Байгаадаа сэтгэл хангалуун байхгүйдээ шунадаггүй ТҮК-ийнхэн

Нимгэн шар хантаазыг зузаан хүрмэн дээрээ углаад, гартаа шүүр барьсан ТҮК-ийнхэн замын тоос, шороог шүүрдэнэ.

Саяхан орсон цасыг цэвэрлэхийн тулд зарим нь хүрз барьжээ. Бид л анзаардаггүй болохоос өдөр болгон л тэдний ажил ийнхүү эхэлдэг. Харин сүүлийн өдрүүдэд орсон цас тэдний хүнд хүчир ажлыг улам нэмжээ. Цас орсон өдөр шөнөдөө -20, өдөртөө -10 хэмийг зааж хүйтэрсэнд иргэд багагүй цочирдсон бол тэд тоосон шинжгүй хөлсөө дуслуулан ажилласаар л…

Өнөө үед хог цэвэрлэхээсээ хаях нь олон. Хаясан хогийг нь том, жижиг гэлтгүй хот тохижолт үйлчилгээний ажилтнууд цэвэрлэдэг. Угтаа тэдний хөдөлмөрийг хэн ч мэддэггүй, хэн ч үнэлдэггүй. Нийслэлийн шинэхэн өглөөг ТҮК-ийнхний ажлын багаж болох шүүрийн чимээ, хүрзний дуу, цасны шарчигнах чимээ угтдаг. Энэ хүмүүсийн ажил, амьдралыг бага ч болов сурвалжлахаар С.Лхагвасүрэн гуайтай уулзсан юм.

Чингэлтэй дүүргийн Тохижолт үйлчилгээний компанид тэрбээр гэр бүлийнхээ хүний хамт ажилладаг бөгөөд гурван хүүхэдтэй хэмээн өөрийгөө танилцуулсан. Тэр хоёрын шинэ өдрийн ажил 06:00 цагт “Бөмбөгөр” худалдааны төвийн урдах замын цас цэвэрлэхээс эхэлдэг аж. Өмнөх өдөр нь цас их орсон болохоор энэ өдөр хүйтэн байлаа. Гар бээрч, хөл доороос жиндэн, хүйтэн салхи нуруу нэвт үлээж байхыг тэд ажрах ч үгүй ажилдаа орно.

“Хөдлөхөөр бие халаад даарахаа ч мэддэггүй юм. Энэ зэргийн хүйтэнг ажрахгүй шүү. Харин идэр есийн хүйтэнд үүрийн таван цагт ажилдаа гарахад ч бэрх дээ. Бид халуун, хүйтэнд ажилласаар байгаад сурчихсан хүмүүс. Өвлийн хүйтэнд ханиад хүрэх юу ч биш” гэж байлаа. Тэдний хувьд өмнөх орсон цасаа арилгаж дуусаагүй байхад дахин цас орох хамгийн хэцүү.

Учир нь цас орсон өдөр шөнөжин ажилладаг гэнэ. Өдөржин шөнөжин нуруугаа тэнийлгэх завгүй ажилладаг тэд 200 мянган төгрөгийн цалин авдаг. Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулбал цалин, ажлын багаж хэрэгсэл, нийгмийн хангамж арай дээр болсон гэнэ. “Хоёулаа ажил хийдэг болохоор амьдрал болоод л байна” гэв. Зогсоо зайгүй хөдлөх хөдөлгөөндөө даарахгүй л байгаа болохоос биш хувцасны илч гэж ер алга. Хангамж хэр вэ гэж асуухад “Сайн болсон. Одоо удахгүй эсгий гутал тавьж өгнө. Ажлын багаж хэрэгсэл ч хангалттай өгдөг” хэмээсэн юм.

Харин сэтгүүлч миний нүдээр тэд байгаадаа сэтгэл хангалуун, байхгүйдээ шунадаггүй тийм л хүмүүс бололтой. Өмссөн нимгэн бээлийний хурууных нь үзүүр цоорчээ. Гутал нь доороосоо жиндэн хөлөө товшиж харагдсан. Уг нь нимгэн шар хантаазыг нь ядаж л зузаалаад, ажлын бээлий олгочихвол хүйтэн төмрөнд гараа хайруулж, ар нуруунаасаа хүйт дааж жиндэхгүйсэн болов уу. Ажлын багаж хэрэгсэл нь шүүр, хүрз, лоом, хогны тэрэг төдийхөн.

Эдгээр багажгүй бол ч тэд гар мухар болох нь тэр. Би хувьдаа тухайн хүний хөдөлмөрлөж олдог цалингаар тэдний хэрэглээ хэмжигддэг гэж ойлгодог. Энэ гэр бүлийн хувьд ч энэ зарчим үйлчилдэг аж. Авч буй цалинд нь өмсөх хувцас, хоногийн хоол нь хэмжигдэнэ. Биднийг ийн зогсох зуур хажуугаар машин шүргэх шахан өнгөрч, цонхоо онгойлгон шүлс, татсан тамхиныхаа ишийг хээв нэг хаях нь энгийн үзэгдэл мэт. Цэвэрлэсэн талбайгаа эргээд харахын хооронд дахиад хог хаячихсан байх нь ч элбэг.

“Дандаа л ийм байдаг юм” хэмээн хувь заяатайгаа эвлэрсэн мэт хэлэх нь гунигтай. Манайхан хүний хөдөлмөрийг үнэлж сураагүй хүмүүс хойно. Зарим нь бүр тэднийг хүн ч гэж тоож хардаггүй гэсэн шүү. Магадгүй хэн нэгний хувьд огт хэрэггүй, анзаарахыг хүсдэггүй энэ ажил хэзээ нэг өдөр хамгийн үр бүтээлтэй, эрхэм ажил гэдгийг ойлгож үнэлэх цаг ирэх биз ээ.

Ингээд “Бөмбөгөр” худалдааны төвөөс дараагийн оногдсон талбайгаа цэвэрлэхээр тэд Тусгаар тогтнолын талбай руу хөдөллөө. Ажлын багаж нь гарт нь орсон тэдэнд тэр хэсэг газрыг цэвэрлэхэд тийм ч их цаг орсонгүй. С.Лхагвасүрэн гуай “Улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж байна гэж бодохоор бахархмаар байдаг. Гэхдээ бидэнтэй хүмүүс хог цэвэрлэгч гэсэн үүднээс харьцахаас илүүтэй хийсэн ажлыг минь үл анзааран, хог тарьдаг иргэдийг бодохоор шантармаар” хэмээн өгүүлснээр бидний яриа өндөрлөсөн юм.

Хэн нэгний ажил дуусч гэрийн зүг яарах мөчид, хэн нэгэн халуун хөнжилдөө нойроо аван унтахад ч ТҮК-ийнхний ажил үргэлжилсээр байдаг. Маргааш нь дахиад л тэд ажилдаа гарна. Цас битгий ороосой нэг шөнө ч гэсэн бүтэн нойртой хоног гэж бодсоор ажлын зүг яаран алхлаа.

С.Дулам


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих