Увсад мөнгө тараасан хэргийг шүүхэд шилжүүллээ

МАН-аас УИХ-ын 15 дугаар тойрог, Увс аймагт нэр дэвшигч Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох,  УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны референт, Увс аймгийн Оюутны холбооны тэргүүн Ш.Чинбат нарын сонгогчдод мөнгө тараасан, оюутнуудыг авч зугтсан гэх хэргийг Тагнуулын ерөнхий газар шалгаж дуусаад нийслэлийн Прокурорын газарт шилжүүлээд байсан. Харин өнгөрсөн долоо хоногт хэргийг прокурорын байгууллага хянан үзээд БГД-ийн Шүүхэд шилжүүлжээ.  Аливаа хэргийг шүүхэд шилжүүлснээс 30 хоногийн дотор шүүх хурлын тов гарах ёстой. Гэхдээ хараахан шүүх хурлын товыг тогтоогүй байна. Гэхдээ тэдэнд төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан гэх ял төлөвлөөд байгаа юм. Тиймээс тэднийг сонгуулийг  зохион байгуулалттайгаар будилаантуулсан гэж шүүх үзвэл  6-20 жил хүртэлх хугацаагаар хорих ялтай аж.

Түүнчлэн БГД-ийн Шүүхэд Увс аймгийн сонгуультай холбоотой бас нэгэн хэрэг шилжсэн талаар бид мэдээлж байсан нь Увс аймгийн МАН-ын дэд дарга н.Жамсран нарын гурван хүнтэй холбоотой хэрэг юм. Тэднийг дээрхийн нэгэн адил Тариалан суманд төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархан, сонгогчдын саналыг худалдаж авах зорилгоор мөнгө тараасан хэрэгт холбогдуулан шалгаж дуусаад шилжүүлсэн юм. Дээр нь УИХ-ын сонгуулийн хуулийг удаа дараа зөрчсөн нэр дэвшигчдийг үйлдэлийг хаацайлж, хууль бус шийдвэр гаргасан гэж Увс аймгийн УИХ-ын сонгуулийн тойргийн хороог Увс аймгийн Захиргааны хэргийн шүүхэд Ардчилсан нам өгөөд буй юм. Шүүх хурал энэ сарын 8-нд болох байсан ч УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатарын өмгөөлөгч ирээгүй учраас энэ сарын 22-ныг хүртэл хойшлуулаад байгаа юм.

Д.ЖАРГАЛСҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих