л байвал хамгийн гол нь хэмээн мөнгөө бариад харайцгааж байгаа билээ.
URL:













