Төрийн алба, ажил хэн нэгний дурын тоглоом уу
Сүүлийн үед хэрвээ ажиллах сонирхолгүй бол ажлаа өгье гээд л өргөдлөө гаргагсад төрийн албаныхан дунд нилээд ажиглагдах боллоо. Он гарсаар Төрийн албаны дарга Зүмбэрлхам ажлаасаа сайн дураараа гарахаар өргөдлөө өгсөн. Түүний араас нилээд хэдэн томоохон албан тушаал эрхлэж байсан хүмүүс ажлаа өгөх хүсэлтээ гаргаад эхэллээ. Тэгвэл хотын мээрийн баруун гар байсан Засаг даргын орлогч Ц.Баатархүү сайн дураараа ажлаасаа халагдах өргөдөл өгснийг олон нийт янз бүрээр таамаглан ярьж байна. Бүүр зарим нь албан тушаалаа голж солин өөр албан тушаал дээр очих гэж яарч байгаа бололтой.
Үүний нэг жишээ бол УИХ-ын гишүүн асан Д.Алтангэрэл Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон. Гэтэл мань эр энэ албаа орхиж, Дорнод аймгийн Засаг даргын тамга, тэмдэг булаалдаж явна. Мөн төр барьж буй намуудаас сонгогдсон дарга нар хагас жил ч бололгүй ажлаа өгч байгаа явдал борооны дараахь мөөг шиг олшрох хандлагатай болов.
Албан тушаалын бялуу хүртэхээр тэмүүлж байсан эдгээр хүмүүсийг чухам юу хатгаж, ийнхүү сайн дураараа ажлаа өгөхөд хүргэв гэдгийг олон хүн асуух болжээ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд М.Энхсайханыг Монголын Төмөр зам төрийн өмчит компанийн захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлж, Төрийн өмчийн хорооны дарга Нанзаддоржийг ч мөн гэнэтхэн шийдвэр гарган албан тушаалаас нь огцруулсан билээ. Хэн нэгэн улс төрчийн хийсэн ажил гэх хар нийгэм дунд яваа бөгөөд өнөөдөр ажлаа өгсөн М.Энхсайхан тайлбар хийн сэтгүүлчидтэй уулзана.
Улсын ажил хэн нэгэн даргыг сольсноор гацах ёсгүй тул төдөлгүй Ц.Баатархүүгийн оронд шинэ дарга томилогдов. Харин дээрх суларсан хоёр сэнтийд нэр дэвшихийг санаархагчид дээгүүр, доогуур гүйж эхэлжээ. Монголын Төмөр зам компанийн захирал нь ҮХАА-н сайд Х.Баттулга, Зам тээврийн сайд А.Гансүх нарын үгээр явах дуулгавартай нэгэн байх шалгуурыг ч тогтоосон гэнэ. Тэгээд ч төрийн албыг тоглоомын талбар болгох явдал АН –ыг засгийн эрх барих үед ихээр гарах болсон юм байна гэж иргэд ярих боллоо.
1996-2000 онд төр барьж байхдаа 4-н ч засгийн газрын нүүрийг харсан АН-ыхан энэ удаа дээд шатнаасаа эхлэлгүй бүүр доороос тухайлбал “хурган дарга” нараас эхлэв бололтой. Нэгэн жишээ дурдахад АН ялсан нэгэн аймгийн засаг “ноён” сум, баг, хороодын засаг дарга нартай зөвшилдөлгүй хэсгийн ахлагч 100 гаруй хүнийг НАМ-аар ялгаварлан халж сольсон байна.
Одоо ч Женко Баттулгыг ерөнхий сайдын сэнтийд санаархаж Н.Алтанхуягыг “МоАХ” фракцаараа дамжуулан “дарамталж” байна гэсэн бор шувуу аль хэдүйнээ нисээд эхэллээ.
Хагас жил бололгүй солигддог даргатай, жил бололгүй огцордог Засгийн газартай байх он жилүүд эргээд ирэв үү. Тэгээд дандаа “үүрэг гүйцэтгэгч” нэрээр алба ажил явагдах хэрэг үү.
Д.БАТСҮХ
URL:













