Замын-Үүд дэхь гаалийн байцаагчид газар дээрээ “гардуулжээ”
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь гаалийн газарт өчигдрөөс эхлэн АТГ-ын мөрдөн байцаагчид гэнэтийн шалгалт хийж байгаа талаар өглөө мэдээлсэн. Тодруулбал, тус газрын байцаагчдыг гэнэт шалгаж, авлига хээл хахуул авсан эсэхийг нэгжиж эд мөрийн баримт болгон мөнгө төгрөг хураан авчээ. Мөрдөн байцаагчид албан үүрэг гүйцэтгэх явцдаа бусдаас хээл хахууль авч байсныг үйлдэл дээр нь баривчлан саатуулсан байна.
Ингээд шалгалтын үеэр Гааль, Татварын ерөнхий газрын нэр бүхий гаалийн улсын болон ахлах байцаагч нар албан үүрэг гүйцэтгэх явцдаа бусдаас хээл хахууль авч байсныг үйлдэл дээр нь баривчлан саатуулжээ. Дээрх нэр бүхий албан тушаалтнуудад Эрүүгийн хуулийн 268, 269 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, холбогдох байцаан шийтгэх ажиллагааг явуулж байгаа юм байна.
Дашрамд сонирхуулахад, Замын-Үүдийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар эрх мэдлээ ашиглан хээл хахууль авсан хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн байгаа. Хэрэгт Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь прокурорын газраас хяналт тавьж байгаа ба Ч.Насанбат, М.Дөлгөөн, Л.Галбадрах, Ц.Батдорж, Б.Түмэнбаяр, Г.Эрдэнэбаатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, 269 дугаар зүйлийн 269.1, 270 дугаар зүйлийн 270.1, 272 дугаар зүйлийн 272.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын шүүхэд удахгүй хэлэлцэнэ.
О.Сайхан
zaluu.com
URL:













