2012 оны онцлох технологи
Time сэтгүүлээс 2012 оны техникийн шилдэг 26 нээлтийг онцголжээ. Тэдгээрийн эхний тавыг уншигчдадаа сонирхуулъя.
Хиймэл үүл
Энэхүү зургийг фотошоп хэмээн андуурч болох юм. Гэвч энэ нь бодит аж. Голландын эрдэмтэн Бернднаут Смайлде гэх эр ердийн тасалгааны голд жижиг үүлийг хиймлээр бий болгожээ. Энэхүү хиймэл үүлийг гаргахад нарийн төлөвлөгөө, зохион байгуулалттай ажиллах хэрэгтэй болсон гэнэ. Нэн түрүүнд өрөөний температурыг зохих шаардлагатай хэмжээнд байлгах ёстой аж. Түүний дээр чийг, тог цахилгаан байхад л үүлийг бүтээхэд хангалттай нөхцөл бүрддэг байна. Ийн үүл гаргахад нөлөөлөх бүх зүйлсээ бэлтгэсэн Смайлде манангийн тусгай машинаа ажиллуулан үүл гаргадаг аж. Хиймэл үүл үүсгэх энэ үйл ажиллагаа нь түр зуур болох авч үүл нүүхийг ойроос харахад үнэхээр сэтгэл хөдлөм сонирхолтой байдаг гэнэ. Түүний энэхүү нээлтийг харсан хүмүүс “Хиймэл үүлийг харахад алдарт зураач Магритийн сюрруализмын гайхамшигт сонгодог бүтээлүүдэд дүрслэгддэг байгалийн үзэсгэлэн өөрийн эрхгүй санагддаг” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан байна.
ЛэйкүГлэйде
Массачусесийн Техникийн Их Сургуулийн профессор Крэйпа Варанаси өөрийн таван авьяаслаг оюутны хамт энгийн мөртлөө нэлээд сонин зүйлийг нээжээ. Энэхүү нээлтийн өвөрмөц онцлог нь аливаад наалдаж тогтсон ямар ч зүйлийг салган авах чадалтай аж. Жишээлбэл лонхонд наалдсан улаан лоолийн сүмсийг тунгалаг болтол цэвэрлэж, нисэх онгоцны далавчинд наалдан хөлдсөн мөсийг ор мөргүй болгодог байна. ЛэйкүГлэйде-гийн найрлагад бүх л материалын гадаргад ордог өчүүхэн бичил гулгамтгай химийн бодис, шил, керамик, метал эсвэл пластик ордог байна.
“ОраКүйк”–ийг ашиглан гэртээ ХДХВ сорилыг хийнэ
Хүний дархлал хомсдлын вирус (ХДХВ)-ийн сорил хийлгэхэд эмчтэй цаг тохирох, хүлээх, лабораториос хариу хүлээн шаналахаас эхлээд олон бэрхшээл гардаг. Харин одоо зөвхөн ОраКүйк-д шүлсээ арчихад л болдог болжээ. “ОраКүйк” нь хорин минутын хугацаанд таны сорилийн хариуг гаргах бөгөөд ХДХВ-ын халдвар авсан эсэхийг сигнал өгч мэдэгдэх юм байна. Түүгээр ч зогсохгүй шинжилгээ эсрэг гарсан тохиолдолд яаж эмчилгээ хийлгэх тухай танилцуулгыг хүртэл оруулсан байна.
Хөдөлгөөн мэдрэх боолтын түлхүүр буюу отвертка
Ухаалаг гар утаснууд болон Nintendo Wii компьютер тоглоомуудын гарт байдаг мэдрэгчийг Black & Decker брэндийн утасгүй 4v MAX Gyro отверткад шилжүүлэн суулгажээ. Ийнхүү дэлхий хамгийн анхны хөдөлгөөнийг мэдэрч ажилладаг бидний нэрлэдгээр отвертка буюу боолтын түлхүүр гарсан байна. Уг боолтын түлхүүрийг баруун тийш болговол цагийн зүүний дагуу чангалах бөгөөд харин зүүн тийш налуулах юм бол эсрэгээр эргэж боолтыг сулладаг аж. Энэхүү ухаалаг багаж нь боолтын чанга сулыг маш нарийн мэдэрч тогтоохын зэрэгцээ эргэлт нь хурдан, удаан болж чаддаг аж.
Техникийн дэвшлийн иж бүрэн цуглуулга
Марцин Жакибовски хэмээх фермер эр тракторийг зургаан өдрийн дотор хийдэг байна. Энэ ажлыг хэрхэн яаж хийдгээ хүмүүст тайлбарлахдаа тэрээр ер төвөгшөөдөггүй гэнэ. Бүр өөрийнхөө хийсэн загвараа хэрхэн бүтээснээ дэс дараалан харуулж тайлбарладаг аж. Хэрэв хүсвэл трактор хийх энэхүү нарийн ажиллагааны видеог интернетээс үнэгүй үзэх боломжтой юм байна. Фермер Марцин Жакибовски орчин үеийн айл гэрийн амьдралд хамгийн чухал шаардлагатай 50 төрлийн машин, техникийн жагсаалтыг гаргасан байна. Үүнд хөрс хуулагч булдёзороос эхлэн гал тогооны цахилгаан болон газийн зуух хүртэл оржээ. Тэрээр эдгээр төхөөрөмжүүдийг хямд үнээр хэрхэн хийж болохыг нарийвчлан заасан загваруудыг гаргасан бөгөөд хаана ч, хэн ч хийж болно хэмээн баталдаг байна. Марцин хэлэхдээ “Бидэнд эдгээр машинуудыг өөрсдөө хийж чадах асар их боломж байгаа шүү дээ” гэжээ.
Д.АЗЗАЯА Ж.БАЯР
URL:




