Гандантэгчинлэн хийдийнхэн будилсан уу
Монголбанкны Эрдэнэсийн сангаас их хэмжээний түүх соёлын үнэт зүйлс алдагдсан хэргийг Улсын мөрдөн байцаах газрынхан шалгаж эхэлжээ. Учир нь Эрдэнэсийн санд хадгалуулсан үнэт зүйлсийг Гандантэгченлин хийдэд шилжүүлэх явцад тоо ширхэг нь зөрсөн байна. Энэ хэргийг саяхан Нийслэлийн прокурорын газраас харьяалалын дагуу Чингэлтэй дүүргийн прокурорын газар шилжүүлээд байгаа аж. Энэ талаар Монгол банкны Эрдэнэсийн сангийн захирал Н.Даваасүрэнгээс тодруулахад, “Энэ хэрэгтэй холбогдуулан өнгөрсөн онд Монголбанкны ажилтнуудаас УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөн байцаагчид тайлбар, мэдүүлэг авсан. 1980-аад оны дундуур Гандантэгчэнлин хийд болон бусад сүмээс үнэт зүйлээ хадгалуулж байсан. Тэднийг бүгдийг нь холбогдох баримттай нь цувруулж өгсөн. Одоо Гандантэгченлин хийдийн нэг ч зүйл Эрдэнэсийн санд байхгүй. Гандангийн лам нар биднээс эд зүйл асууж ирсэн. Өнгөрсөн онд Гандантэгченлин хийдийн дэд хамба Н.Нанзаддорж хүртэл ирэхээр нь баримтыг нь үзүүлээд буцаасан” гэлээ.
Харин энэ талаар Гандантэгченлин хийдийн эх сурвалж “Анх Эрдэнэсийн санд хадгалуулах ажлыг хийсэн, буцааж авсан хүмүүсээс манай хийдэд одоо ажиллаж байгаа нь цөөхөн. Манай Санхүүгийн албаны хүнээс энэ хэрэгтэй холбоотойгоор тайлбар авсан. Үүнээс өөр мэдээлэл алга” гэв. Энэ талаар цагдаа, прокурорын байгууллагаас тодруулахад мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариулт өглөө.
URL:





