Дургүйгээ хүрвэл Д.Тэрбишдагва гишүүнийг “хага шид”

Д.Тэрбишдагва гишүүний сонгогдсон тойргийн иргэдийн дунд дээрх яриа гарах болжээ. Учир нь гишүүн оны өмнө амжиж ирэх сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж, иргэдтэй уулзсан байна. Тэр үедээ тэрбээр өөрийнхөө зураг бүхий аягыг ирсэн хүн бүрт гарын бэлэг болгон өгчээ.

Мэдээж цэнхэр дэлгэцээр л үзэгддэг, өмнө нь ингэж бодитоор харагддагүй төрийн түшээ ирсэнд иргэд ч талархсан юм байх. Гэхдээ өмнөх амлалтыг нь нэхэж, сонгосон гишүүнийхээ нүүрийг чамгүй улайлгасан байна.

Нэгэнт уур амьсгал ширүүссэн болохоор өөрийнхөө зурагтай аягыг хагалчих байх гэж бодсон уу, яасан “Надад дургүй хүмүүс нь миний зургийн эсрэг талаас нь цайгаа ууж байгаарай” хэмээн маазрах ч биш, наргих ч бус юм хэлээд өнгөрчээ. Түүнээс хойш сонгогчид нь аягандаа халуун, хүйтэн юм хийснээсээ шалтгаалж, “Д.Тэрбишдагвыг шалзаллаа, хөлдөөлөө” гэж ярьдаг болсон гэнэ. Тэр ч байтугай дургүй нь хүрэхээрээ “Тэрбишдагвыг хага шид” гэдэг болжээ.

Ж.Нарангэрэл

logo-ugluuniisonin


URL:

Сэтгэгдэл бичих