Цахим карт эмнэлгийн үйлчилгээг иргэдэд ойртуулж чадах болов уу?
Ухаалаг иргэний үнэмлэх гэж ярьж эхлэхтэй зэрэгцэн бас нэг нүсэр ажил өрнөх нь . Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн төлбөрийн үйлчилгээний карт гэгчийг бий болгож 1.7 сая хүнийг картжуулах гэнэ. Одоохондоо яриа хэлэлцээ төдий байгаа ч хэрэгжүүлэх нь тодорхой аж. Энэ ажилд их хэмжээний хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэрэгтэй. Тэгж их хөрөнгө хүч хаясны эцэст хэрэг болж байвал бас яах вэ.
Нэгдүгээр амаржих газар, эрүү нүүрний эмгэг судлалын төв гээд тэр карт гэгчийг нь туршиж байгаа эмнэлүүд байж л байна. Төв шуудангийн ард байрладаг Эрүү нүүрний эмгэг судлалын төв үйлчлүүлэгчиддээ карт олгож эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Та карттай болчихвол өглөө дугаар авах гэж оочирлохгүй , өдөржин эмнэлгийн үүд сахиж цаг алдахгүй утсаар, интернетээр захиалгаа өгөөд дуртай цагтаа эмчлүүлж болно гэсэн сайхан мэдээ сонсгосон учир бушуухан тэр карт гэгчийг нь захиалчихлаа. Хэсэг хугацааны дараа тус төвийн утсанд холбогдон “Өнөөдөр хүүхдийнхээ шүдийг эмчлүүлэх цаг авах гэсэн юм. Хэдэн цагаас үзүүлэх боломжтой вэ?” гэтэл “5 дугаар сарын 10-наас хойш л цаг байна”гэлээ. Энэ нь бүхэл бүтэн 20 гаран хоногийн дараа үзүүлнэ гэсэн үг байлаа. “Хүүхдийн маань шүд өвдөөд байгаа учир яаралтай үзүүлэх хэрэгтэй байна” гэвэл “маргааш өглөө найман цагаас хойш номер тараана. Та эртхэн ирж оочирлож байгаад номер аваад хүүхдээ үзүүлчих” гэсэн хариу өгсөн юм. Ажилтай болохоор тэгж өглөө очиж дугаарлах боломж байхгүй. Ингээд л нөгөө карт гэгч хэрэгтэй эд маань ямар ч ашиггүй зүгээр нэг цаас болоод хувирчихлаа. Манайхан карт гэгчийг нэг иймэрхүү маягаар ашиглаж байна.
Ийм маягийн карт тарааж улсын хөрөнгийг талаар нэг тараачихгүй гэх баталгаа байна уу, С. Ламбаа сайд аа. Эрүүл мэндийн төлбөрийн үйлчилгээний карт гэсэн болохоор дээрх эмнэлгийн ашиглаж байгаа картнаас арай өөр байх л даа. Ядаж л хөдөөнийхөн 13 дугаар маягт гэгчид хүлэгдэхээ болих сурагтай. Сумын иргэн Улаанбаатарт ирж эмчид үзүүлэхийн тулд заавал аймгийн төв орох шаардлагагүй болж эрүүл мэндийн төлбөрийн үйлчилгээний картаа үзүүлээд л болох гэнэ. Уг нь цахим картыг зөв, бүрэн дүүрэн ашиглаж чадвал хэрэгтэй л эд дээ.
URL:













