Хорт тамхины талаар таны мэдэхгүй 11 баримт

Хүн төрөлхтний түүх, хэрэглээ, уламжлалт зүйлсийн тухай амархан тайлбарлаж болохгүй маш олон зүйлс бий. Үүний нэг нь хэдийгээр эрүүл мэндэд хортой гэдгийг нь хэрэглэж буй хүн бүр мэдэж, ухамсарладаг ч жил бүр хэдэн сая хэрэглэгчээр хүрээгээ тэлсээр буй утаат тамхи билээ. Дэлхий дээр жил бүр тамхи, тамхин бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэгцээ өссөөр байдаг. Энд өгүүлэх баримтуудын аль нэгний талаар та урьд нь сонсоогүй байж болох юм.

1.Хязгааргүй тамхичид

Манай дэлхий дээр амьдарч буй хүмүүсийн гурван эрэгтэй тутмын нэг нь тамхи татдаг. Хэдийгээр тамхи татдаг олон сая хөвгүүд байдаг ч тэд статистик, мэдээлэлд хараахан багтаагүй буюу сүүдрийн тамхичид юм. Хэрэв тэдний тоог насанд хүрсэн тамхичидтай нийлүүлбэл тахалд нэрвэгдсэн гэмээр баримт гарч ирнэ.

2.Яагаад хэрэглэх болов?

Хүн төрөлхтөн утаат тамхийг салшгүй хэрэгцээ болгож эхэлсэн явдал Америкийн уугуул индианчууд, тэдний уламжлалт шашин шүтлэг, бөөгийн гэмээр зан үйлтэй холбоотой. Индианчууд өвөг дээдсийнхээ сүнсийг дуудахдаа муу ёрын сүнсэнд жолоодуулахгүйн тулд тамхи татаж, утаагаар нь хөөдөг байжээ. Анхандаа тамхины хэрэглээ зөвхөн шашны арга хэрэгсэлд байсан бол одоо дэлхийн бараа, таваарын үйлдвэрлэлийн салшгүй нэг хэсэг болов. Зарим түүхчид тамхийг Хятадаас гаралтай ч гэдэг.

3.Нэмэлт бүтээгдэхүүн

Хүн бүр тамхины хор хөнөөлийг мэддэг тухай дээр өгүүлсэн бол энгийн нэг ширхэг янжуурт үйлдвэрлэгчид янз бүрийн нэмэгдэл хольдог. Тухайлбал, хэдэн зуун амт сайжруулагч хийхийн дээр үйлдвэрлэгч бүр бүтээгдэхүүнээ бусдаас илүү донтуулагч ихтэй байлгаж, олон сая хэрэглэгчтэй болохын тулд элсэн чихэр, какаоны бүх төрлийн хольцийг янжууртаа агуулдаг. Үнэтэй, нэр нөлөөтэй тамхи бүр илүү их хортой гэсэн үг.

4.Анхны хориг…

Хятадад 15-р зуунд Мин улсын сүүлчийн хаан Чунжэнь утаат тамхины эсрэг хууль баталж байв. Тэрээр тамхины хэрэглээнд живж байсан улсаа аврахын тулд “Тамхи татсан хүн бүр Мин улсын урвагч” гэж цоллон, тамхинд хэт их донтогсдыг шийтгэж байжээ. Харамсалтай нь Мин улс ч тэр Манж Чин улс ч тэр аль аль нь утаат тамхи ба хар тамхины дайнд ялагдаж сүйрсэн.

5.Янжуур бүр нь үнэд хүрсэн

Дэлхий дээр тамхины цаас хамгийн үнэтэй борлуулагддаг газар бол АНУ-ын шоронгууд. Ам.доллараас ч үнэтэй ширхэг цаас бүрийг шоронгийн мафийн сүлжээний наймаачид үнэт цаас болгон ашигладаг байна.

6.Хэдэн тэрбум тамхи..

Жил бүр дор хаяж 6 тэрбум тамхи үйлдвэрлэгдэж байна. АНУ-ын эрх баригчдын мэдээлснээр утаат тамхинаас авах татвар улс орнуудын төсвийн орлогын салшгүй нэг хэсэг болсон тул энэ үйлдвэрлэл улан бүр нэмэгдэх хандлагатай байдаг аж.

7.Дам тамхидалт..

Шинжлэх ухааны судалгаагаар дам тамхидалт нь тамхичдын эрүүл мэндэд учруулдаг хохиролтой дүйцэхүйц аюултай хэмжээнд хүрчээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайланд АНУ-д дам тамхидалтаас болж жил бүр 3000 хүн нас бардаг гэнэ.

8.Хорт хавдрын уурхай …

Тамхинд олон зуун мянган хорт бодис агуулах элемэнт багтдагийг судлаачид өгүүлсээр байна. Үүний дор хаяж 50 нь шууд хорт хавдар үүсгэх бодис байдаг гэнэ.

9.Хэзээ ч хаяж болно

Тамхитай холбоотой цорын ганц эерэг мэдээлэл бол уг хорыг хэрэглэхээ болимогц л хүний биед эрүүлжих үйл явц явагддаг ажээ. Хэрэв та тамхийг бүр мөсөн хаявал ердөө 20 минутын дотор цусны даралт хэвийн байдалд орж, нэг жилийн дараа гэхэд зүрхний шигдээсээр өөд болох магадлал 50 хүртэл хувиар буурдаг гэнэ.

10.Зөөлөн тамхи хор багатай гэдэг нь ташаа мэдээлэл

Маш олон сая хүн тамхины хорт нөлөөг мэддэг атлаа гарахын оронд “Зөөлөн шүүлтүүр”-тэй тамхи татаж өөрийгөө хуурдаг. Судлаачид бага никотин агуулсан гэж сурвалчилдаг тамхи нь тухайн хүнийг улам бүр донтуулах, давтамжийг ойртуулах, биед үзүүлэх сөрөг нөлөөг нэмдэг болохыг тогтоожээ. Никотин бага хэмжээгээр агуулсан янжуур донтуулах үйлчилгээгээ хоёр дахин өсгөдөгийг мэдээд авахад гэмгүй.

11. Тэд тамхичдыг ажилд аваагүй

АНУ-ын домогт тэрбумтан, үйлдвэрлэгч Генри Форд болон Томас Эдисон нарт нэгэн адил зарчим байжээ. Тэд алдартай компаниудаа босгох, шинэ нээлт хийх явцдаа хүний нөөцийн бодлогодоо нэгэн сонирхолтой шалгуур тавьж байсан нь компанидаа тамхи татдаг хүн огт ажиллуулдаггүй байв. Уг нь Форд, Эдисон нар аль аль нь тамхичин байсан ч гүйцэтгэх шатны ажилчид тамхи татдаг зуршилтай бол ажлын бүтээмж маш их сулрах болно гэж бат итгэцгээж байжээ. Тэр ч бүү хэл Генри Форд өөрөө тамхинаас гарахаар тэмцэж байхдаа утаат тамхийг “Бяцхан цагаан алуурчин” хэмээн хочлож байсан нь одоо хүртэл тамхины өөр нэгэн нэршил болж ирсэн түүхтэй гэнэ.

Т.Бат

time.mn


URL:

Сэтгэгдэл бичих